97-р сургууль: Нэгдүгээр ангийнхан гурван ээлжээр хичээллэнэ
Анги дүүргэлтийн тоо 42-оос дээш байна
Хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр тохиож байна. Зуны гурван сарын турш нам гүм байсан сургуулиуд өнөөдөр сурагчдаа хүлээн авч, анги танхимууд нь өнгө төрхөө зассан байдалтай тэднийг утган, өглөөг эхлүүллээ.
Ерөнхий боловсролын дунд сургуульд энэ хичээлийн шинэ жил нийт 218.100 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилээс 11.464-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин нэгдүгээр ангид 64.364 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлсэн талаар салбар яамнаас мэдээлээд буй.
Нэгдүгээр ангийн сурагчдын тоон үзүүлэлт өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдэж, тэр тоолон сургуулиудын анги дүүргэлт хүндэрч буй талаар албаныхан онцолсоор байгаа ч тодорхой үр дүнтэй ажлууд өнөө хэр хийгдээгүй байгаа нь Нийслэлийн сургуулиудаас харагдана.
Тухайлбал 97-р сургууль энэ жил нэгдүгээр ангийн сурагчдаа гурван ээлжээр хичээллүүлэхээс өөр аргагүй болжээ. Уг сургууль нь Баянзүрх дүүргийн 2, 4, 7-р хорооны хүүхдүүдийг сургуульдаа бүртгэн суралцуулдаг. Сүүлийн жилүүдэд төрөлт ихсэж буйтай холбогдуулан, сурагчдын тоо эрс ихсэж буй талаар сургуулийн багш нар эцэг эхчүүдэд учирлаж байлаа.
Б.Нямсүрэн: Үдээс хойших нэгдүгээр анги 15:00-19:00 цаг хүртэл хичээллэнэ
Нийслэлийн 97-р сургуулийн сургалтын менежер Б.Нямсүрэнгээс дараас тодруулгыг аснаа хүргэж байна.
- Танай сургуулийн нэгдүгээр ангид энэ жил хичнээн хүүхэд элсэн орж байгаа тлаар ерөнхий мэдээлэл өгнө үү?
- 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид 9 бүлгээр хичээллэхээр байна. Энэ нь өмнөх жилээс 3 бүлгээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 100 гаруй хүүхдээр ихэссэн гэсэн үг.
- Анги дүүргэлтийн тухайд?
- Яг одоогийн байдлаар бол анги дүүргэлтийн тоо тоо 42-оос дээш гарчихаад байна. Нэг ангид сурах сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн ширээ сандалны асуудлыг зохицуулах шааррдлага үүсэж, салбарын яамандаа уламжилсан. Яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид дотоод нөөц бололцоогоо ашиглан хүүхдийг сул зогсоохгүй байхаар асуудлаа зохицуулж байгаа.
- Сургалт хэдэн ээлжээр явагдах бэ?
- Жил бүр нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа учраас гурван ээлжээр орох шаардлага үүсэж байгаа. Өглөө, дунд, үдээс хойших ээлжээр нэгдүгээр ангийнхан хичээллэх нь үнэндээ боловсролын бодлоготойгоо уялдаж өгдөггүй. Үдээс хойших нэгдүгээр анги 15:00-19:00 цаг хүртэл хичээллэнэ. Бага насны хүүхдүүд хэт орой тарахаас өгсүүлээд асуудал үүсдэг. Гэсэн ч бидний нөөц бололцоо ийм л байна.
- Сургалтын чанарт эргээд нөлөөлөх үү?
- Гадны улсуудын хүүхдийн сурлагын амжилт нэг ээлжээр хичээллэдэгт л оршдог. Сургалт нь нэг ээлжээр явагддаг учраас хүүхдүүд хичээлийн бусад цагт багштайгаа ажиллах боломж нь нээгддэг сайн талтай. Гэтэл манайд хоёр биш, бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөөллийг авчирсаар байгаа. Боловсролын чанар, стандарт, хэрэгжилт алдагдаж байгаа нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй.
- Цаашид энэ байдлаас гарахын тулд яах ёстой юм бэ?
- Анги танхимын хүрэлцээ энэ хэвээр байх юм бол ирэх жилээс байдал ч бүр хүндэрнэ. Тиймээс сургуулиа өргөтгөх асуудал зайлшгүй сөхөгдөж байгаа юм.
- Бүртгэл одоогоор дуусгавар болсон уу?
- Боловсролын яамнаас зарласан бүртгэлийн хуваарьт хугацаа өнгөрсөн хавар нэг сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд бүртгэгдсэн хүүхдийн тоо найман бүлгийн дүүргэлт болж, бид мэдээллээ яам руу явуулсан байлаа. Гэтэл өнгөрсөн сарын 17-ноос хойш 80 гаруй хүүхэд нэмэн бүртгэх шаардлага үүссэн. Эцэг эхчүүд товлолт хугацаанд хүүхдээ бүртгүүлээгүй хариуцлагагүй үйлдлээс болж, мөн тооны сандал ширээ, боловсон хүчин, анги танхимын тохижуулалтын асуудлыг бага хугацаанд зохицуулах шаардлага үүсэж байгаа юм. Ер нь дан ганц сургууль гэлтгүй, эцэг эхчүүдийн цаг хугацаанд нь тулгаж, шилжилт хийдэг байдал ажил хэвийн байдлаар үргэлжлэхэд саад учруулж байна.
Ж.Мядагбадам
URL: