Н.БАТЦЭРЭГ САЙД ЗАЙСАНГИЙН 106 ИРГЭНД ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

32224b9d9cec364fc86d4e8e87092e23_largeБОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнөөдөр ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсангийн 106 иргэнд газар ашиглах гэрчилгээгээг нь гардуулж өглөө. Тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдээс 305 иргэн газрын гэрчилгээгээ авсан байсан бол өнөөдөр 106 иргэн газар ашиглах гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр нийт 411 өрх айл хууль ёсны газартай болж газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж байна.

Сайд Н.Батцэрэг “Богдхан уулын дархан цаазат газарт олон жил амьдарсан уугуул иргэдийн газрыг бүртгэлжүүлэн, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр ХУД-ийн арваннэгдүгээр хорооны 92 иргэнд, дөрөвдүгээр хорооны 14 иргэнд тус тус газар ашиглах гэрчилгээг нь гардуулж байгаадаа баяртай байна. Цаашдаа энэхүү иргэдийн газрын асуудлыг шийдэх ажил ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Богд уул, Зайсангийн газар хамгийн их маргаан дагуулсан асуудлуудын нэг. Уг ажлыг гүйцэтгэх явцад газрын хэмжээ харилцан адилгүй, нэг хашаан дахь айл өрхийн тоо олон, газрын маргаантай, орох гарах зай завсаргүй шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарсан байдаг. Тухайлбал ХУД-ийн Арцатын аманд л гэхэд хамгийн бага нь 247.07 м.кв талбайтай айл байхад хамгийн том нь 6308.27 м.кв талбайтай айл байгаа гэдэг. Хуулийн дагуу нэг иргэнд 0.05 га-гаас ихгүй газарт гэрчилгээ олгох тул том талбайтай айл өрхүүдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцох ажил явагдаж байна.

Харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршиж буй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан тохиолдолд газар ашиглах гэрчилгээг олгох боломжгүй юм байна.

Ямартай ч төрийн албаны залгамж чанарыг хадгалж ажиллахаа УИХ дээр амлаж байсан Н.Батцэрэг сайд яамныхаа ажлыг цаг алдалгүй шуурхайлан шийдвэрлэсээр байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих