БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай өндөрлөв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол улс дахь айлчлалаас-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд айлчилсан Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг, гэргий Ким Юн Үг нар бэсрэг наадам үзэж сонирхлоо. Монголчууд зочноо хүндэтгэж дуу хуураа өргөн, морь уралдуулж, бөх барилдаж наадан цэнгэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу зочдод зориулан урлагийн тоглолт, мөн бэсрэг наадам үзүүллээ.

Ийнхүү айлчлалаа амжилттай өндөрлөөд эх орон руугаа мордохын өмнө, Ерөнхийлөгч Ли Мен Баг  халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв.  Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хэлэхдээ “Энэ удаагийн айлчлал Солонгос Монголын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгсөн түүхэн айлчлал боллоо. Эрхэм Ерөнхийлөгч Тантай хийсэн уулзалт хэлэлцэээ өндөр үр дүнтэй боллоо. Би Монголын ард түмэн, Монголын түүх, соёлын талаар сайхан сэтгэгдэлтэй буцаж байна. Цаашдаа хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны төлөө чармайн ажиллах болно” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай хоёр ард түмэн өнө эртнээс найрсаг сайхан харилцаатай. Эрхэм Ерөнхийлөгч Таныг манай ард түмэн талархан хүлээж авлаа. Та бидний уулзаж ярилцсан зүйлүүд ойрын хугацаанд ажил хэрэг болох нь дамжиггүй. Эрхэм Ерөнхийлөгч Танд эрүүл энх, танай ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсье. Аян замдаа сайн яваарай” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих