Оросууд Монголыг судалсаар байх болно

169528-09092015-1441760897-348701713-1Дорно дахины судлаач орос эрдэмтэн Виталий Наумкиныг ШУА-ийн дээд шагнал Хубилай хаан одонгоор шагналаа. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн доктор, профессор тэрбээр нүүдэлчдийн соёлын судалгаанд оруулсан хувь нэмрээ ийн үнэлүүлэв. “В.Наумкин Оростоо тэргүүлэх эрдэмтдийн нэг” хэмээн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин онцолсон.

“ЗХУ-ын ахмад үеийн монголч эрдэмтэд Монголын одоогийн шинжлэх ухааны салбар хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч жил бүр аспирантур, докторын зэрэг хамгаалахаар олон залуу Оросыг зорьж байгаа. Тэгэхээр хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа үргэлжилсээр байх болно” хэмээн В.Наумкин ярьсан.

В.Наумкин Ойрхи Дорнодын талаар олон жил судалгаа хийсэн бүсийн талаарх мэдлэгээрээ Оростоо толгой цохих нэгэн. Тэрбээр Египетийн Каирт их сургуулиа дүүргэсэн бөгөөд Арабын бүх оронд очиж үзсэн, олонход нь амьдарч байсан аж. Түүнчлэн Иран, Афганистан зэрэг перс хэлтэй орон, Энэтхэг, Пакистан гээд Азийн ихэнх орны талаар судалгаа хийж байв.

“Монгол судлаач цөөрсөн нь эрдэмтдийн тоо буурч байгаатай холбоотой

Виталий Наумкин монголч эрдэмтэн биш ч Дорно дахины хүрээлэнг тэргүүлсний хувьд манай орны талаар өргөн мэдлэгтэй аж. “2018 онд ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн 200 жилийн ой болно. Энэ хугацаанд монгол судлал хэзээ ч орхигдож байгаагүй. Жил бүр шинэ судалгаа хийж, ном хэвлэсээр байгаа. Асуудал гэвэл залгамж халаа муутайг дурьдах хэрэгтэй” хэмээн ярьсан. Монголч залуу эрдэмтэн цөөрч байгаагийн учрыг асуухад “Монгол судлаач цөөрсөн нь дэлхий даяар эрдэмтдийн тоо эрс буурч байгаатай холбоотой. Залуучуудын олонх нь бизнес, орлого сайтай ажил эрэлхийлэх болж, салбартаа шинэ мэргэжилтнүүдийг татахад бэрхшээлтэй болсон” гэх хариултыг өглөө.

Гэхдээ “Монгол, Орос олон зууны нэгдмэл түүхийг харахад монгол судлал гэдэг Оросын түүх, өвийн нэг хэсэг юм. Монгол судлал түрэг судлалтай салшгүй холбоотой. ОХУ-ын бүрэлдэхүүнд түрэгүүд байдаг учраас манай оронд судалгааны энэ чиглэл цаашдаа ч эрэлттэй” гэсэн юм.

В.Наумкины ажилд нүүдэлчдийн тухай судалгаа чухал байр эзэлдгийг цохон тэмдэглүүштэй. “Хүмүүсийн дунд соёл иргэншил суурин, хотын хөгжлөөс эхтэй гэх түгээмэл ойлголт байдаг. Гэтэл нүүдэлчид, тэр дундаа монголчуудын байгуулсан улс төр засгийн цогц системтэй байсныг түүх харуулдаг. Османы эзэнт гүрэн ч гэсэн үүний тод жишээ. Дэлхий нийтийн соёл иргэншилд нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэж болохгүй” хэмээн тэрбээр онцолсон юм.

Тэрбээр Монголд гурав дахь удаагаа зочилж буй. 1982 онд Улаанбаатарт ирснээсээ хойш манай улсад ирээгүй байсан тэрбээр “Тэс өөр газар өөрийг нь угтлаа” хэмээн ярилаа. В.Наумкин “Одоогийн Улаанбаатарыг тухайн үеийнхтэй харьцуулахааргүй хөгжсөн байна” гэснээр бидний яриа өндөрлөв.

Тэрбээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн, ОХУ-ын ШУА-ийн төв хүрээлэн болон Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлаач 18 эрдэмтнийг ахалж байна. Тэд Улаанбаатарт долоо хоногийн хугацаатай иржээ. Одоогоор Хубилай хаан шагналыг гадаад, монгол 20 орчим эрдэмтэн хүртээд байна. Хубилай хаан шинжлэх ухаан, одон орон судлалын төвийг нээж, “эрдэмт, гэгээн хаан” нэрийг зүүсэн байдаг. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг энэ сарын 15-23- нд тэмдэглэн өнгөрүүлнэ.

П.Номинбилэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих