ШИЛЭН ХЭТЭВЧ ТӨСВИЙГ НЭВТ ХАРАГДУУЛСАНГҮЙ

a7e4e51857bfe365bigОлон улсын төсвийн түншлэл байгууллагаас Монгол Улсын энэ оны төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцооны төвшингтодорхойлсон судалгаа хийжээ. Монгол Улсыг тав дахь удаагаа хамруулсан энэ удаагийн судалгаа нь Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн үед хийсэн гэдгээрээ онцлогтой. Судалгаагаар Монгол Улсын төсвийн ил тод байдалд ахиц дэвшил гарсангүй.

Тодруулбал, манай улс авбал зохих 100 онооноос 2006 онд 18, 2008 онд 36, 2010 онд 60 оноо, харин 2012 онд 51 оноо авч ухарсан. Харин энэ онд 51 оноо авсан буюу ил тод байдлын үзүүлэлт өсөөгүй байна. Тус байгууллага улсын төсвийн нээлттэй байдлыг төсвийн ил тод байдал, төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо, төсвийн хяналт гэсэн гол үзүүлэлтүүдээр үнэлдэг байна. Үүнээс төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоогоор Монгол Улс 19 оноо буюу маш хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Энэ онд баталсан Шилэн дансны хуульд иргэний хяналт гэдэг шинэ нэр томъёо орж ирсэн.

Тухайлбал, иргэд шилэн дансаар дамжуулан мэдээллийг бүрэн төгс авах эрхтэй. Хэрэв дутагдалтай байгаа тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдлоо аудитын байгууллагад гаргах эрх нээлттэй юм. Хариуд нь төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ. Улмаар иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

download (2)

Олон нийтийн оролцоо муу үнэлгээ авахад өнгөрсөн оны гүйцэтгэх засаглалын төсвийн төслийг бүрэн эхээр нь нийтлээгүй, энэ оны эхний хагас жилийн тойм боловсруулаагүй зэрэг зэрэг нөлөөлжээ. Үүнийг ч Шилэн дансны хуулиар зохицуулсан. Тухайлбал, тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор, хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-наас, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрөөс өмнө гэх мэт. Харин аудитын байгууллагын хяналт 92 оноо авч өндрөөр үнэлүүлжээ.

Тэгвэл улсын төсвийг ил тод болгох хууль хэрэгжиж эхлээд есөн сар өнгөрлөө. Харин хэрэгжилт нь хэрхэж буйг олон нийт сонирхох болов. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас ажилладаггүй шилэн дансыг тоолж, улмаар тоогоо алдсан бололтой. Тус байгууллага төрийн болон төрийн өмчит 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцад үнэлгээ өгсөн. Сонирхолтой нь шилэн дансаар иргэдэд ил тод мэдээлэл өгөхийг “олонх байгууллага” хангалтгүй зохион байгуулсан хэмээх бөөрөнхийлсөн үнэлгээ гарсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Орхон аймгийн ЗТДГ гэх гуравхан байгууллагыгцахим хуудаснаа холбогдох мэдээллийг хангалттай байршуулсан гэж сайшаасан байна. Улсаас бүрэн эрх олгосон байцаагчийн дүгнэлт энэ. Тэгвэл иргэний хувиар “Шилэн” гэх дансны байдлыг сонирхлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тогтмол хөтөлдөг аж. Ерөнхийлөгчийн Тамгын газар урсгал зардалд энэ жил 7.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. Үүнээс дөрөв орчим тэрбум /өссөн дүгээр/-ыг эхний хагас жилд зарцуулжээ.

Гүйцэтгэл нь 2.3 тэрбум бол, хэмнэлт нь 1.7 тэрбум байгаа аж. Харин 15 яамнаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хөтлөөгүй байгаа юм. Дээр нь Уул уурхайн яамны хагас жилийн тайланг олсонгүй. Мөн төрийн өмчийн компаниуд шилэн данс бараг байдаггүй аж. Тэдгээрийн мэдээлэл хомс ажээ.

Ялангуяа, байнгийн алдагдалтай ажилладаг цахилгаан станцуудын ширмэн данстай аж. Уг нь Шилэн дансны хуулиар мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байхыг заасан байдаг. Бүр цаг хугацаагаар нь мэдээлэх, төсвийн хэмнэлт, хэтрэлд, түүний шалтгааны тайлбарыг улирлаар нь тайлагнахыг тусгасан. Гэвч зарим шилэн данснаас энэ бүхэн харагдсангүй. Энэ нь тэд төсвийн хөрөнгийг юунд зарцуулснаа нуун дарагдуулсан гэх хардлага төрүүлэхээр байгаа юм. Тэгвэл Шилэн дансны хуулийг зөрчсөн төсвийн байгууллагын албан тушаалтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээдсахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Шилэн дансны тухай хуулиар сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй Ус сувгийн удирдах газар, 158,171 дүгээр цэцэрлэг, 35, 61 дүгээр сургуулийн удирдлагуудад арга хэмжээ авахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Улмаар тухайн байгууллагыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар нийтэд мэдээлэх билээ. Энэ нь төсвийн ил тод байдалд ахиц гаргах нэг алхам гэдгийг мэргэжилтнүүд зөвлөсөн юм.

 

 

Д.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих