Аки башёг озэки Тэрүнофүжи тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн Аки башё 6 дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Асасэкирюү Сэйро Өнөболдтой барилдаж ээлжит даваагаа авч 5 даваа нэг унаатай болов. Өчигдрийн онцлох барилдааныг маэгашира Ичиножёо хийсэн. Тэрбээр энэ сард сайн барилдаж буй Точиозантай хүч үзэн илүүрхэн давсан.

Ичиножёо Точиозаныг давсанаар манай озэки Тэрүнофүжи ганцаараа башёг тэргүүлж эхлэв. Аки башёгийн зургаадахь өдөр тэргүүлэгчийн эгнээнд явж буй озэки Тэрүнофүжи Точиношинтэй барилдаж хүнд байдлаас ээлжит нэгэн даваагаа авлаа. Ёшиказе  озэки Гойёдотой барилдан давсан. Тэр энэ сард хоёр аварга, хоёр озэкиг нураагаад байна.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү өнөөдөр Окиноумиг тун хүнд байдлаас дэвжээнээс гаргасан юм. Эхлээд Какүрюү аварга өрсөлдөгчөө дэвжээ рүү шахсан бол Окиноуми эргүүлээд өөрийг нь нөгөө зах руу хүч түрэн гаргах дөхсөн.

Харин Какүрюү аварга дэвжээний захад ухаалаг барилдаж чадсанаар ээлжит даваагаа авлаа. Ийнхүү эхний зургаан өдрийн дараа Тэрүнофүжи тэргүүлж, Какүрюү, Точиозан, Кисеносато нар нэхэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих