1000 төгрөгөөр “далайлган” барьцаалах удирдлагуудын шийдвэр шударга бус

Картгүй иргэд автобусаар нэг удаа зорчиход 1000 төгрөг болчихлоо. Энэ зөв үү. Хэрэв иргэн та цахим картаа авсан бол энэ үнэ хамаарахгүй. Гэвч нийтийн тээврийнхэн зөвхөн ашиг бодохгүй өнөөгийн эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргааны түвшин зэргийг авч үзвэл энэ төлбөр яагаад ч зохимжгүй. Бас иргэдэд таалагдамгүй байна. Картгүй иргэдийн автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох нь зорчигчдод зориулагдсан ухаалаг үйлдэл бус ашиг харсан “нүүдэл” шиг харагдаж байна. Мэдээж, хотын иргэд хэрэгцээтэй нэг нь цахим картаа авна. Тэгэхээр хэрэгцээгүй ангилалд нь орон нутгаас жилдээ ганц удаа хотод орж ирдэг иргэд, гадаадаас ирсэн жуулчид, хотын зарим иргэд хамаарна.
olloo_mn_1441154366_awtҮүнээс гадна шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгочихоод бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь  алслагдсан гэр хорооллын иргэдэд эдийн засгийн хямрал дээр давхар дарамт болж байгааг иргэд хэлж байна. Бас шүүмжилж байна. Шинэчлэлийн хүрээнд сэлгэн суулт нь үнэгүй хэмээн зунжин рекламдсан Нийслэлийн тээврийн газрынхан өнөөдөр энэ асуудлаа ч шийдэж чадахгүй байна. Тэгсэн хэрнээ зорчих тасалбараа нэмчихэж.

Нэгэн тооцоолол хийж үзье. Шинэчлэлийн хүрээнд гэр хорооллын иргэд гэрээсээ ажил, сургуульдаа явахдаа доод тал нь хоёр дамжих болсон.  Дээр нь автобусны зорчих тасалбар 1000 төгрөг болчихвол ирж, очихын зардалдаа  нэг хүн хамгийн багадаа 4000 төгрөг зарцуулахаар  байгаа юм. Өмнө нь ирж очихдоо 1000 төгрөг зарцуулдаг байсан хүмүүс ийнхүү  3000 төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд төлөхөөр болж байна. Хэрэв тухайн гэр бүлээс эхнэр нөхөр хамтдаа автобусаар үйлчлүүлдэг гэж тооцвол энэ тоо хоёр дахин нэмэгдэж, өрхийн төсөвт ихэд нэрмээс болох нь тодорхой юм.  Тэгэхээр иргэд цахим картаа авах нь авах, нийтийн тээврийн шинэчлэлд дасахад хугацаа хэрэгтэй.
Гэтэл юу юугүй сэлгэн суултаа ч үнэ төлбөргүй болгоогүй байж, картгүй иргэдийн тасалбарын үнийг ийнхүү нэмж байгаа нь шударга бус юм.

Өнөөдрийн байдлаар  200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа гэх тооцоо гарсан. Тэгэхээр ашиг харж, картаа борлуулахын төлөө ийнхүү иргэдийг 1000 төгрөгөөр далайлган барьцаалах нийслэлийн удирдлагуудын шийдвэр ард иргэдийг бухимдуулахаас ч аргагүй юм.

Г.Уянга
olloo.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 3 September 2015

Заавал карт авах албатай юу?

Сэтгэгдэл бичих