ЗХУ-д цөлөгдсөн 126 хүнээс амьд үлдсэн Ж.Дашдоржийн амьдрал эмгэнэлтэй бөгөөд бахархалтай

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор  Д.ХОРОЛДАМБА ярьж байна.

 

14339163715577d3d399c61-Жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлал манай улсад 1996 оны есдүгээр сарын 10-наас тогтсон юм. Харин  улс төрийн хэлмэгдэгсдийн нягтлан цагаатгах, ажиллагаа 1939-1944, 1956-1962, 1989-1990 онд хэсэгчлэн явагджээ. Анх 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойн баярын үеэр “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдон хилс шийтгэл хүлээсэн зарим хүнийг шоронгоос сулласан нь хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх гэсэн анхны оролдлого гэж үзэж болно.

“Лхүмбийн хэрэг” нь хилс, зохиомол гэдгийг тухайн үед зарим хүмүүс мэдэж байсан. Тухайлбал Амар, Догсом нарын мундагчуул ардын хувьсгалын увьсгалын 15 жилийн ойгоор уг хэрэгт холбогдон ял эдэлж байсан байсан хүмүүсийг сулласанд X.Чойбалсан дургүйцэж байсан байдаг юм.

-Та саяхан Ж.Лхүмбийн 110 жилийн ойд зориулж Өвөрхангайд эрдэм шинжжилгээний хурал  зохион байгуулсан. Энэ хурлын талаарх мэдээлэл сонинг уншигчидтай хуваалцаач?

-Манай ЦАУЗБУК, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв санаачлан Өвөрхангай аймгийн салбар комисс, ИТХ, бусад байгууллага, эрдэмтэдтэйгээ хамтраад эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, амжилттай хийлээ. Хурлаар маш эгзэгтэй хүнд үед намын удирдлагад гарч ирээд улс оронд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд НТХ-ны нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн дарга Ж.Лхүмбэ зүтгэсэн гавьяатан, 1930-аад оны нийгэм, “улс төрийн томоохон зүтгэлтэн гэдгийг судлан тогтоож өглөө. Нөгөө талаас хувьсгалын эсэргүү японы тагнуулын бүлгийн “Лхүмбийн хэрэг” гэж сүр дуулиантай улс төрийн их хэлмэгдүүлэлт, төрийн террор нь 1937 оны их хядлагын оршил, эхлэл болсон талаар эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг нэгдсэн журмаар авсан чухал ажил боллоо.

-Ер нь тэр хэрэгт хэлмэгдээд амьд үлдсэн тохиолдол байдаг уу. Байдаг бол ямар хүн бэ?

-1930-аад оны их хядлагын үндэс суурь болсон “Лхүмбийн хэрэг” гэгч зохиомол хэргийн Хэнтий, Дорнод, Улаанбаатарын группийн хэрэг гэгчид холбогдуулан олон зуун хүнийг таслан шийтгэжээ. Түүнээс 126 хүнийг ЗХУ-д цөлөх ялаар шийтгэжээ.  ЗХУ-д цөлөгдсөн энэхүү 126 хүн алс бөглүү, байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай. Колымын хойгт хүний ёсноос гадуурхи зовлон зүдгүүрийг эдэлж амь насаа алджээ. ЗХУ-д цөлөгдсөн буриад хүмүүсийн хувь заяа хэрхсэн талаархИ судалгаа өнөө хэр хомс байна. Тийм учраас элэг нэгт монгол ахан дүү нар маань харийн нутагт ямар шүү байдалтай явсан бол гэдэг асуулт гардаг юм.

        -Судлаачид та бүхэн л хариултыг хэлэх байх?

-Маш ховорхон хувь заяатай зоригт эрс Монголын түүхэнд олон төрсөн. Харин хүний амьдралд тэр бүр тохиолдохгүй зовлон зүдгүүрийг амсан явсан чин зоригт монгол эрчүүдээс аль болох хэмжээгээр тодруулан, ховор дурсамж, яриа, холбогдох баримтыг харьцуулан судлахад азаар эсэн мэнд амьд үлдэж чадсан хэдхэн хүний нэг нь Жалсангийн Дашдорж гуай юм. Сибирийн алс бөглүүнутаг, байгалийн эрс тэрс уур амьсгал, харь газрын хатуу ширүүн цөллөгийн нөхцөлд амь үрэгдэгсдээсүлдэж хоцрон, дэлхийн дайнд татагдаж, Герман, Японы эсрэг дайнд оролцон баатарлагаар тулалдаж явсан Ж.Дашдорж гуайн амьдрал эмгэнэлтэй бөгөөд бахархалтай. Тэрбээр монгол эр хүний хатан зориг, баатарлагын үлгэр жишээ болохуйц гайхамшигтай хүн.

Ж.Дашдорж 1933 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Шүүх таслах газрын тогтоолоор хилс шийтгэгдэж, 1934 оны хоёрдугаар сард “Лхүмбийн хэрэг” гэгч хилс хэрэгт хэсэг буриад хүний хамт хилс шийтгүүлж, Улаанбаатарын төв шоронгоос ачигдан ЗХУ-руу цөлөгджээ. Анх Ж.Дашдорж Улаанбаатар хотоос 200 гаруй гэм зэмгүй хүний хамт ачааны 5 машинд ачигдан умард зүг холын аян замд гарчээ.

Жадтай буу барьсан харгалзагчид толгой дээгүүр нь березентээр бүтээж өндийх бүрт нь бууны бөгсөөр толгой түрүүгүй цохиж, жанчиж, даарч, өлсөж зүдэрсээр  Улаан Үд хотод хүргэгджээ.

Тэндээс ачааны вагонд ачигдан Эрхүүд хүрэхэд нь тэдэнд нэмж 5-10 жилийн ял өгөөд Сибирийн уудам нутгаар аян замыг үргэлжлүүлж, чанх баруун зүгт өдөр, шөнөгүй довтолгожээ. Вагоноор явахдаа өлсөж цангахын туйлд хүрснээс арагагүйн эрхэнд вагоны цонхонд наалдсан мөсийг бие биенээс өрсөлдөн долоож, шээсээ ууж 24 хоног явсан гэж байгаа. Тэгж явсаар нэг станц дээр бууцгаан, буутай харгалзагч нарт туугдан ой модон дундуур нарийхан жимээр өдөрт 20-30, заримдаа 60-аад км явган туулж, дайралдсан шавар шалбааг, горхи, цасны ус ууж, долоож явжээ. Хүнд бэрх аян замын уртад 3-4 нь нас барсан гэдэг. Замд нь орос хоригдлууд нэмэгдэн хамт туугдсаар  Печора гэдэг газарт хүрцгээсэн байна. Тэнд мод бэлтгэлийн ажилд ажиллаад дараа нь Стойпромысль гэдэг газарт хүргэгдэн нефтийн орд газар дайчлагдаж, туйпуу хийх ажилд хойтон жилийн 12 сар хүртэл ажиллаад мөн л цааш туугдан өдөрт  10-20, заримдаа 30-40  км явсаар Воркута гэдэг газар хүрчээ. Түүнээс цаас хүн амьтангүй, дүүрэн шавар, намагтай мөсөн далайд тулж очжээ. Тэнд ердөө л 10-аадхан монгол хүн хүрч очсны нэг нь Дашдорж гуай байжээ.

-Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон гэж дээр хэлсэн. Тэгэхээр ямар иргэншилтэйгээр тэр дайнд оролцсон бол?

-Ж.Дашдорж тийнхүү алс бөглүү, байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай. Уса гол, Печора мөрний сав газар, Воркута, Верхная Ута гэдэг газруудаар таван жил хүний ёсноос гадуурх зовлон зүдгүүр хилс ял эдэлж байтал ялаас чөлөөлж, ЗХУ-ын иргэний паспорт өгчээ. Гэвч эх орон Монгол руу явахыг чандлан хориглосон байна.

1939 онд цэргийн албанд татагдаад төдөлгүй халагдаж Верхний Вазайх  гэдэг модны аж ахуйд ажиллажээ. Тэнд байхад нь буюу 1941 оны зургадугаар сарын 22-ны үүрээр ЗХУ-руу Германы цэрэг газар, ус, агаараар нэгэн зэрэг довтолсноор бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа эхэлж, Ж.Дашдорж цэрэгт дайчлагдаж, Сибирийн буудлагын 32-р дивизийн бүрэлдэхүүнд орж Москва-Ленинградын гол замын баруун жигүүрийг хамгаалах ангид олон үндэстний цэргүүдтэй мөр зэрэгцэн ширүүн байлдаанд оржээ.

Москваг хамгаалалцан баатарлагаар байлдаж байхдаа хүндээр шархтан бараг жил шахам хугацаагаар Москва, Урал, Новосибирскийн цэргийн эмнэлгүүдээр хэвтэн эмчлүүлж хөл дээрээ дахин босоод эргээд л фронт руу хүрэлцэн очжээ. Тэгээд  Белорусын 2 дугаар фронтын бүрэлдэхүүнд орж, Харьковын дэргэд Германы цэргийн доволгооныг няцаах байлдаанд оржээ.

Ж.Дашдорж  гуай“Ворошиловын мэргэн буудагч” тэмдэг, үнэмлэхээр шагнагдаж, дуран хараат винтовоор олон фашистыг устгажээ. Тэрээр устгасан дайсныхаа тоог эхлээд 36 хүртэл тоолж байгаад цааш нь тоолохоо больсон, тоолох нөхцөлгүй, тоолох сонирхол ч үгүй болдог юм билээ гэсэн байдаг юм.

-Монголдоо эргэж ирсэн түүх нь?

-Европт дайтаж байсан Ж.Дашдорж 1943 оны арваннэгдүгээр сард ангийнхаа хамт Алс Дорнодод шилжин байрлах тушаал авч Ази руу аяны дөрөөг жийж Хасан нуурын орчим бууж, хил хамгаалах цэргийн ангид албаа үргэлжлүүлэн хаажээ. 1945 оны намар Японы Квантуны армийг бүрэн бут цохих дайнд анхлан орсон ангиудын нэг нь бага дэслэгч Ж.Дашдоржийн явган цэргийн анги байжээ. Ж.Дашдорж ангийнхаа дайчидтай  мөр зэрэгцэн байлдсаар Шар тэнгис хүртэл Японы самурай нартай тулалдаж явсан дайчин эр байжээ. Түүний зориг баатарлаг үйлсийг зүй ёсоор үнэлж ЗХУ-ын цэргийн дээд шагнал “Улаан таван хошуу”, “Эх орны дайны II зэргийн одон”, “Байлдааны гавьяаны төлөө” болон Монголын “Алтан гадас” зэрэг одонгоор шагнасан байдаг.

Үүнээс үзвэл Орос, Монгол хоёр улс зоригт дайчны алдар гавьяаг өндрөөр үнэлж байсныг харуулж байна. Дайны дараа Зөвлөлтийн Чита хотод ирж, улмаар 1954 онд монгол паспортоо авчээ. Энэ тухайгаа Ж.Дашдорж абугай хожим 1988 онд Цэрэндагвад ярихдаа:

“Бүтэн жил гаруй хүлээгээд цөхөрч байтал харин нэг сайхан өдөр шуудангаар монгол паспорт хүрээд иржээ. Би монгол бичигтэй паспортоо үзээд элгэндээ тэврээд уйлж байсан шүү. Ээ дээ, хүний төрсөн нутаг, эх орон гэдэг мөн ч хүчтэй шүү” гэж өгүүлсэн байдаг.

БНМАУ-ын АИХ-ын дэргэдэх Цагаатгах Ажлыг эрхлэх  Комиссын 1962 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн80-р тогтоолоор Ж.Дашдорж гуайг гэм буруугүй болохыг тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, иргэний нэр төрийг нь сэргээсэн байна.

Түүний төрсөн дүү Ж.Бавуудорж мөн л  “Лхүмбийн хэрэг” гэгч хилс хэрэгт буриад ахан дүүсийн хамт хилс шийтгүүлж, эх орноо үүрд орхин ЗХУ-д цөлөгдөөд эх орны дайн эхэлмэгц цэргийн нисэхийн сургуульд элсэн суралцаж нисэх онгоцны буудагч болоод байлдаж яваад 1943 онд германы цэргийн нисэх онгоцуудтай хийсэн халз тулаанд баатарлагаар амь үрэгджээ.

“Лхүмбийн хэрэг” гэгч улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэн өнөөгийн ОХУ-д цөлөгдсөн 200 гаруй гэм зэмгүй буриад монгол эрсээс ердөө л тавхан хүн амьд үлдэж, түмэн зовлонг туулж, ЗХУ-ын паспорттой болж яваад хожим эсэн мэнд эргэж эх орондоо ирээд ясаа тависан  байна. Тэднээс амьд үлдэж, 1990-ээд он хүртэл 80 нас зооглосон цорын ганц хүн нь энэхүү Ж.Дашдорж гуай юм.

Монголчууд бид үнэхээр тэнгэрлэг шүү. тэднийг танин мэдэж, шүтэж, хойч үе, залуу үеийнхнээ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Ж.Дашдорж гуай шиг тэнгэрлэг өвөг дээдсийн маань туулсан замнал үнэхээр хэрэгтэй юмаа. Цагаатгалын ажлын амин сүнс бол хэлмэгдсэн нь үнэн гэсэн тал цагаан хуудас цаас өгөхөд бус харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдээ эргэн дурсаж, дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгдлийн гашуун үнэнийг олон түмэнд таниулах, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад л оршино гэж би үздэг. Ж.Дашдорж гуай  бол гайхалтай хувь заяатай. Үнэхээр нэн аугаа, гайхамшигтай  чин зоригт монгол эрсийн нэгэн содон жишээ яах аргагүй мөн.
Д.Ариун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 11 September 2015

судалгааны төвийг нь Л.Цог ул мөргүй устгаад хаясан байхад юун төвийн ахлах ажилтан гээд бичээд байдаг юм энэ сэтгүүлч Д.Ариун гэдэг хүн Хоролдамба ч яахав ярих хэлэх нь өөрийнх нь бодит байдлаас зуун хувь зөрөөтэй залуу даа

Сэтгэгдэл бичих