Хүүхдийн хадгаламжаас хумсалж өр төлөх төлөвлөгөө

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар тусгасан. Энэ заалтыг ирэх оны анхны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх юм. Ингэснээр хадгаламжиндаа 100 сая, 10 мянган төгрөгтэй байсан ч ялгаагүй хүүгийн орлогоос татвар төлөхөөр болж байна. Уг нь, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хүүгийн орлогоос татвар авах тухай хэлцэл гурван жилийн өмнөөс болж байв. Гэвч энэ нь хүний эрх зөрчсөн болно гэдэг үндэслэлээр ийнхүү бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүргээд байгаа юм.

 

ГЭГЭЭТЭЙ ЦОНХООР

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тодорхой заасан учир хадгаламжтай иргэн бүр хуулиа мөрдөхөөс өөр аргагүй. Тиймээс энэ байдлыг нэн түрүүнд гэгээтэй цонхоор харах нь зөв биз. Тэгээд ч дэлхийн олон оронд энэ төрлийн татвар үйлчилдэг. Тухайлбал, Германд хадгаламжийн хүүгийн орлогоос 15 хувийн татвар авдаг байна. Энэ орнууд хадгаламжинд мөнгөө байршуулснаар тухайн иргэн орлого олж байна гэж үздэг. Ийм л учраас хувь хүний орлогын албан татварын тухай хууль үйлчилдэг. Тухайлбал, сая төгрөгийг Монголбанкны дундаж хүүгээр жилийн 13 хувийн хүүтэй хадгаламжид байршуулснаар иргэн 130 мянган төгрөгийн орлого олж байна. Энэ хүүгийн орлогынхоо 10 хувь буюу 13 мянган төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр олгоно л гэсэн үг юм. Маш товчхондоо хүнс үйлдвэрлээд, мал маллаад орлого олж байгаа хүн татвар төлдөг. Харин мөнгөө хадгалуулаад орлого олж байгаа хүнээс татвар авахгүй байх нь шударга бус зарчим болно. Тиймээс татварын хууль иргэн бүрт л тэгш үйлчлэх үүрэгтэй. Үүнд улстөржих дуртай нэгний яриад байгаа шиг ямар ч давхар татвар, хууль бус зүйл байхгүй. Мөн үндсэн хадгаламжийн 10 хувийг татварт өгнө гэсэн буруу ойлголтой иргэн олон бий. Ийм мэдээллийг ч хэсэг бүлэг хүн зориуд түгээх болоод уджээ. Үүнээс гадна ийм зохицуулалтыг эдийн засаг тэлсэн үед хэрэгжүүлдэг гадны туршлага байдаг тухай ч эдийн засагчид өгүүлсээр байна.

 

ХАРАНХУЙ ЦОНХООР

 

Хувь иргэн хадгаламжинд мөнгөө байршуулснаар орлого олж байгаа нь үнэн боломж, энэ хуулийн заалтад хэд хэдэн эрсдэл байгаа юм. Энэ бүх алдаа оноог “Бүх төрлийн хадгаламж” гэсэн үг агуулж байна. Хуулийн энэ заалт, ийм гурван үгийн нөлөөгөөр Монгол Улс хүүхдийнхээ хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах болоод байгаа юм. Ирээдүйн сайн сайхны төлөө, улс орондоо хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хүүхдүүдэд сар бүр төрөөс олгодог 20 мянган төгрөгийг аав ээжүүд өөрөөсөө харамлан байж, хүүхдийнхээ хадгаламжид хийдэг. Гэтэл улсаас хүүхдүүдийнхээ ирээдүйн хадгаламжаас хумсалж байгаа нь мэдээж сайхан санаа биш. Цөөн үгээр хэлбэл, Монгол Улсын ирээдүй болсон 18 хүртэлх насны бүх хүүхдэд энэ татвар ялгалгүй үйлчилнэ. Мөн хуучин автомашинаа худалдсан мөнгөө гар дээр байхаар үрчихнэ гэж шийдэн, хадгаламжид байршуулсан залуу гэр бүлүүд, орон сууцны урдчилгаа төлбөр бүрдүүлэх гэсэн залууст энэ хууль ялгалгүй үйлчилнэ. Тэгвэл Монголбанкны хадгаламжийн бүтцийг авч үзвэл, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар нийт хадгаламж эзэмшигчдийн зургаахан хувь нь 10 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байх юм.

 

Харин 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэн ердөө гуравхан хувь байгаа аж. Гэсэн атлаа энэ гурван хувьд багтаж буй хадгаламж эзэмшигчид хадгаламжид байгаа нийт мөнгөний 90 орчим хувийг бүрдүүлж буй. Зөвхөн энэ баримтаас бид баян ядуугийн хооронд ямар их ялгаа байгааг харж болж байна. Цаашлаад хэдхэн хүний халаасанд Монгол Улсын мөнгө төвлөрчихсөн байгааг нотолж байна. Тэгвэл өөр нэгэн баримт авч үзвэл Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн санхүүгийн боловсрол, зан төлөвийг тодорхойлох судалгаанд хот, хөдөөгийн 749 иргэдийг хамруулснаас 419 нь энгийн иргэн, үлдсэн 330 нь хадгаламж зээлийн хоршооны гишүүн байж. Улаанбаатар, Увс, Хэнтий, Архангай, Төв аймгийнхан судалгаанд оролцжээ. Тэдгээрийн 59.9 хувь нь эмэгтэйчүүд, 40.1 хувийг нь эрчүүд бүрдүүлжээ. Нийт өрхийн дөрөвний нэг хувь нь л өрхийн хэмжээнд огт хадгаламжгүй гэж хариулснаас харахад иргэд хуримтлалын тухай тодорхой хэмжээний ойлголттой болж хэмээн дүгнэж болохоор байна. Гэтэл хадгаламжтай иргэдийн 67.8 хувь нь 100-500 мянган төгрөгийн л хадгаламж эзэмшдэг гэсэн гомдмоор үзүүлэлт гарчээ. Харин дөрвөн хувь нь 5-10 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэж хариулсан байна.

 

НИЙТИЙН ХҮСЭЛ

 

Банкны системийн нийт хадгаламжийн хэмжээ 11 их наяд төгрөг. Үүний долоон их наяд нь иргэдийн хадгаламж юм. Тэдний 70 хувь нь төгрөгийн үлдсэн хэсэг нь валютын хадгаламжтай. Тэгвэл одоогийн байдлаар 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувьтай тэнцэж буй аж. Энэ нь өнгөрсөн онд 100 саяас дээш төгрөгийн хадгаламжаас хүүгийн орлогоос татвар авахаар болсонтой холбоотой тухай “Хадгаламжийн даатгалын корпорац”-ын гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн хэлж байна. Түүнийхээр энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд мөнгөө татаж, арилжааны банкуудын зээлийн эх үүсвэр буурах магадлалтай гэнэ. Харин Эдийн засагч Х.Батсуурь цаг хугацааны хувьд мөн эсэхэд эргэлзсэн хариулт өгөв. Мөн эдийн засагч Б.Хосбаяр ямар нэгэн шатлал тогтоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Харин иргэдийн хүсэл бол өөр байгаа юм. Тухайлбал, хүүхдийн хадгаламжийн орлогоос татвар авахыг тэг хувь болгон бууруулах нь иргэн бүрийн таалалд нийцнэ. Мөн тав хүртэлх сая төгрөгийн хадгаламжаас авах татварын хэмжээг ялгаж, салгах шаардлага байгаа юм. Яг үнэндээ тав хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдээс авах татварын хэмжээ их мөнгө биш. Тиймээс хүүхдийн хадгаламж, таваас доош сая төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварыг тэглэж болохоор байгаа юм. Үгүй бол хүүхдийнхээ хадгаламжаас хумсалж, гадаад өрөө дарах гэсэн арчаагүй улс мэт харагдах нь дамжиггүй. Тэгээд ч төсөвт төвлөрсөн энэ татварын мөнгийг “Чингис”, “Самурай” бондын хүүнд “гулгуулах” өндөр магадлалтай байгаа. Харин 15-20 сая төгрөгийн хүүгийн орлогод таван хувийн татвар, 100 ба түүнээс дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэнээс 15 хүртэлх хувийн татвар авна гэх мэтээр шатлал тогтоож өгсөн бол байдал өөр. Тухайлбал, 100 сая төгрөгийн хадгаламжтай иргэн гурван хувийг бүрдүүлдэг гэсэн энэ оны эхний улирлын судалгаагаар тооцвол тэд ойролцоогоор жилд 60 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хадгаламжийн хүүгээс олох тооцоо гарч байна. Үүнээс 15 хувийн татвар авна гэж тооцвол тоо бодож суухаар тоосго өрж сурах нь дээр гэж боддог болсон манайханд түвэгтэй хариулт гарч ирнэ. Тэгээд ч нийгмийн чинээлэг давхаргын иргэд бусдаас илүү хүнд ачаа үүрэх үүрэг аль ч улсад бий. Тиймээс нийгмээс тасарсан баячуудын хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварын хэмжээг нэмэгдүүлж болж байна. Мэдээж, хууль бүгдэд нь тэгш үйлчлэх зарчмыг барина. Харин энэ бүхний ард иргэдийн хадгаламжийн мөнгөн дүнд тааруулан шатлал тогтоох сайхан арга байгааг хууль санаачлагч, хууль батлагчдын хэн нь ч олж харахыг хүссэнгүй.

 

Д.Ганбаатар

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих