Хэн нь худлаа яриад байна вэ

59142aa260f333a4bigИнгэж асуух шалтгаан өнөөгийн улстөрд олон байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Бээжинд очиж Тавантолгойн гэрээг зурах гэж байна гэсэн утгатай мэдэгдэл өнгөрөгч даваа гарагт хийсэн билээ. Харин Ерөнхий сайд үүнийг үгүйсгэж орхив. Мөн Ерөнхий сайд намын даргыг АНУ явсан хойгуур намынхаа ҮЗХ-г хуралдуулах гэж байна гэсэн бор шувуу ниссэн. Үүнийг ч мөн намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга үгүйсгэж орхилоо. Н.Алтанхуяг Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад түүнийг тойрсон ийм төрлийн мэдээлэл олон цацагддаг байлаа.

Ингэж явсаар тэрбээр суудлаасаа буусан. Тэр бүх дуулианыг нам дотроос нь зориудаар гаргасан гэх мэдээлэл өнөө хэр л яригдаж байна. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа ярьсан нь АН дотроо зургаан сайдаас болж зөрчилдөж, улмаар Ерөнхий сайдынхаа суудлыг хөндөх хэмжээнд хүрэв үү гэсэн хардлага төрүүлэх болов. С.Ламбаа зөвлөх “УИХ-ын дарга Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь өгчихсөн. Сайд нарыгаа өөрөө томилоод оруулж ир гэсэн. Магадгүй Ерөнхий сайдад бэрхшээл байгаа байх.

Гэхдээ хэнийг сонгох вэ гэдэг нь Ч.Сайханбилэгийн өөрийнх нь мэдэх асуудал. Хэрвээ хуульд заасан хугацаанаас өмнө буюу энэ сарын 6-наас өмнө зургаан сайдынхаа нэрийг оруулж ирэхгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдана” хэмээн ярьсан аж.

Үндсэндээ С.Ламбаа зөвлөхийн үг бол АН-ын даргын үг. Гэтэл Ерөнхий сайд эндээс өөр зүйл ярьж байгаа. Өчигдөрхөн гэхэд л ЗГХЭГ-ын дарга нам дотроо шийдээд санал болговол өргөн мэдүүлнэ гэдгийг мэдэгдчихсэн. УИХ-ын дарга нь эрх нь Ерөнхий сайдад байгаа хэмээн ярих. Харин Ерөнхий сайд намын удирдлагууд мэдэж байгаа. Надад эрх мэдэл байхгүй хэмээн ил тод зарлах.

Энэ тохиолдолд ард түмэн хэн нь худлаа яриад байгааг мэдэхээ болиод байна. Юутай ч энэ сарын 6-наас өмнө намын санал болгосон сайд нарыг хүлээж авахгүй бол өөрийн чинь суудалтай ярина шүү гэдгийг УИХ-ын даргын зөвлөх далдуур болон шулуухан мэдэгдчихлээ. Харин Ерөнхий сайд ямар хариу барих нь сонирхол татсаар байна. Ерөнхий сайдын эсрэг өдөр өнжихгүй сөрөг мэдээлэл гарч эхэлсэн нь ч Н.Алтанхуягийн араас явуулах нь уу гэсэн хардлагыг улам лавшруулж байна.

Б.Балжир

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих