Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзав

144132294555e8d7c115a98
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзав.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян, Чөлөөлөх дайны ялалтын ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд, уг дайны ялалтад Монголын ард түмний оруулсан дэмжлэгт талархал илэрхийллээ.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд,түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаж, хоёр улсын удирдагчдын найрсаг харилцаа хөрш хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай дахин уулзаж байгаадаа таатай байна гээд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа гүнзгийрч, хамтын ажиллагааны эрх зүйн орчин бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн улс төрийн намуудын харилцаа идэвхтэй хөгжиж, харилцан айлчлал тогтмолжиж байгаа нь хоёр талын итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байдгийг онцлов.

Энэ 9-р сард БНХАУ-ын Дальянь хотноо болох Зуны Давос эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, Ерөнхий сайд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцох нь чухал ач холбогдолтойг дурдлаа.


URL:

Сэтгэгдэл бичих