Ж.Дашдондог: Лора Буш миний зохиолыг биширсэн үгтэй захидал илгээсэн

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой ярилцлаа. Энэ эрхэм зохиолчийн бичсэн үлгэр Английн хүүхдийн сурах бичигт багтсан байдаг ба тэрбээр “Ногоон морь” явуулын номын санг санаачлан 24 жилийн хугацаанд Монгол орноо тойрон 120 мянган километр замыг туулжээ.

-Таныг хүүхэд багачуудад зориулан үүргийн номын сан аялуулдаг гэдгээр тань хүмүүс сайн мэднэ. “Ногоон морь” аяныхаа талаар ярина уу? 
-Би “Ногоон морь” аяныхаа хүрээнд орон нутгийн боловсролын байгууллага, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” лекц унших болсон. Мөн хөдөөгийн хүүхэд багачуудад өөрийн шүлэг, дуу, зохиол, үлгэрийнхээ чуулбараас сонирхуулдаг юм. Баруун аймгийг зорих аяллаа эхэлж байна. Энэ удаагийн аялал аравдугаар сар хүртэл үргэлжилнэ.
-Та хэдэн оноос эхлэн явуулын номын сан ажиллуулав? 
-Би 24 дэх жилдээ явуулын номын сангаа ажиллуулж байна. Ингэхдээ Монгол орныхоо бүх аймгийн нутаг дэвсгэрээр аялж, хөдөөгийн хүүхдүүдэд шинэ ном түгээж, 120 мянга гаруй километр замыг туулаад байна. Энэ бол дэлхийг гурав тойрсонтой тэнцэх урт зам юм.
-Уран зохиол бол улс үндэстнийг дэлхийд таниулдаг цонх. Та хэчнээн улсын хүүхэд багачуудад эх орноо сурталчилж байна вэ? 
-Миний бүтээлийг социалист орнуудад их хэвлэсэн. Япон, Өмнөд Солонгост миний номыг зөвшөөрөлтэйгөөр орчуулж хэвлүүлсэн. Би 100 ном бичсэн. Ер нь хүүхдийн гэнэн чанараас нь илүү суут ухааныг нь гаргахыг зорьдог. Намайг 2007 онд АНУ-д урьсан юм. Би тэндхийн бараг л бүх муж улсаас ирсэн хүүхдийн зохиолчидтой нь уулзаж, шүлэг зохиолоо уншиж өгсөн. АНУ-ын хүүхдэд зориулсан ном, сурах бичигт зөвхөн америк зохиолчийн бүтээлийг багтаадаг юм билээ. Гадаадын зохиолчийн бүтээлийг голсондоо биш, америк хүүхдийг америк зохиолчийн бүтээлээр төлөвшүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг учраас тэр. Би энэ зарчмыг сонсоод цочролд орсон. Бид чинь 70 жил хүүхдүүддээ орчуулгын уран зохиол уншуулсан шүү дээ.
-Таны зохиолыг олон үндэстний хэлээр хэвлэжээ. Тэр чинээгээр гадаадын уншигчдаас захидал их ирдэг үү? 
-Зохиолуудыг минь уншсан гадаадын хүүхэд багачууд надад захидал илгээдэг. Миний “Чулуун домог” номыг уншаад хүүхдүүд амьтдыг өрөвдөн уйлсан тухайгаа ихэвчлэн бичдэг. Хүүхэд зохиол уншаад байгаль дэлхийгээ хайрлах нинжин сэтгэлийг олж, өрөвдөж уйлахыг сайн гэж би бодож байна. Хүүхдүүд худлаа ярьдаггүй учраас тэдний захианд итгэдэг юм. Би АНУ-ын тэргүүн хатагтай асан Лора Буш “Таны агуу энэрэнгүй сэтгэлийг би бишрэн хүндэтгэж байна” гэсэн үгтэй захидлыг хүлээн аваад баярлаж л байлаа.
-Гадаадын хүүхдийн зохиолчдын бүтээлээс орчуулж байсан уу? 
-1990 онд Мюнхенд байхдаа гадаадын орны шилдэг зохиолуудыг эмхэтгэн “Бэхийн саван дахь илбэчин” нэртэй орчуулгын ном хэвлүүлж байлаа. Гэхдээ энэ ном тухайн үедээ тийм ч өндөр үнэлгээ аваагүй. Учир нь бид өндөр хөгжилтэй орнуудаас нэг төвшин доогуур байсан. Тэдгээр өндөр хөгжилтэй орнууд хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх зохиол руу хэдийн орчихсон. Өөрөөр хэлбэл, тэд хүүхдийг өөрийнхөөрөө ойлгож, оюун ухааныг нь задраах сэтгэлгээнд сургаж байсан хэрэг. Тэр үеэс энэ урсгалаар бичихээр шийдээд “Морьтой үлгэр” зохиолоо бичсэн.
-“Морьтой үлгэр” зохиолоо хэдэн онд бичсэн бэ. Юун тухай өгүүлдэг юм бол? 
-Би “Морьтой үлгэр” номоо 1991 онд бичсэн. Энэ номд гүн ухааны есөн үлгэр багтсан ч их товчхон нэг үлгэр нь ердөө хоёрхон хуудас байх жишээтэй. Энэ бол Монголын хүүхдийн сэтгэлгээний зохиолын эхлэл нь байж мэднэ.
Түүнийг гүн ухааны сэтгэлгээгээр бичсэн учраас манайд нэг сайн ойлгодоггүй байх. Хуучин хэвшмэл сэтгэлгээ тогтчихсон учраас тэр шүү дээ. Гэтэл энэ номыг Өмнөд Солонгосын хэвлэлийн газраас хүн зорьж ирээд орчуулсан. “Морьтой үлгэр” номыг Өмнөд Солонгост зурагтай, өнгөт гоё хэвлэсэн байсан. Би номоо тийм гоёмсог хэвлүүлж байгаагүй. Энэ номд багтсан есөн толгойтой мангасын тухай үлгэр Английн сурах бичигт багтсан. Хүүхдийн утга зохиолыг бий болгосон орны сурах бичигт миний үлгэр багтана гэдэг бахармаар хэрэг. Яагаад гэвэл энэ үлгэрийг уншсан англи хүүхэд Монголын тухай зөв мэдээлэлтэй болдог. Мөн япон, хятад, араб хэлээр хэвлэсэн байна. Учир нь гүн ухааны сэтгэлгээний ном учир өндөр хөгжилтэй орны хүүхдийн сэтгэлгээнд нь их таарч байгаа бололтой. Иймэрхүү номыг манайд одоогоор нэг их сонирхохгүй боловч удахгүй хүүхдүүд маань сэтгэлгээний зохиолын эрэлд гарах цаг ирнэ. Хүүхдийн сэтгэлгээг өвөрмөц болгон хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх номууд манайд хэрэгтэй байгаа юм.
-Лондон хотноо болсон олон улсын хүүхдийн зохиолчдын их хуралд эх орноо төлөөлөн оролцсон тухайгаа дурсана уу? 
-Хүүхдийн зохиолчдын олон улсын зөвлөлийн хурал хоёр жил тутамд хуралддаг. Би 2012 онд энэ хуралд Монголын хүүхдийн зохиолчдыг төлөөлөн оролцсон юм. Тэнд хүүхдийн уран зохиол, хүүхдийн ертөнц, явуулын номын сан зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, зохиол бүтээлээсээ уншиж сонирхуулсан. Олон орны хүүхдийн зохиолч, зураач уран бүтээлчид, хэвлэлийн газрууд, худалдан борлуулагч нар цуглаж санал бодлоо солилцохоос гадна хүүхдийн зохиолч, уншигчдын уулзалт, хүүхдийн зохиол туурвин бүтээгчдэд Данийн нэрт зохиолч Ханс Кристэн Андерсоны нэрэмжит шагналыг гардуулах ёслол, хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа, уран уншлага, утга зохиолын мэргэжилтнүүд, орчуулагчдын болон ажил хэрэгч хүмүүсийн яриа хэлцлүүд зэрэг сонин содон үйл явдлууд бүхий олон нийтийг хамарсан утга зохиолын том баяр болдог юм билээ.
-Хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх номын талаар та эцэг эхчүүдэд хэрхэн зөвлөдөг вэ? 
-Сайн ном хүнийг сайхан сэтгэлтэй болгодог. Би эцэг эхчүүдэд “Хүүхдэдээ ямар ном уншуулах хэрэгтэй вэ” гэсэн лекц уншдаг. Ер нь орчуулгын уран зохиолыг дөрөв хүртэлх ангийн хүүхдэд уншуулж болохгүй. Хүүхдээ монгол хүн болгон төлөвшүүлэхийн тулд хамгийн сайхан монгол хэл, ахуйг дүрсэлсэн зохиолыг уншуулах хэрэгтэй. Ялангуяа нэгдүгээр ангийн хүүхдийн унших ном чухал. Бид бол энэ тал дээр алдсан. Америк хүүхдүүд “Цагаан толгой”-гоо цээжлээд Доктор Сьюзийн “Малгайтай муур” зохиолыг заавал уншдаг. Тавдугаар ангиас нь эхлээд гадаадын сонгодог уран зохиолыг уншуулах хэрэгтэй.
-Тэгэхээр хүүхдэдээ орчуулгын уран зохиолыг сонгож уншуулахдаа анхаарах хэрэгтэй байх нь ээ? 
-Гүн ухааны хөрснөөс ургаж гарсан сэтгэлгээний зохиолууд нь юмс үзэгдлийг өөр өөрийн өнцгөөс харах боломжийг уншигчдад олгодог. Тийм номыг арван хүүхэд уншихад арван янзаар л ойлгоно. Гэтэл бүх нийтийн соёл гэсэн чиг хандлагыг баримталсан нийгэм журмын үеийн номыг арван хүүхэд нэг л хувилбараар ойлгодог байсан. Бусдаас өөрөөр өвөрмөц сэтгэснийг нь гажиг хүүхэд хэмээн ад шоо үздэг байж. Оюун санааны хувьд бусдаас хараат бус өөрийн гэсэн үзэл бодолтой, давтагдашгүй бие хүнийг хөгжүүлэхэд гүн ухаан, сэтгэлгээний өндөр төвшинд бичсэн ном тусалдаг. Манай хүүхдийн утга зохиолын орчуулга ч энэ чиглэл рүү хандвал бяцхан уншигчид маань оюуны бяр тэнхээгээрээ манлайлж Монголынхоо хөгжлийг дэлхийн төвшинд хүргэнэ. Хүн өөрөө хөгжиж байж л улс орноо хөгжүүлнэ шүү дээ.
-Монголын хүүхдийн зохиол хоцрогдож, энэ чиглэлээр бичдэг зохиолч цөөрч байна гэж ярих боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 
-Хүүхдийн уран зохиолч цөөрөөгүй. Намайг орж ирэхэд 40 хүн байсан. Одоо ч тийм тооны зохиолч байна. Хамгийн гол нь ямар төвшинд бичиж байна вэ гэдэг чухал. Хуучны бид их загварчилсан хэлбэрт байсан. Одоо манай зохиолчид чөлөөтэй задарч чадахгүй байна. Сэтгэлгээний зохиол сайн бичиж чадахгүй байгаа юм. Гэхдээ уран зохиолд орж ирсэн зарим залуу сайн бичиж байна.
 -Би бага ангид байхдаа таны хүүхдэд зориулсан үлгэрүүдийг уншиж байсан. Сүүлийн үед ямар сэдвээр бичиж байна вэ? 
-Сүүлийн үед бодит тал руу хандсан баримтат уран бүтээл түлхүү хийж байгаа. Ялангуяа орчин үеийн хүүхдэд зориулсан уран зохиолд асар их анхаарал хандуулах хэрэгтэй. Сүүлийн үеийн хүүхдүүд бол оюуны хоцрогдлыг арилгах хүмүүс юм шүү.
-“Эмээ, өвөөгийн үлгэр” төсөл тань хэзээ хэрэгжих вэ? 
-Би “Эмээ, өвөөгийн үлгэр” гэдэг төслийг санаачлаад байна. Монгол ардын үлгэрийн баялаг сангаас хүүхэд багачуудад ярих улсын уралдаан юм. Хамгийн гол нь үлгэрээ уран гоё ярьдаг, хүүхдийг татаж чаддаг байх шаардлагатай. Би энэ саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт тавьсан. Надад хэрэгжүүлэх маягтай зүйл хэлсэн байгаа. Гадаадад исторителлер буюу үлгэрч гэдэг мэргэжил хүртэл бий болсон. Тэр ч байтугай олон улсын үлгэрчдийн уралдааныг зохион байгуулдаг. Манай улс үлгэр, домгийн баялаг сантай ч тэрхүү уралдаанд оролцох хүн олдохгүй байна. Хэрвээ энэ уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулбал ялагч нь исторителлерийн уралдаанд оролцох боломжтой юм.
-Таны зөв монгол хүүхдийг хүмүүжүүлэх энэ олон санаачилгыг төр засгаас дэмжиж байна уу? 
-Би Ерөнхий сайд солигдох бүрт санал санаачилгынхаа талаар захидал бичдэг. Хариу ч хүлээж авдаг. Хариу захидалдаа “Таны хэрэгжүүлж буй агуу их ажил үйлст амжилт хүсье” гэх маягийн зүйл бичсэн байдаг. Надад явуулын номын сангаа ажил луулахад бензин хэрэгтэй шүү дээ. Өөрийн санаачлан хэрэгжүүлж байгаа ажил үйлсээ өөрөө л санхүүжүүлж байна даа.
-Эцэст нь асуухад таныг XX зууны эхэнд Монголын нутгаар аялсан зохиолчийн маршрутаар дахин аялах гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач? 
-“Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг шиг дуусгаагүй байгаа аяллынхаа тухай би нууцалж байгаа. Орос зохиолч Розенфельд гэдэг хүн 1930-аад оны эхээр Монголын тухай тэмдэглэл бичсэн байдаг. Би нэлээд дээхнэ үед тэр тэмдэглэлийг олсон ч уншаагүй юм. Саяхан Розенфельдийн тэмдэглэлийг уншаад судалтал сонирхолтой зүйл их байна. Түүний явсан замаар би 85 жилийн дараа дахин аялж байна. Энэ хугацаанд Монгол орон хэрхэн өөрчлөгдөв, тухайн үед байсан хүрээ дуган одоо байна уу гээд харьцуулсан бүтээл болно.
-Монголын нутгаар аялсан Розенфельдийн тэмдэглэл, таны ном хоёр юугаараа ижил бас ялгаатай болох бол? 
- Розенфельд тухайн үедээ Жамсрангийн Цэвээн, Мэргэн гүн Гомбожав, Пу Шин гэдэг хятад, жолоочтойгоо тавуулаа аялсан байдаг. Тэдний аялж байсан 1930-аад он бол хүрээ хийдийг устгаагүй байсан үе. Тиймээс замын тэмдэглэлд нь хүрээ хий- дийн гэрэл зураг их бий. Тэрбээр гаднын жуулчны нүдээр харж бичсэн бол миний зорилго бол хүүхдэд ном уншуулах. Туул- сан зам нь ижил ч зорилго нь арай өөр гэсэн үг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих