УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу, Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд БНСУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй төдийгүй манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жил энэ онд тохиож буйг онцлов.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцааны бат бэх суурь бий болж, 2015 он хоёр орны харилцааг ирэх 25 жилд хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох онцгой цаг үе болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилга болон Монголын талын дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулж, хамтран ажиллах нь чухал хэмээн тэмдэглэв. Монгол Улс 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уг уулзалтад оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Е-Парламент” төсөл амжилттай хэрэгжсэнийг дурдаж, талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээ, интеграцийн оролцооны талаар харилцан ярилцаж, парламентын түвшний хамтын ажиллагааны талаар санал солилцов.


URL:

Сэтгэгдэл бичих