Уран барилдаант Улсын заан Ч.Бямбадорж таалал төгслөө


Уран хурц барилдаанаараа бөх сонирхогч олон түмнээ баясгаж явсан Улсын заан Чадраабалын Бямбадорж өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр Ховд аймгийн Чандмань суманд 1964 онд төрсөн бөгөөд луу жилтэнүүдийн нэг нь болж Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд баяр хүч, уран барилдаанаараа гайхуулж явсан бөх билээ.

Ч.Бямбадорж нь наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлж барилдааныхаа гарааг эхэлсэн. 1989 оны улсын наадамд Д.Мягмар заанаар тав давж начин, 1994 онд улсын заан Ц.Баярсайханаар долоо давж заан цол хүртсэн. 1990, 1995, 1997 онд тав давсан үнэн хүчит заан байсан юм.

Түүний аав Чадраабал нь Хөдөлмөрийн баатар малчин байсан бөгөөд хүү Бямбадорж нь Үндэсний бөх болон чөлөөт бөхөөр Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж байсан хүчтэн юм. Түүнийг хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ховд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Аймгийн шагналын журам”, аймгийн Засаг даргын 2015 оны 1/1642 тоотоор ирүүлсэн саналыг үндэслэн Монгол улсын нэрийг тив, дэлхийд дуурсгасан бөхчүүдийг бэлтгэж, Үндэсний их бахархал хүчит бөхийн барилдааны торгон ногоон дэвжээнээ аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн Монгол улсын заан цолыг хүртэж, олон арван улсын заан, харцага, начин цолтнуудыг бэлтгэн дасгалжуулсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат багш, дасгалжуулагч Чадраабалын Бямбадоржийг аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж шагнахаар шийдвэрлэсэн юм.

Таны инээсэн сайхан дүр, уран хурц барилдаан, шударга гүндүүгүй дүр төрх монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Та минь мөнх тэнгэрийн орондоо амгалан нойрсоорой.


URL:

Сэтгэгдэл бичих