“Баавгайн” талд урвасан Д.Мандах даргад, хэрэглэгчээс…

Д.Мандах дарга аа, ямбий машин шатахууны үнэд ямар нөлөөтэй юм… Д.Мандах гэх нэрийг манайхан мэднэ дээ, ялимгүй тодотговол “ямбий машин л бүхний буруутан нь” гэх философитой эрхэм. Учрыг тодруулбал тэрээр сэтгүүлчийн дараах асуултад ийнхүү хариулжээ.

-Монгол Улс өнгөрсөн тав, зургадугаар сард шатахууны хомсдолд орж, шагийн түлшний үнэ тэнгэрт хадсан. Тэр үед танайх чимээгүй л байсан шүү дээ?

-Зөвхөн Монгол Улс гэлтгүй, ОХУ ч өөрсдөө шатахууны хомсдолд орсон шүү дээ. Миний сонссоноор бол Эрхүү, Улаан-Үдийн шатахуун түгээх станцууд хоосорсон гэнэ лээ. Ер нь бол хэрэглэгч бусдад хууртагдаж байна гэдэг шулуухан хэлэхэд боловсролгүйн гай. Хэрэглээний соёл, боловсрол гэж байдаг. Өөрт хэрэгтэй, хэрэггүй зүйл худалдаж аваад хохирч байгаа хүмүүс ч бий. Заавал машинтай болох гэж эвдэрч муудсан тэрэг аваад түүндээ хамаг мөнгөө зарцуулаад байх хэрэг байна уу.

Энэ хариулт түүнийг “Баавгайн талын хүн” гэдгийг нь нотлоод байгаа юм. Зарим нь таныг шатахуун импортлогчдын холбооны хэвлэлийн төлөөлөгч гэж эндүүрч мэдэхээр байна шүү. Угтаа бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга биз дээ, та чинь. Гэтэл ярилцлагыг чинь уншихаар яалт ч үгүй андуурахаас аргагүйд хүрээд байна.

Ингэхэд ямбий машин шатахууны үнэд ямар нөлөөтэй юм бэ. Шатахууны үнэ нэмэгдэхэд эвдэрхий машин яагаад буруутай гэж. Монголчууд муу машин авлаа гээд шатахууны үнэд яагаад нөлөөлнө гэж. Тоон дунд үсэг цохиж яваа юм шиг ойлгомжгүй юм. Шатахуун импортлогчид эвдэрхий машинаар тээвэрлэлтээ хийдэг юм болов уу гэж бодлоо. Арай биш ээ. Тэгвэл эвдэрхий машин их шатахуун зарцуулдаг байж болох л юм. Гэхдээ л идлээ, идлээ гэхдээ таксинд явдаг “аксент” томчуудын унадаг жийпээс бага  л идэж таараа. Ер нь машин их, бага идэх нь шатахууны үнэд яагаад нөлөөлөх юм бол. Харин ч шатахуун импорлогчдод ашигтай юм биш үү. Эрэлт ихсэхийн хэрээр шатахуунаа хурдан борлуулна. Хурдан борлуулж, эргэлт ихсэх тусам ашиг нэмэгдэнэ гээд бодохоор яав ч таны хэлсэн шиг байж таарахгүй нь. Магадлаарай. Тэгээд ч хэмнэлтийн хичээл заалгах байсан сан бол танай байгууллагыг бус сургалтын төв байгуулж, таныг даргаар бус багш болгох байсан юм. Таны хэлээд байгаачлан муу машинтай байхаар шатахуун нь өндөр үнэтэй байдаг гэсэн хэрэглээний соёлын ойлгомжгүй онол хэрэггүй ээ. Хэрэглэгчид бодит үнэ л хэрэгтэй. Өнөөдрийн үмх махаа яах вэ гэж ядарч яваа монголчуудад яасан их соёл заадаг хүн бэ, та. Мөнгө нь багтаж ядсандаа бус хоногийнхоо хоолыг хугасалж, арай ядан цуглуулсан мөнгө нь хуучин машин авахад л хүрэлцдэг гэдгийг арай мэддэгүй юм биш биз. Тэгээд ч энэ бүхэн эрэлт, нийлүүлэлттэй холбоотой болохоос үнийн өсөлттэй хамаагүй асуудал, та том андуурсан байна.

Сургаар биш судалгаагаар ажлаа хийвэл ямар вэ?

Таны хэлсэн үгнээс үүдэн бодсон бас нэг бодол маань энэ. Татгалзахгүй бол үгнээс чинь ахиад нэгийг иш татъя. “…Зөвхөн Монгол Улс гэлтгүй, ОХУ ч өөрсдөө шатахууны хомсдолд орсон шүү дээ. Миний сонссоноор бол Эрхүү, Улаан-Үдийн шатахуун түгээх станцууд хоосорсон гэнэ лээ…” гэх юм. Ер нь та ажлаа яаж хийдэг хүн бэ. Шатахуун импортолдог найз чинь тэгэж хэлээ юу. Ингэж дүгнэх болсон шалтгаан маань бас л тантай холбоотой.  “Би барилгын компанийн нэг найзтайгаа уулзлаа л даа. Тэгсэн тэднийх барилгын туслах ажилтанг өдрийн 20 мянган төгрөгөөр ажиллуулдаг гэнэ…, Өндөр үнэтэй ажилчин ажиллуулж байгаа юм чинь орон сууцны үнэ өсч таарна шүү дээ…, Үнэнийг хэлэхэд манай агентлагийн ажилчдын цалин л гэхэд барилгын туслах ажилчдын цалингаас хамаагүй доогуур байна” гэж та хэлсэн байна лээ. Хуулиар олгогдсон хардаж эрх маань хатгаад болдоггүй. Шударга өрсөлдөөнийг цогцлоох гэж яваа та хяналт тавих хүнтэйгээ найзалчихаад яаж “шударга”-ыг түүнээс шаардах гэсэн юм. Ажилгүй авгай нарын хов шиг танилтайгаа уулзаад, тэгээд хэлсэн яриа төдийхнөөр дүгнэлтээ хийчихдэг хэрэг үү. Манайхан барилгын туслах ажилчнаас хамаагүй доогуур цалинтай гэсэн нь байр худалдаж авах боломжгүй гэсэн үг үү, бусад аргаар байр авах мөнгөө олохоос өөр аргагүй гэж ойлгох уу. Сургаар бус судалгаагаар, найзаасаа бус хэрэглэгчдээс асууж ажлаа хийвэл дээр биш үү. Тэгээд ч барилгынхан ажилчиддаа бус барилга барих газрынхаа авлигад хамаг мөнгөө зарцуулдаг юм гэсэн. Судалбал сувгийг нь олно байх аа.


Мэдэх ёстойгоо мэдмээр байна…

Шатахуун импортлогчид зохиомлоор үнээ нэмдэг талаар хэлэхдээ, ““Петровис” компанийн үнийн өсөлт бодитой юу гэж асуувал утгагүй биз дээ. Би тэгэхээр яаж үнийн өсөлтийг бодитой эсэхийг мэдэх юм бэ” гэдгийг чинь ёстой ойлгосонгүй. Яагаад утгагүй гэж. Зовж байж олсон мөнгөө луйвардуулж байгаа эсэхээ мэдмээр байна. Миний өмнөөс мэдэж бай гэж л танайхныг цалинжуулдаг гэж ойлгодог. “Мэдэхгүй” юм бол наад газрыг чинь татан буулгая. Мэргэжлийн хяналт, цагдаагийнхан нь мэдээд явж байг.


Худлаас худлын хооронд хуруу дарам үнэн хуруун завсраар шагайна…

“1800 төг¬рөгөөр зарахаас өөр аргагүй дизель түл¬шийг 1600 төгрөгөөр зар гэвэл хэн энэ бизнесийг эрхлэх гэж хүсэх юм” гэв үү. Уучлаарай, ийм тохиолдол хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ навс унахад манай импортлогчид “Үнэтэй үед нь авсан нөөц” гэж хэлээд үнээ бууруулдаггүй. Харин өсөх сургаар нь дагаад нэмчихдэг гэдгийг хэрэглэгчийн хувьд мэдэх юм. Төрийн ажил хийж, татвар төлөгчдийн мөнгөөр албаны машинд чинь түлш дүүрэгчихдэг болохоор та  мэдэхгүй байж ч болох юм. Тэгвэл мэдэхгүй зүйлээ битгий мэдэмхийрч бай. Шатахууны хомсдлын үеэр таваас дээш тонноор нь шатахуун импортлогчдын агуулахаас бензин шаглаж байсныг хэн хүнгүй мэднэ. Нөөц нь дуусаагүй байсан нь ч бас үнэн. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг л зүйл болсон. Энэ үнэн.

Монополиуд гэж хэн бэ?

Ингэж асуусан асуултад “Төмөр зам, эрчим хүч, усны асуудал эрхэлсэн газрууд байна” гэж та тодорхойлжээ. Хэрэглэгчдийн хувьд шатахуун импортлогчдыг монополиуд гэж хамгийн түрүүн хуруу дарна. Энэ нөхдүүдийг яагаад өмгөөлж, хамгаалаад, тэднийг хэлсэн болгоныг тоть мэт давтаад байгааг чинь ойлгохгүй юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чинь үнэндээ монополийн эсрэг л тэмцэх ёстой биз дээ. Тийм байтал тэднийхээ талд орчихоод байгаа чинь “ариун” явдал уу. Хэрэглэгч гэж хэн бэ гэдгийгээ ер нь та мэдэж байгаа юу.

“Мэдэхгүй” гэх үг мянган үгийн таглаа гэдэг

“Бараа бүтээг¬дэхүүний үнийн өсөлт бодитой эсэхийг би хэлж мэдэхгүй” гэх. Тэгээд хэн мэдэх ёстой юм бэ. Түүнийг л тогтоож, судалж, хяна гэж энэ газрыг байгуулж, таныг томилсон биз дээ. Захын чавганцын захаас махаа авахдаа хийчихдэг дүгнэлтийг мэдэхгүй байж та наанаа суух хэрэг байна уу, ингэхэд. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр шүү дээ. Нэг бол мэдэх чадах хүнд зайгаа тавьж өгөөч.

Эцэст нь хэлэхэд “Ер нь бол хэрэглэгч бусдад хууртагдаж байна гэдэг шулуухан хэлэхэд боловсролгүйн гай” гэж Д.Мандах дарга манийгаа тавласан байх юм.

Хүн залилсан хүн ингэж хэлбэл гайхахгүй л дээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга хэлсэн болохоор л сандарлаа. Энэ үг бусдыг хууран мэхлэх нь зүй ёсны хэрэг гэсэнтэй агаар нэг. Түүнийхээр бол хэн нэгнийг хуурч, мэхлэх нь хууль ёсны үйлдэл бололтой. Нөгөө хэрэглэгч та хаан энэ тэр гээд хошгоруулаад байдаг нь хаана байна. Хэрэглэгчийг жинхэнэ утгаар нь хаанд өргөмжлөх ёстой газрын дарга иймэрхүү юм яриад сууж байхад бусад нь дур зоргоороо аашилж, үнэ тарифаа тэнгэрт хадаагаад байхад гайхах юм алга. Хийх хүсэлтэй хүнд арга нь олдоно, хийх дургүй хүнд шалтаг олдоно гэдэг. Шалтаг тоочиж, суухаар аргыг нь олохыг хичээ л дээ, Д.Мандах дарга аа.

Хэрэглэгчдийн өмнө, таны өмнөөс ичив.

Л.НАРАНТӨГС

Зохиогчийн эрх: “Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих