ТӨЛӨӨ

tolooӨвчин зовлонгүй саруул нийгэмд өнө урт наслахын төлөө
Үгдрэх аюулгүй эрүүл орчинд өөдрөг тэнүүн амьсгалахын төлөө
Үнэт эрдэнэс, тансаг эдлэлд үй зайгүй шунахгүйн төлөө
Үнээ ивээлгэж, тахиа донгодуулж үнэн даруухан амьдрахын төлөө

Алдаа онооны дэнсэнд ээрэгдэж андуу эндүү гишгэхгүйн төлөө
Атаа жөтөөний оньсонд хуурагдаж анд нөхдөөсөө урвахгүйн төлөө
Алиг шалигхан ховонд мэтгэлцэж алдар хүндээ барахгүйн төлөө
Ач, гучийнхаа амьдралд хутгалдаж айхтар буруу зөнөхгүйн төлөө

Самуун цэнгэлд идэгдэн мансуурч хээнцэр насаа үрэхгүйн төлөө
Сархадын жүнзэнд эмзэг уруулаа хэтэрхий лав дүрэхгүйн төлөө
Сайхан нөхөдтэй шадарлан суугаад хэсэгхэн зуур наргихын төлөө
Сансрын хүрдэнд сүжиглэн ариусч хэдэнтээ ухаажаад сэргэхийн төлөө

Үзэсгэлэн төгс авхайг бишрээд үнэнч амрагаа гомдоохгүйн төлөө
Өнгө мөнгөний хатуухан хорвоод үр хүүхдээ гундаахгүйн төлөө
Үлгэр хүүрнэх өвгөжөөр насандаа өнгөрүүлсэн амьдралаа зүхэхгүйн төлөө
Үхэх нь тодорхой хожмын ертөнцөд үйлийн үрээсээ зугтахгүйн төлөө

ЭНЭ ХУНДАГЫГ ӨРГӨЕ ӨӨ!

Б.ОЙДОВ

(Жич: Зарим хүн хурим найран дээр намайг уриад энэ шүлгийг зориуд уншуулдаг юм. Тиймээс хэнбугай ч мөнхүү шүлгийг шейрлэж аваад цаашид зохиогчийн нэрийг дурдалгүйгээр өөрийн болгоод уншиж болох юм. Эмэгтэй хүн бол эхний гурван бадгийг уншаад л тасхийтэл хундага тулгачихсан байхад нэг хэсэгтээ л түсхийнэ)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих