Улс доторх “Улс” буюу эдийн засгийн чөлөөт бүс

e76fd60c5c9a8562original.gif           Халх голын 500 мянган га газрыг “Эдийн засгийн чөлөөт бүс” болгох шийдвэрийг гаргаад өдгөө хоёр сарын нүүр үзэж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Хөдөлмөрийн Үндэсний Нам, намынхаа дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгийн 17 хүнтэй багийг Халх голын сав газарлуу явуулж дүн шинжилгээ хийлгэсэн билээ.  Энэхүү судалгааы урьдчилсан дүнгээр Хөдөө аж ахуйн Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой  ямар нэгэн уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал,  байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөнийг тогтоосон юм.

Үндэсний аюулгүй байдлын зүйл заалттай ноцтой зөрчилдсөн гэж үзэх болсон шалтгааныг ХҮН-ын гишүүн н.Бат-Оргил тайлбарлахдаа “Чөлөөт бүсэд гадны иргэд олноор сууршин боломжтой, дараа нь энэ олон хүнийг бид хөөж гаргаж дийлэхгүй, дээрээс нь чөлөөт бүс байгуулах газар маш үржил шимт хөрстэй. Цаашдаа манай улсыг нилээн хэдэн жилдээ хүнсний ногоогоор хангах боломж нөөцтэй газар юм. Түүнчлэн энэ бүс нутагт ашигт малтмал олборлохгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ бүгд нь үндэсний аюулгүй байдалтай холбогдож байгаа юм” гэж тайлбарласан.

Олон зууны түүхийн өлгий нутаг,  Монгол Зөвлөлтийн эв нэгдлийн гэрч болсон энэхүү газраа “Эдийн засгийн чөлөөт бүс” болгох нэрээр харийнханд бэлэглэж байгаа нь харамсаад барашгүй буруу шийдвэр гэдэг  нь хэн бүхэнд илхэн харагдаж байна. Энэ талаар эсэргүүцлээ илэрхийлэн хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Тэд чөлөөт бүсийн тухай хуульд зааснаар “Тухайн улсын хүн амын гурван хувь хүртэлх гадаадын иргэд чөлөөт бүсэд амьдарч болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Манай улсын хүн амын гурван хувьтай тэнцэх гадаадын иргэд хууль ёсоор орж ирэх нөхцөл бүрдээд байна гэж үзэж болох юм. Ингэснээр тухайн бүсэд  МУ-ын иргэн тусгай зөвшөөрөл үзүүлж нэвтэрнэ гэсэн үг. Өөрийн улсын нутаг дэвсгэртээ хүссэнээрээ нэвтэрч болохгүй гэсэн  хуулийн зүйл заалт байгаа нь харамсалтай. Нэг ёсондоо харийн улсад эх орныхоо томоохон хэсгийг зүгээр өгчихөөд өөрсдөө зөвшөөрөл авсны дараа хязгаарлагдсан хүрээнд  зорчих болоод байгаа юм.

161  УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу нутгийн 3000 гаруй иргэдийг мал ахуйн хамт  энэ сарын 12-17нд албадан нүүлгэхээр болсон ба уг  ажлыг УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэх гэнэ.  Өнөөх бидний байнга хэлээд яриад байдаг хүний эрх хаана байна вэ? Олон үеэрээ нутаглаж, аж төрсөн нутгаасаа нэг л өдөр хөөгдөх нь тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой. Нутгийн иргэд ч гар хумхин суусаар хөөгдөөд гарах нь юу л бол. Тухайн бүс нутагт аж төрж буй олон мянган иргэдэд төр төмөр нүүрээ харуулах өдөр нэгэнт ойртсоор л байна. Үүнийг болиулах талаар нааштай хариу одоог хүртэл алга. Нутгийн иргэд ч аль хэдийн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал цуглаан зохион байгуулаад эхэлчихсэн. Гэсэн хэдийч төр гаргасан шийдвэрээ эргэн харах нь тодорхойгүй юм.

Олон хууль, зүйл заалтуудыг зөрчин “Эдийн засгийн чөлөөт бүс” байлуулах гэж байгааг өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн юм. Тэрээр “Чөлөөт бүсийн тухай хуулиар олгож байгаа газар нь өөрөө олон сөрөг үр дагавар дагуулж байгаа юм. Тухайлбал, Халх гол сав газарт тариалан эрхэлж байгаа хүмүүс, хувиараа бизнес эрхэлж байгаа малчид, компанийн газар, Буйр нуурын тусгай хамгаалалтын бүс зэрэг газартай давхцаж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг юм. Ингэснээр энэ нь Газрын тухай хуулиар зохицуулагдах боломжгүй гэсэн үг юм” гэж тайлбарлаж байгаа юм.

Олон олон хууль заалтуудыг зөрчин байж чөлөөт бүс байгуулах гэж зүтгэж байгаа нь цаанаа хэн нэгэн хүний эрх ашиг, ард түмний эрх ашгаас илүү үйлчлээд байгаа нь илхэн харагдаж байна. Үүний нотолгоо нь саяхан чөлөөт бүсийн удирдах хүн гэх тодотголтой нэг ёсондоо захирагч ил болсон. Тодруулбал, “Мон Хангай” гэх архины үйлдвэрийн эзэн уг чөлөөт бүсийн захирагчаар ажиллах гэнэ. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулинд тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрх зүйн хуулийг Захирагч өөрийн үзэмжээр гаргана гэж заажээ. Тухайлбал, эрүүгийн, Захиргааны  хуулийг хэн нэгэн архины үйлдвэрийн ноёнтон зохионо гэсэн үг.  Энэ нь тухайн этгээд өөрийн үзэл баримтлал, эрх ашгаас хамааран хуулийн зүйл заалтыг боловсруулах юм. Хэрэв чөлөөт бүсийн хууль хэрэгжээд эхэлбэл бид газар нутгийнхаа ашигтай хэсгийг нэг нөхрийн өмч болгоод өгчихөж байгаа хэрэг юм. Тэр этгээд нь тухайн газартаа юу л бол юу хийж болох нөхцөлийг хуулиар баталгаажуулсан байгаа юм.

Тусдаа хуультай болсноор Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг хуультай байна гэсэн зарчмыг зөрчиж байгаа. “Альваа хууль, журмыг зөрчих гэж гаргадаг” гэдэг үг үнэний ортой бололтой. Хууль батлагч эрхэм төрийн түшээд нь энэ мэтчилэн гаргасан хуулиа  өөрсдөө зөрчөөд байхад цаашдаа хууль баталж энэ тэр сүр дуулиан болгох хэрэг алга бололтой. Тэртээ тэргүй баталсан хуулиа хэзээ нэг цагт зөрчихөөс л цааш…

 

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих