Монголчууд гуйдаг бус гуйлгадаг болсноо мэдрэв

Их гүрнүүдийн ерөнхийлөгч нар дараалан айлчилж зунжин амарч, наадамласан төрийн албаныхны бэлэн байдлыг чамгүй шалгасан гэхэд болно. Долоо хоногийн эхний өдөр нийслэлийн төв зам дагуу цагаан цамцаар жигдэрсэн цагдаагийнхан хамгаалалтад гарч автомашины хөдөлгөөний саадгүй явуулахад замын цагдаагийнхан ч ихээхэн анхаарсан байв.
Нар ургахтай зэрэгцэн эхэлсэн энэ хамгаалалтын ажил өнгөрөгч долоо хоног үргэлжилсэн. Ням гаригийн орой манай улсад газардсан БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлал албан ёсоор даваа гаригт эхэлсэн юм. Сүхбаатарын талбайд угтан авах ёслол болов. Ёслол дуусч Төрийн ордонд оронгуут араас нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өөрийн онгоцоор газардав. Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлахын эсрэг иргэний хөдөлгөөнийхөн АНУ-ын дэд ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэж замыг нь угтан үзэл бодлоо илэрхийлсэн уриа, лоозон барин зогсож манайд урьд өмнө үзэгдэж байгаагүй үйл явдлыг харуулсан юм.
Мэдээж манайх ардчилсан улс болохоор иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлалын үеэр иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан зүйл нь тус улсад зорчих иргэдийн бизийн хөнгөлөлтийн асуудал байсан. Гэвч энэ удаа манай талаас энэ талаар саналаа илэрхийлээд л өнгөрөв. БНСУ-ын Засгийн газар эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах зэрэг тэргүүлэх чиглэлийн төслүүдэд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах төслийг хэрэгжүүлэх болсон. Мөн иргэний нисэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцаж байсан. Түүний айлчлалын өмнө яригдаж байсан Тавантолгойн ордод БНСУ оролцох сонирхолтой байгаа. Энэ талаар ярилцана гэж байсан нь батлагдаж эрхэмсэг ерөнхийлөгч саналаа дипломат аргаар хангалттай илэрхийлсэн.
Их гүрнүүдийн анхаарлыг ингэтлээ татаж, тэргүүнүүд нь өөрсдийн биеэр ирсэн шалтгаан нь манай улсын эрдэс баялаг. БНСУ, АНУ, Хятад, Канадын зочдын хувьд ярианы гол сэдэв уул уурхайн салбар байлаа. Дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн хувьд манай уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа төдийгүй ингэхийн тулд хөнгөлттэй болон буцалтгүй зээл тусламж өгөхөд гар татахгүй байгаа. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж. Байдентай Ерөнхий сайд С.Батболд уулзалт хийхдээ Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа хэлээд авсан. Мөн МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн хооронд иргэний нисэхийн болон худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах асуудлаар Санамж бичиг байгуулсан юм. Өнгөрөгч долоо хоногийн бас нэг зочин нь БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан байлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Санамж бичиг байгуулж 40 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон юм. Мөн хууль тогтоох байгууллага, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлж, залуучууд, улс төрийн нам, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцсон ажлуудаа эрчимжүүлэх тухай ярилцсан байна. Манайд саатсан зочдын нэг монголчуудын цөсийг хөөргөсөн сайхан дурсамжийг санагдуулсан хүн байсан нь Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге байлаа. Тэрээр Шадар М.Энхболдод Монголын баг тамирчдыг Лондон 2012 олимпод оролцох эрхийн бичгийг гардуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзалт хийхдээ Лондон-2012” олимп болон паралимпийн 4700 ширхэг медалийн алт, мөнгө, хүрэл медалийг Монгол металаар хийх болсныг уламжилсан юм. Ингэснээр монголчуудын цөсийг хөөргөөд авсан.
Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд дэлхийгээр тархсан монголчууд Монгол нутагтаа цуглаж төв талбайдаа цуглаж Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадмаа хийлээ. Тэд зөвхөн дуулж хуудаж наадалгүй эвлэлд нэгдэж Монгол Улсдаа хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг ч ярилцсан юм.
Долоо хоногийн сайхан мэдээ
Өнгөрсөн долоо хоногт айлчлалын хөлд дарагдсан ч олон сайхан таатай мэдээлэл ар араасаа дараалан гарсан. Үүний нэг нь Монгол Улсын төсвийн орлого төлөвлөснөөс 248 тэрбумаар давж биелэсэн байна. Тэгэхээр намрын чуулган эхэлж 2012 оны төсөв хэлэлцэхээр өмнө ээлжит бус чуулган хуралдуулж төсвийн тодотгол хийх сонирхолтой байгаагаа Засгийн газар илэрхийлэв. Илүү орж ирсэн энэ их мөнгийг хөрөнгө оруулалт, агаарын бохирол, эрүүл мэнд, иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах саналыг гүйцэтгэх засаглалынхан хэлж байна.
Дараагийн таатай мэдээ нь нар хур тэгширсэн сайхан зун болсон болохоор тариаланчид өмнөх жилүүдээс арвин ургац авах нь. Тариаланчид нэг га талбайгаас 14.5 центр үр тариа хураах боломжтой байгаа аж. Ингэснээр үр тариа, төмснийхөө хэрэглээг 100 хувь хангах юм байна. Мөн хүнсний ногооны 60 хувийг хангах болж байгаа аж. Тэгэхээр монголчууд хятад хүнсний ногоонд хорддог цаг ард үлдэх нь. Дахин нэг таатай мэдээ дуулгахад баасан гаригт Яармагийн дэнжид баригдах орон сууцны хорооллын шав тавих ёслол болов. Олон хорооллоос онцлохын учир нь “Шинэ Яармаг” хороолол барихад Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдсэнээр иргэд хямд эх үүсвэртэй урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой болж байгаа аж.
Ингэснээр нэг м/кв нь 700-800 ам.доллараар зургаан хувийн хүүтэй урт хугацааны зээлээр орон сууцтай болох боломжийг гэр хорооллын голдуу иргэдэд олгох юм.

Таагүй мэдээлэл
Б.Хурцыг өнгөрөгч жилийн есдүгээр сарын 17-ны өдөр Европын холбооны улсын баривчлах захирамжийн дагуу Английн эрх бүхий албаныхан саатуулсан бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт Германы талд хүлээлгэн өгсөн юм.
Б.Хурцыг Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг манай талаас эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж улмаар түүнд холбогдох гомдлыг өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-ний өдөр “Royal Court of Justice” Дээд шүүхийн хурлын танхимд хэлэлцсэн билээ. Үүний дараа буюу өнгөрөгч долдугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг танилцуулахад өмгөөлөгч Алун Жонс “Монголын Засгийн газар давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Олон улсын шүүхэд хандах болно” гэж мэдэгдсэн юм.
Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр өнгөрөгч хавраас хойш УМБГ-ын Мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгуулж эхэлсэн Улсын начин Ц.Улаанхүүгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд гурван цаг үргэлжилж хар тамхи зөөвөрлөсөн хадгалсан гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэж үзэн чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хорих ял оноолоо. Мөрдөн шалгагдах үеэсээ өөрийгөө гүтгэгдсэнгэж мэдээлсэн начин шүүхийн шийдвэр гарахад ч буруугүй гэж мэдэгдсээр байлаа.

Өнгөрөгч долоо хоногийн таагүй мэдээний нэг нь Жүдо бөхийн дэлхийн аваргыг зорьсон тамирчид нэг ч медаль авч чадалгүй тэмцээнийг дуусгасан явдал байв. Лондон 2012 олимпод хамгийн ихээр найдвар төрүүлж байгаа жүдогийн тамирчид энэ удаа монголчуудын итгэлийг алдав. Бэлтгэл дутсан уу эсвэл өөр шалтгаан байсан уу мэдэхгүй. 13 тамирчнаас нэг нь ч медалийн төлөө барилдсангүй. Ихэнх нь цэвэр ялагдаж байгааг харсан монголчууд сэтгэл гундуухан байлаа.

Ц.Ургамал

URL:

Сэтгэгдэл бичих