Эзэнгүйдэж шоглогдсон хөөрхий туул минь!

Туул голоос бид хангалттай ундаалсан. Одоо ч ундаалж байгаа. Хэрэв Хатан Туул үгүй болчихвол хэрхэхийг хэн ч төсөөлөхгүй.Энэ сайхан ус минь байсаар байх шиг санана. Хун амын бараг 70 орчим хувь нь суурьшсан нийслэл хотын иргэн бүр Туулд өртэй. Ялангуяа, түүгээр шоу хийж мөнгөжсөн, нэр алдар олсон, сонгуульд ялалт байгуулсан хүмүүс бүр ч их өртэй.

Хэнтийн нуруунаас эх авсан Хат, Хонгорын гол, Галтай, Булнай, Тэрэлжийн гол Туулыг сэлбэж амилуулдаг. Хэчнээн сайхан урсгалтай, тунгалаг бидэрт нь усны шувууд ганганаж, үр зулзагаа өсгөдөг билээ.

Тахиралдаж мурийсан булан тохой бүрт нь загас үсчиж, эргээр нь өтгөн бургас, жимсний модод салхинаа найгаж, буга согоо тэр төгөл дундаас үсрэн цойлон уулаадаа давхих нь ямар үзэсгэлэнтэй байлаа. Усны булга, минж үүрээ засч, уул талын араатан амьтан бүр сэрүүхэн усанд нь зүглэж, хэчнээн оныг үдсэн гэх вэ.

Харамсалтай нь, өнөөдөр Туулыг бид хамтдаа “нугасалж” байна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг хайр найргүй, тун эрчимтэйгээр булшилж байна. Туулын сав газраас хаирга чулууг нь “төнхөж, эргийн бургасыг огтолж, байшин барилга барьж, лойр орчимд нь хог тарьж, 1,2 сая хүний өтгөн шингэнийг бараг тэр чигээр нь асгаж, алт угааж, шороо цацаж, яасан хайр найргүй ханддаг юм бэ.

Туул байхгүй байсан бол бид яах байсан юм бол. Одоо Туулын усанд загас байтугай замаг байхгүй. Мэлхий, усны шавьж, шувууд бүгд дайжсан. Байгуулагдаад тун удаагүй Туул голын сав газрын зөвлөлийн анхны бутээлч ажил болсон Туулын сав дагууд үргэлжилсэн усан аяллын бүрэлдэхүүнд багтаж явахдаа ийм байдлыг нүдээр үзэж шогшрон, сэтгэл урагдаж, зүрх шимширч явснаа хэлэх хэрэгтэй.

Бидний Нисэх, Яармаг, Сонсголонгийн гүүрээс хардаг, халуун өдөр усанд нь булхаж сэрүүцдэг тэр Туул гол маань нийслэлийг дөнгөж өнгөрөв үү үгүй юу танигдах аргагүйгээр сэглэгдэж, Орхонд нийлэн нийлтлээ ямархуу өрөвдөм дүр төрхтэйгөөр чадал барагдаж “мөлхөх”-ийг энэ тэмдэглэлдээ өгүүлнэ. Хэн буруутанг хайхаас өмнө байдлыг дэргэдээс нь биш дотроос нь харсны хувьд бид Туулд ямар их өртэй болсныг сануулна.

Оюутан голдуу хүмүүс эргийнх нь дагуу шуудай барин хог түүснээр Туулаа хамгаалж, хайрлаж байна гэж боддог байсан эндуүрлээ хүлээнэ. Энэ бол дөнгөж өнгөн хэсэг нь. Түүний цаана Туулыг хамгаалахын тулд илүү ихийг, бүр ихийг хийх ёстой байсныг ойлгосон. Хамгийн эхэнд Туулыг гэхээс илүүтэй сэтгэлээ цэвэрлэх нь чухал юм байна. Шуудхан хэлэхэд, дэнсний нэг туухай дээр Туул гол, нөгөө туухайнд нь шунал хүсэл, хариуцлагагүй байдал зэрэгцсэн аж Даанч хүний шунал хүсзл түр зуурынх ч илүү жинтэй ажээ.

Бид бүгд түүнд өртэй
Туул голоор овоглосон иргэний хөдөлгөөнүүд олон бий. Бас ч төрийн байгууллагууд ажиллаж байгаа биз. Тэглээ гээд Туул маань өдөр ирэх бур тамирдсаар. Тэр хэрэв бидэнд хэлдэгсэн бол юу гэх бол. Яаж туньж, гомдож цөхрөхдөө яаж байх бол. Ямар ч байсан Туулын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс аз болоход цөөн ч болов байдаг юм байна. Тэд оройтсон ч нэгэн сэтгэлээр эвлзлдэн нэгдэж Туул голын Сав газрын зөвлөлд багтжээ. Тэгээд тэд Туулыг аврахын төлөө жинтэйхэн дуугарч эхэллээ.

Дуугарах биш бодит ажил өрнүүлж байна. үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт Туулын сав газрын дагуу зохион байгуулсан усан эргүүл юм. Харин тэднийг дээд төвшиндөө дэмжих нь чухал санагдсан. “Энэ бол Туул голын Сав газрын зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд багтсан ажил. Монголын адал явдалт спорт аяллын холбоо,усан замын “Цэнхэр замын аян” клуб хамтран энэ удаагийн усан эргүүлийг зохион байгуулж байна.

Усаар явахад зардал бага. Сэлүүрт завь шатахуун хэрэглэхгүй. Зочид буудал, гуанз рестораны мөнгө шаардлагагүй. Хээр майханд хоноод, түүдгийн галд хоолоо буцалгаж идээд, өглөө нь усан дээрээ гарна. Машин тэр бүр очоод байхгүй газар усаар хүрч, тэнд ямар зөрчил дутагдал байгааг ч мэдэх бололцоотой. Хуурай газраас харагдахгүй далд бүхнийг усны мандал дээрээс харж болдог онцлогтой.

Бид байгаль хамгаалах хуулиудыг болон Усны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, Туул голын сав газрын геоэкологийн тэнцвэрт байдалд үнэлэлт өгөх зорилготой. Энэ удаагийн усан эргүүлийн бүрэлдэхүүнд Туул голын Сав газрын зөвлөлийн гишүүд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагчид, МАЯСАХ-ны аялагч тамирчид оролцсон гэж Туул голын Сав газрын зөвлөлийн гишүүн, МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, усан спортын олон улсын хэмжээний мастер Б.Жамяандорж хэлэв.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Хар хошуу хэмээх газраас гараагаа эхэлсэн энэхүү аяллын өмнөхөн, ажиглаж байхад Гачуурт хавиар ёстой л хүний зуд нүүрлэжээ. Хэдий байгаль цэцэглэхийг хүссэн ч хүн малын хөлөөр талхлагдаад нэг л уруу доройхон. Байгаль хангай сайхан гарснаас тэр үү, амрагчид их ирдэг аж. Энд тэнд хог харагдаж л байлаа.

Гэхдээ нэг үеэ бодвол хог хаягдал харьцангуй багассан тухай Нийслэлийн байгаль хамгаалах газрын мэргэжилтэн Ч.Дамбасүрэн хэлэв. Тэрбээр, “Иргэд маань амарч, зугаалсныхаа дараа хог хаягдлаа цэвэрлээд аваад явах ухамсартай болж байгаа. Гэхдээ л эргийн дагуу хог хаягдал үгүй болчихсон гэвэл тийм биш. Бидний хувьд та хог хаялаа гэж заавал арга хэмжээ авахаасаа илүүтэй сануулж, ойлгуулаад, зөвшилцөөд явахыг чухалчилдаг. Яах ч аргагүй хуримтлагдсан хогийг ТүК-иас авдаг гэж ярилаа.

Нийслэлийн байгаль хамгаалах газрын байгаль хамгаалагч Х.Батхишигийн хэлснээр Гачуурт хавьд элс, хайрганы олон карьер үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон гэнэ. Х.Бат-хишиг Гачууртад айл бүр хашаандаа гүний худаг гаргасан нь голын ундаргад хэрхэн нөлөөлөх бол гэдгээс эмээж явдаг нэгэн.

Тэрбээр байгаль хамгаалагчид унаа ун аш муутай тухай гомдоллохдоо энэ талаар сануулж, голын ай савд гүний худаг гаргах эсэхийг журамласан эрх зүйн зохипуулалт хэрэгтэй байгааг онцолно билээ. Гачууртаас урсаад явж байхад ус руу машинаа оруулж зогсоогоод угааж байгаа хэд хэдэн хүн таарав. Тэр бүрийд бид бууж, бичиг баримтыг нь хурааж, торгуулийн арга хэмжээ авсан.

Ч.Дамбасүрэн байцаагчийн хэлснээр гол горхи, булат шанд бохирдуулж байвал иргэнийг 20.000, аж ахуйн 20.000, аж ахуйн нэгжийг 50.000-200.000 төгрөгөөр торгодог байна. Эрэг дагуу хосоороо, хэсэг бүлгээрээ залуус байх ч ихэнх нь дуу чангатай, улаан зээрд болчихсон суух. Энэ ч монголчууд бидний зан байх. Салхинд гарна гэхдээ голын эрэгт сархад хүртээд л. Зарим залуус завь хаанаас түрээсэлсэн тухай сонирхоно.

Магадгүй, Туулын эрэг дагуу сэлүүрт завьтай богино замд аялал зохион байгуулж, амралт зугаалгын бэсрэг төвүүдийг байгуулбал зах зээл байгаа ч юм бил үү. Байгальдаа ч ээлтэй байж болох л юм. Усны гүехэн хэсэгт далбайсан цаас, гялгар уут чулуунд тээглэн тогтсон нь тод харагдана. Дэнж дээр суурьшсан айлуудаас ирсэн жалга дагуу бөөн хур хог. Хүний нүднээс л далд бол хогоо жалганд хаячихдаг учир тэр нь үерээр урсч, гол руугаа ирдэг байна. Барилгын хог ч эрэг дагуу үе үе тааралдана.

Уг нь бид усаар аялж байхдаа байгалийн сайхныг бахдаж, загас олж харах гэж ус руу ширтдэгсэн. Энэ удаад тиймгүй бололтой. Нийслэл рүү ойртох тусам эргийн дагуу моддыг өнгө өнгийн хадгаар дээр дээрээс нь давхарлан зузаан гэгч нь чивчиртэл боож багласан нь нүднээ содон тусна. Сүүлийн үед маш олноороо төрөх болсон бөө нарын хийсэн ажил гэнэ. Тэд ойр хавийн хэд хэдэн модыг хадгаар холбон хүн явахын аргагүй болгоод зогсохгүй томоохон моддын үңдсийг ухаж хөндийлөн орхисон байх юм. Лав тэр мод мөд үхэх нь тодорхой биз.

Бид явсаар Зайсангийн гүүр хүрч ирлээ. Алдарт Зайсан толгой дээрээс өнгийнө. Юу болох нь энэ вэ. Зайсан толгойн өврөөс хэлтэлж, ухаад байшингийн суурь цутгаж байгааг үзэв. Цаахна нь байх хайрхны бараг талыг нь нураагаад тэгшилж байх юм. Дархан цаазат Богд хан уул шүү дээ, энэ чинь. Голын бургасан дунд шахам өндөр өндөр барилга өрж, хүчит техникүүд чөлөө завгүй ажиллана.

Усны урсац бүхий газраас дор хаяж 500 метрийн зайд үйл ажиллагаа явуулах хуулийн заалт энд ямар ч хамаагүй нь илт. Удахгүй бие биеэсээ өрссөн барилгын компаниуд Туулын урсгал дунд трактор мөлхүүлж байж мэдэх дэг шүү.

Зайсангийн гүүр дөнгөж өнгөрөөд шинэхэн баригдсан орон сууцны гоёмсог байшингуудын бохир Туул руу цутгаж байгаатай таарав. Уртаас урт хаймран хоолойг Туулын далан давуулан угсарчээ. Бургилсан өмхий үнэртэй ус тэрхүү хоолойн задарсан хэсгээр олгойдно. Чухам хэн ийм эрээгүй аашилж байгааг мэдэх санаатай жаахан явсан ч эрэл мухардав.

Урт бетонон хашаанд хүн байтугай хулгана багтах зай алга. Түүний цаадтай бас л хос хоолойгоор ус урсгаж, Туул руу нийлүүлж байх юм. Маш өндөр даралтаар шахаж байгаа бололтой. Сэтгүүлчийн сониуч зандаа хөтлөгдөн тэрхүү хаймран хоолойг даган явсаар барилгын суурь ухсан газар тулж ирлээ. Нэгэнт л голоосоо холгүй учир ухсан нүхэнд гүний ус хоромхноо дүүрч, нуур болон тогтсон байв. Бохироо улаан цайм асгаж байгаагийн дэргэд энэ ч бас танагтай даг.

Бид яг л үйлдвэр комбинатын ардхан зогсч байлаа. Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал ууршуулах талбай тэрүүхэнд харагдана. үнэр ч гэж авах юм алга. Хамар амаа тагласан ч яаж ч болохгүй огиудас хүрнэ. Тэрхүү химийн бодисоор хатаасан лагийг машин машинаар нь далан дагуу уул болгон овоолсны дээр өндөр гэгчийн зэрлэг зай завсаргүй ургасан байв.

Тэрхүү овоолгуудын хооронд малын яс, үс, зунгаг хөлөөр нэг хөглөрөх нь өөрийн эрхгүй эвгүйцүүлнэ. Хараа өргөхийн зуур тэрүүхэнд голын ус мяралзах нь үзэгдэж, цэл ногоон бургас улиасны завсар тод өнгийн цэцэг найгах нь харагдана. Огт зохицолдохгүй хоёр өнгө төрх ийнхүү нэг дор харагдах аж. Бороо, үерийн усаар туугдан тэрхүү хорт овоолго, хог новшийнхоо хамт ариун дагшин Туулын уснаа эрээгүй түлхэгдэж орох болно.

Туулын эрэг дагуу бас ч сэрүүн сэргэг газар байх юм. Машин замыг нь хааснаас хэдхэн жилийн дотор цэцэг ургаж, газар сэргэсэн нь илт. Хүн, машины хөлөөр байгаль орчин ямар амархан доройтон буурдаг юм бэ, хэрэв жаахан л сэтгэл гаргавал Туулын ус ямар ч ургамлыг өлгийдөн ургуулах чадалтайгаа байгаа гэх өөдрөг бодол төдий л удаан үргэлжилсэнгүй.

Сонсголонгийн гүүр өнгөрөөд дахиад л хэсэг бусаг хог новш эрэг дагуу үе үе цайран цавцайна. Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд сэтгэл тавьж, Туулын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэдэг, амрагчид ирвэл хог бүү хая гэж ухуулдаг, хэрэг зөрчил гарвал улсын байцаагчид мэдээлдэг цөөн хүнийг цалинжуулан ажиллуулж байгаа ч тэдний хүч хаанаа ч хүрдэггүй нь илт. Хамгийн гол нь иргэдийн ухамсар чухал л даа.

Идэж уусан юм бол хогоо аваад явах л хэрэгтэй шүү дээ гэж байгаль хамгаалагчид маань гомдонгуй өгүүлж байсан. Байгаль хамгаалагчдын нэмж хэлснээр улсын байцаагч л торгуулийн арга хэмжээ авах эрхтэй байдаг нь хэтэрхий өрөөсгөл гэнэ. Уг нь тэдэнд бас газар дээр нь шалгаж, тохирсон шийтгэлийг оногдуулдаг эрх байдаг бол байгаль орчин, гол устай холбоотой аливаа зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох боломжтой болох гэнэ. Тийм биш учраас байгаль хамгаалагч нь зөвхөн мэдээлэгчийн л үүрэг гүйцэтгэж байгаа аж.

үргэлжлэл нь дараагийн дугаарт

Э.Соёл-Эрдэнэ
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих