Ч.Чагнаадорж: Хүний нутагт…

Хүний нутагт би, аргал түүж гал түлэхгүй
Хүний нутагт би, адуу манаж хээр хонохгүй
Хүний нутагт би, амрагтайгаа цэцгэн дундуур алхахгүй
Хүний нутагт би, айргийн амтанд халамцаад уудам талаар давхихгүй.
Хүний нутаг, миний нутаг биш болохоор
Хүрээ татсан сарнаас нь домгийн шувуу нисэхгүй
Хүний нутаг миний нутаг биш болохоор
Хүрэн уулсын гүнээс нь буга урамдахыг сонсохгүй.
Хүний нутгийн хөрсөн дээр тэнгэр ширтэн хэвтэвч
Хүүхэд байхдаа нээсэн цэнхэр өнгийг харахгүй
Хүний нутгийн салхиар цээж дүүртэл амьсгалавч
Хөх өвсний үнэр сэтгэлийн гүнд амтагдахгүй.
Ангир цагаан сүүнийхээ дусал бүрээр ундаалж
Атга алтан шороонийхоо ширхэг бүрээр тоглож
Аавтайгаа хамт морь аргамжиж хоносон
Алтангадас одтой шөнөө санадаг болохоор.
Зүүдэндээ би хөсөг тэргээр нүүж
Зүмбэр мөнгөн уулсынхаа бэлд нь бууж тайвширдаг юм
Зүрхэндээ би хүрэн бууцаа үгүйлж
Зүсрэх цагаан бороонд хааяахан норж уужирдаг юм.
Хүний нутгийн зүгээс нутгаа би ширтэхдээ
Хүйт даасан гудманд нь нулимсаа сэм унагадаг юм
Хүлээж хоцорсон Ижийгээ дэндүү их санахдаа
Хүсэл хорьсон хилий нь даваад гүймээр болдог юм.
Өссөн төрсөн нутгийн минь амьдрал буурай болохоор
Өөрийн эрхгүй би хүний нутагт явнам
Үр хойчийнхоо жаргалд шигтгээ нэмэхийн төлөө
Үйлийн үртэй хорвоогоос мөнгө хайж сажилнам.
Тэртэй холд цэнхэртэх тэргэл сартай нутаг минь
Тэмээн жин хөвөрсөн тэнүүн сайхан нутаг минь
Эцэг өвгөдийн үлдээсэн энх саруул нутаг минь
Ижий Аавын амьтай миний ганцхан нутаг минь.

( Дэлхийд тархсан Монголчууддаа зориулав)

Ч.Чагнаадорж ЯРУУ НАЙРАГ БА ЯРУУСАЛ


URL:

Сэтгэгдэл бичих