Эрх мэдэл амласан улстөрийн хүчин залуусыг соронзон мэт татах нь энэ цагийн гачлан…

Улс орны хөгжлийг иргэдийнх нь боловсролоор хэмждэг. Олонх улсад залуус улс төрд бус техник технологийн салбарт хүч үздэг. Нэг үгээр бол залуусын хүч үзэх салбар нь шинийг сэтгэж, бүтээх шинжлэх ухааны талбар байдаг гэсэн үг л дээ. Тэгээд ч орь залуу нас гэдэг сониуч, эрсдэлээс үл айдаг, эрэмгий зоригтой гэхчлэн их “сайхан” шинж чанаруудыг өөртөө агуулдаг учраас үр дүн нь тэр хэрээр өндөр байдаг гэж ойлгож болно.

Нөгөөтэйгүүр манай Монгол Улс залуусын орон гэгддэг учраас өсөн дэвжиж, өөдлөн хөгжих магадлал өндөртэй гээд хөөрчихөд нэг их ойворгон гэж хэлэгдэхгүй мэт санагддаг. Хэдийгээр хувиараа юм хийх гэхээр төрийн албаны хүнд суртал, “цуглуулах” ёстой албан бичиг баримтаас болж залхаад хаях сэдэл төрдег гэх үг олон хүний амнаас гардаг ч давчихвал эхний даваагаа давчихлаа, хийцгээ тэгээд үр дүнг нь амс, бас өөрөөрөө бахарх гэх боломж байгаа учраас тэр зэрэг юу ч биш мэт бодогддог.

Цаана чинь энэ бөв бөөрөнхий дэлхий дээр иймэрхүү асуудлыг зохицуулж хөлжих боломжийн тухай бодох ч эрхгүй хүн, ард иргэд байж л байгаа шүү дээ. Ингээд бодохоор эх орон, эрх чөлөө, элдвээр хэлэгддэг ч 20 жил болчихсон ардчилалд бөхөлзсөн ч багадам.

Мэдээж олонх хувиараа бизнес эрхлэгчид Монголд бизнес эрхлэх шиг бэрх юм үгүй гэдэг үгийг хэлдэг ч хайвал хаана ч гарц байдаг. Ялангуяа эх оронд маань ихээ олон нүх сүв бий гэдгийг халуун чулуу долоож үзсэн хашир бурхинууд хэлдгийг ойшоохгүй өнгөрч боломгүй. Залуусын эх орон, тайлан замаар эх орондоо ардчиллыг авчирч чадсан ард түмэн хэмээн замбуулинд яригддаг монголчууд, бүр тодруулбал залуучуудын маань сонголт хаана явна вэ гэх бодол сүүлийн үед төрөх болоо.

Бас ч гэж хэр хэмжээгээрээ сонирхлоо. Тэгээд ичлээ, гутлаа, гомдлоо. Бас залуусаа ийм болгоход голлох нөлөөг үзүүлсэн улстөрч, төрийн эрх баригчдад хэлэх үг байгааг мэдэрлээ. Монголын нийт хүн амын ихэнх хэсгийг залуучууд эзэлдэг, залуу улс. Залуучууд өнөөдөр нийгэмд эзлэх байр сууриа олж авахын тулд улстөрийн хүчнийг бараадахыг илүүд үздэг болж, цаана чинь.

Залуучуудаа, иргэдээ боломжийн амьдрах нөхцөлийг сайжруулах, тогтвортой төрийн бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлж чадаагүйгээс хэн нэгэн улстөрч эрхмийн утсан хүүхэлдэй болж, итгэл бас эрмэлзлэлээ чөдөрлөн эдийн засгаасайжруулахыг эрхэмлэх болж, наана чинь. Энэ бүхэн Монголын ирээдүйг будантуулж байна.

Нэг бол гадагшаа гарна, эс бол аль нэг нам, улстөрийн хүчинг бараадна гэх үзэлд үнэнчээр чөдөрлүүлж орхиж, Монголын залуучууд. Бүгдээрээ биш ч олонхи нь шүү. Хэрвээ энэхүү эмгэнэл, гажуудал үргэлжилсээр байх аваас их далайд жижиг гол цутгаж байгаа мэт Монголын ирээ-дүйн залгамж халаа “энэ” цагийн үргэлжлэл болж, дэлхийд гайхагдсан нүүдэлчин Монголын үүх түүх домог болон үлдэх магадлал ихээ ойрхон байгаа мэт санагдах нь юуны ёр бол…

З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих