Азийн Топ модель Д.Болормаа:Хүн савнаасаа халиад ирэхээр тэнэглэж эхэлдэг. Яг тэр нь л Сэлэнгээ дээр харагдсан…

Монголын загварын ертөнцөд одоо ч өөрийн гэсэн байр сууриа эзэлж, оршин тогтносоор байгаа хүн бол Азийн топ модель Д.Болормаа.

Загварын ертөнцийн “хар ирвэс” гэгддэг тэрбээр 46-хан насандаа эмээ болжээ. Залуухан, үзэсгэлэнтэй, эрч хүчээр дүүрэн загварын “акул” маань ярилцлага өгөхгүй гэж нэлээд “унжсан”-ы эцэст сая нэг юм зөвшөөрлөө. 

 

болормаа

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ёстой олддоггүй ховор хүнтэй ярилцлага хийх завшаан тохиосонд баяртай байна. Өнгөрсөн хугацаанд та хэтэрхий нам жим байлаа. Хэвлэлээр зөндөө ч “дайрууллаа”. Олны танил явах хэцүү байх аа?

 

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг хэсэг олонтойгоо бужигналаа. Жаахан нам жим л байя гэж бодсон юм.

Би Монголын загварын ертөнцөд маш их үүрэг гүйцэтгэх юмсан гээд зүтгэчихсэн. Энэ утгаараа багш гэдэг нэр зүүгээд явж байгаадаа баяртай байна. Заавал ярилцлага, зураг, рекламанд орох шаардлагатай биш. Нэг хэсэг бүгдэд нь ороод ханачихсан. Одоо бол ярилцлага, рекламанд орох сонирхолгүй болжээ.

Харин багш гэдэг утгаараа хүүхдүүдээрээ л бахархаж, огшиж амьдарч байна. Би өөрөө моринд их хайртай болохоор уяачидтай адилхан өөрийгөө төсөөлдөг болчихож. Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд ороод ирэхээр ололт амжилттай талыг нь харж, цаашид юун дээр анхаарах вэ гээд ажил ихтэй. Миний өөрийн заасан хичээл, зүтгэл шавь дээр харагдаж, шавь маань амжилт гаргаад ирэх тэр торгон агшин л хамгийн сайхан болж дээ.

 

-Шавь нар тань амжилтад хүрээд зогсохгүй гэр бүлд тань нэг шинэ хүн мэндэлсэн гэх сайхан мэдээ сонссон. Та 46-хан насандаа эмээ болчихсон юм билээ?

-Миний ганц хүү намайг эмээ болгосон. Хүмүүс эмээ боллоо л гээд байдаг, эмээ болох шиг сайхан зүйл байдаггүй юм байна.

 

-Үнэн гэж үү. Загварын ертөнцийн үзэсгэлэнтэй “акул”-ыг ингэж ярьж байгаад нэг л итгэхгүй байна шүү. Эмээ болчихлоо гэж хэлэхээсээ ичихгүй байна уу?

-Хүмүүс эрт эмээ болмооргүй байна, битгий эмээ гэж дуудаад бай гээд л дургүй байдаг. Надад бол үнэхээр сайхан байна. Амьдралын гол утга учир эрүүл мэнд, эгэл амьдрал.

Маш их ажилтай явж байгаад орой гэртээ дөнгөж хөл тавихад л миний хөөрхөн ач өөдөөс инээд алдан угтаж, ядаргаа шууд л тайлагдана. Стресс, ядаргаа, бухимдал тайлах эм чинь миний ач. Би гэртээ ороод л ачтайгаа хэл нь ойлгогдохгүй гадаадаар ярьж эхэлнэ шүү дээ.

 

-Ач, зээгээ үзэхээр төрсөн үрээсээ ч илүү хөл алдан хайрладаг гэдэг үнэн юм байна уу?

-Гарцаагүй үнэн юм билээ. Тэр хөөрхөн зулзагыг хараад л би хайраараа сөгддөг юм.

 

-Та сайн эмээ бололтой. Азийн топ модель маань эгэл сайхан амьдралд умбаж л яваа юм байна. Бас таны амнаас зайлшгүй сонсох нэг асуулт байна. Хамгийн сүүлд танай агентлагийн модель гэгдэж явсан Сэлэнгэ таны талаар их эвгүй ярилцлага өгсөн. Тэр ярилцлагыг уншсан байх?

-Сэлэнгээгийн хувьд анх 15-тай манай агентлагт ирсэн. Би их мундаг охин болгосон. Хүн савнаасаа халиад ирэхээр тэнэглэж эхэлдэг. Яг тэр нь л Сэлэнгээ дээр харагдсан. Дэлхийн мисст оролцож, гадаад дотоод яваад ирэхээр өөрийгөө дэндүү мундаг болчихлоо гэж бодсон байх.

Намайг их муухайгаар ярьсан байна лээ. Хуруу гараараа чичилж дайрсан гээд л. Зөндөө гэрч бий. 15, 16 хүн хажууд байсан. Гол нь уучихсан над дээр ирээд Сайн уу ч гэж мэндлээгүй. Тэгэхээр нь миний шавь ийм болчих гэж дээ гээд “Чи барагтайхан байгаарай” гэсэн юм.

 

-Сэлэнгээ өөр л юм ярьсан байсан даа. Та Сүбээдэйтэй хардсан юм биш үү?

-Манайхаас тав, зургаан хүүхэд Сингапурын агентлагт ажиллахаар явсан юм. Тэнд түрүүлж очсоноороо Сэлэнгээ адилхан монголчууддаа тусалж, дэмжихийн оронд Сүбэйдээд их онцгүй зан гаргасныг моделиудаас сонссон байсан. Тэрнийг л хэлсэн. Гэтэл намайг Сүбээдэйг харамласан гэж ярьсанд нь үнэхээр гайхсан.

 

-Ямар онцгүй зан гаргасан гэж?

-Хүүхдүүдийн асуудлыг дэлгэрүүлж яриад яах юм бэ.

 

-Бас хүүхдүүдээ зардаг шахуу юм ярьсан байна лээ?

-Миний инээд хүрсэн. Би 14 жил ажиллахдаа нэг хүүхэд зарсан бол ээж нь хүрч ирээд намайг үстдэг юм байгаа биз дээ. Би ч гэсэн эх хүн. Охиноо ч юм уу, хүүгээ зараад явж байх уу. Хүний наймаа гэдэг бол маш том хуулийн хариуцлага хүлээх, зүйд нийцэхгүй зүйл. Миний ёс суртахуунд ч нийцэхгүй. Хэрвээ би хүүхдүүдээ зарж суусан бол энэ агентлаг өдийд тогтож байх уу.

 

-Таныг бараг л цэвэрхэн эмсийн хүрээлэн ажиллуулж, түүнээсээ мөнгө олдог юм шиг ярьдаг?

-Миний 253 моделийн бараг 30-ынх нь ар гэрийн хүмүүс цагдаа, прокурорт ажилладаг. Сайд, том бизнесмений ч хүүхдүүд бий.  Наад зах нь ингээд бодсон ч би хүүхдүүдээ зараад сууж байхгүй.

 

-Хүнийг бас ингэж айхтар гүтгэж болохгүй л дээ. Тэглээ гээд та шавьтайгаа хэрүүл хийгээд явах нь ч хаашаа юм?

-Нэгэн цагт миний шавь гэж явсан, миний хүүхэд шиг шахуу хүнтэй би хэрүүл хийж, доошоо ороод яах билээ. Өөрийнхөө нас намба, албан тушаалаа бодсон ч тэр. Сэлэнгээгийн амьдрал бол Сэлэнгээгийн л амьдрал. Тэр хүн ямар замаар явахаа өөрөө л сонгосон. Ер нь би Сэлэнгээг мэдэхээ байгаад дөрвөн жил болж байна. Сахилгагүй, ааш муутай, агентлагийн хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлчих гээд байхаар нь аль эрт агентлагаасаа гаргасан.

 

-Сэлэнгээг та моделийнх нь хувьд хэр үнэлдэг вэ?

-Нэг их сайн модель биш.

 

-Мэдээж таныг муулаад байхад та яаж магтах вэ дээ, тийм ээ?

-Мундаг модель биш. Зүгээр байдаг, боломжийн модель.

 

-Ер нь танай загвар өмсөгчид гадагшаа их явах юм. “Монгол Модель” агентлаг Монголоосоо халиад олон улсын тавцанд гарсан гэж болно. Бусад агентлагтлагуудаас гадаад харилцаа сайтай гэдгээрээ ялгардаг шүү?

-Анх л “Монгол Модель” агентлагийг байгуулахдаа Монгол гэдэг нэрийг дуурсгах моделийг төрүүлэх юмсан, Монголынхоо төлөө цохиолох зүрхтэй хүнийг бий болгох юмсан гэсэн зорилготойгоор байгуулж байлаа.

Манайх Сингапур, Хонг Конг руу моделиудаа яг албан ёсны хуулийн дагуу гэрээгээр явуулж ажиллуулдаг.

Сар бүр Fashion өдрүүд эхэлдэг юм л даа. Энэ өдрүүд эхлэхээр бид зураг, анкетаа эндээс өгч явуулахад тэндээс сонголтоо хийдэг. Тэнцсэн хүүхдүүд 1-3 сараар гэрээт газар руугаа явж, цалингийнхаа 70 хувийг өөрсдөө авч, 30 хувийг агентлагтаа өгдөг. Энэ бол загварын ертөнцийн баримталдаг олон улсын зарчим, хууль. Бид яг энэ зарчимыг л барьж ажилладаг.  Ний нуугүй хэлэхэд моделийн агентлагаар мөнгө олдоггүй юм.

 

-Тэгээд юу олдог юм бэ?

-Үүгээр хүний мөн чанар, сайхан сэтгэл, аливаа зүйлийн үнэ цэн, хөдөлмөрлөхийн сайхныг олж өгдөг. Эцэг эхээс заяасан энэ сайхан эрдэнэ шиг бие болон оюуныг яаж авч явах вэ, хэрхэн эх орондоо хэрэгтэй, зөв хүн болох вэ гэдгийг манай агентлаг зааж, чиглүүлж өгдөг.

 

-Танайд ихэвчилэн өсвөр насны хүүхдүүд ирдэг болохоор нэг талаар найз шиг, эгч шиг, ээж шиг нь сайн зөвлөгч, багш байх шаардлагатай байх?

-Тэгэлгүй яах вэ. Намайг манай хүүхдүүд “ээж” гэж дууддаг. Хоёр дахь ээж минь гэдэг юм. Өсвөр насны хүүхдүүд манай агентлагт анхлан хөл тавьдаг болохоор ээж шиг, эгч шиг нь зааж, зөвлөх шаардлагатай. Тэр нь юу вэ гэхээр улс эх орондоо ёс суртахуунтай, гоо зүйтэй иргэн боловсруулж өгч байгаа явдал юм. Энэ бүхэн миний эх орондоо хийж буй хувь нэмэр.

 

-Та ээжээс нь дутахгүй зааж, зөвлөдөг харагдсан. Хичнээн хүүхдийн ээж, багш нь болоод байна вэ?

-Өдий 14 жил болоход би 7200 гаруй шавь төгсгөсөн байна. Тэндээс А, B, C зэрэглэл тогтоогоод яг одоогоор “Монгол Модель” агентлагт 250 гаруй модель хамаардаг. Энэ 250 хүүхдийн зүрх сэтгэл яаж буцалдагийг хүмүүс огт сонирхдоггүй. Зөвхөн өнгөн талаас нь л хараад байдаг. Гэтэл тэр сайхан залуу, сайхан охины ард бүтэн өнчин, хагас өнчин, гэдэс цувдай өдий хүртэл идэж яваа амьдрал бий. Миний хүүхдүүд гэр хорооллынх, ядруу зүдрүү гэхээргүй тансаг харагддаг л даа. Моделийн цалингаараа гэртээ түлээ нүүрс аваад харьдаг өч төчнөөн хүүхэд бий.

 

-Нээрээ л тийм байх даа. Бид нэгнээ өнгөн талаас нь дүгнээд л тэр сайхан залуу, охины ард ямар амьдрал өрнөдгийг огт мэддэггүй?

-Тийм. Би хүүхдүүдтэйгээ захирал, эсвэл модель гэж хол хөндий харьцдаггүй. Аав, ээж, ар гэрийг нь мэддэггүй нэг ч хүүхэд надад байхгүй. Багш хүн шавьтайгаа яаж тулж харьцаж, сэтгэл санаа, амь амьдралыг нь мэддэг билээ, яг л түүн шиг би хүүхдүүдээ арван хуруу шигээ сайн мэднэ.

 

-Эцэг, эхчүүд бол ийм сайн багшид нугасгүй биз?

-Манай хүүхдүүдийн эцэг, эх надад амиа тавьдаг. Дуу хоолойгоо ч бидний зорилгын төлөө нэгтгэдэг. Ер нь л би хүүхдүүдийнхээ эцэг, эхтэй бас тулж харьцдаг даа. Хүүхдийг нь сургачихаад тэр хэний хүүхэд вэ гэдгийг мэдэхгүй бол утгагүй . Миний хүүхдүүд үгэнд маань ороод хичээлээ ч тасалдаггүй. Заримдаа ээж,  аавдаа хэлээгүй зовлонгоо надад яриад уйлдаг. Тэр байтугай намайг “Амьдралын бурхан” гэж нэрлэдэг. Би тэр бурхан нь үргэлж байх юмсан гэж хичээдэг.

 

-Нууц биш бол моделиуд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол оо?

-Боломжийн авдаг. Моделиудын цалингийн 30 хувийг эргүүлээд агентлагтаа зарцуулдаг. Ядарсан зарим хүүхдүүдийн ар гэрт нь түлээ нүүрс авч өгч, өвдсөн зовсон хүмүүст маш их хандив өгч ирсэн. Наад зах нь Эх үрсийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаас эхлээд бидэнд хийх ажил юу эс мундах вэ дээ.

Сүүлийн үед залуус мөнгөнд, бэлэн амьдралд их дуртай болжээ. Би хүүхдүүддээ мөнгөний боол биш хаан нь болж яв гэж хэлдэг юм. Мөнгө хүний амьдралд хэрэгтэй л дээ. Гэхдээ мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл гэж байдаг. Мөнгийг хүн олохдоо тулвал олчихдог. Харин амьдралаас хоёр л зүйлийг худалдаж авч болдоггүй. Нэг нь эрүүл мэнд, нөгөө нь хүний сайхан сэтгэл. Нэг хүн надад хичнээн сайхан сэтгэл гаргаж байсныг би хожим нь ухаарсан ч гэсэн өнөөх хүн аль хэдийнэ холдоод явчихсан бол түүнийг яаж ч дуудаад, хичнээн их хөрөнгө мөнгө өгөөд ч худалдаж авч болдоггүй.

 

-Танд хэн нэгний эргэсэн сэтгэлийг эсвэл эрүүл мэндийг худалдаад ч авч болохгүй юм даа гэж ухаарсан үе бий бололтой?

-Би өнгөрсөн жил аавыгаа алдсан/уйлав/. Гурвын гурван хэвтэрийн хүнийг асарна гэдэг маш хэцүү. Миний амьдралаас алга болсон нэг юм нь энэ л дээ.

 

-Уучлаарай, таны сэтгэлийн эмзэг сэдвийг хөндчихлөө. Гурвын гурван хэвтэрийн хүнийг та зэрэг асарч байсан юм уу?

-Тийм ээ. Өнгөрсөн хоёр жил надад маш хүнд байлаа. Нэг нь миний аав, нөгөө нь 98-тай эмээ маань, бас дунд охин дүү минь хэвтэрт ороод би нэг хэсэг ухаангүй л байлаа.

Тэднийгээ бараг хоёр жил асарч, ээждээ дэм болсон. Амьдралын ноён нуруу эр хүн гэдэг ч миний хувьд эмэгтэй хүн гэж хэлмээр байдаг. Эмэгтэй хүн үнэхээр хүчтэй, үнэхээр босоо байдаг юм байна. Их уйлдаг мөртлөө дэндүү тэвчээртэй. Хадыг нулимсаараа хагална гэдэг шиг л маш их уйлж, маш их тэвчээр гаргасан он жилүүд ард хоцорсон.

Энэ хугацаанд би бүх л юмыг орхисон доо. Урилга, заллагуудаас хамгийн түрүүнд татгалзаж байлаа. Одооноос эргээд хэвийн амьдралдаа орж байна. Хамт олон, хүүхдүүд, гэр бүл, тэр олон нөхдөөс тунаж  үлдсэн гурван найз маань намайг эргээд босгоод ирсэн.

 

-Гуравхан найз тунаж үлдлээ гэнэ ээ. Хүнд үед найз нарынхаа тарыг таниа юу?

-Надад маш олон найз байсан. Одоо ёстой л гуравхан найз тунаж үлдлээ. Гол нь миний шударга зан, гоё сэтгэлийг хэн ч ойлгодоггүй ертөнцтэй би тулалдаад л байна. Би дэндүү их сэтгэл гаргадаг ч эргээд хариу хүсдэггүй. Хэн нэгэнтэй найзалвал өөрийгөө тэр чигт нь зориулдаг. Гэвч тэр их сэтгэл рүү минь нэг л удаа ус цацвал эргэж харахгүй яваад өгдөг. Харин надтай үхэн үхтэлээ найзлаад байвал найзлаад л байна.

Найзуудтайгаа би доод тал нь 12 жил, дээд тал нь 24 жил нөхөрлөж байлаа. Юун дээр алга болчихов оо гэтэл би олны танил болоод, дээшээ гараад ирсэн нь тэдэнд таалагдаагүй юм байна. Бас гоё машин унаад, тансаг амьдраад ирэхээр бүгд л шаваад, гоё сайхан магтаал, бялдуучлалын үгээр булж эхэлдэг. Тэгтэл өнгөрсөн гурван жил өвчин зовлон тохиолдоод өнөөх Болороо рекламанд ч тоглохгүй, зурагтаар ч гарахгүй болоход найзууд таг шүү. Яав ийв гэж нэг нь ч асуухгүй алга болсон.

 

-Тэр найз нар нь загварын ертөнцийн бүсгүйчүүл үү?

-Зөндөө. Загварынхан, бизнесийнхэн гээд холимог. Надад бүх салбарт ажилладаг найз нар байна.

 

-Та бол гаднаа их л сайхан хүүхэн яваад байдаг. Гэтэл тэр сайхан царайны ард бидний амьдрал яг адилхан, жаргал, зовлон ээлжилж л байдаг байхгүй юу?

-Тийм ээ. Би жирийн л хүн. Миний амьдралд жаргал, зовлон бусдын адил ээлжилдэг. Одоо болтол би гэдэс цувдаа идэж өссөн амьдралаа үгүйлдэг. Хааяа ээж минь хонины толгой авч ирэхэд ширээнийхээ голд тавьчихаад гэдэс цувдаагаа идэж, 40-ийн бетонтой ус зөөж явсан үеэ эргэн санадаг юм. Энэ амьдрал хамгийн сайхан үе байсан гэж боддог. Тансаг машин унаснаас ч илүү сайхан. Таван настай жаахан охин 10-ын бетонтой үс чирээд явж байснаа би үргэлж санан дурсдаг.

Одоо бол би хааяа гэр хороололд шавь нарындаа очиж, лавшаагаа иддэг. Тэгэхээр манай шавь нарын ээж, аав их сандарна аа. Одоо яанаа гээд л. Би юу ярьж байгаа юм, ийм сайхан эгэл амьдралд би дуртай, бага нас минь санагдаж байна гэдэг.

 

-Хүмүүс уг нь тансаг амьдралд шунаж, дурладаг бол та улам л энгийн болоод байх юм?

-Мэдээж гэр хорооллын охин зөндөө л юм мөрөөддөг байлаа. Тансаг байр, машин, сайхан ханьтай болно гээд л мөрөөднө. Тэр мөрөөдлүүдээ би бүгдийг нь биелүүлсэн.

 

-Таны хань их эрт бурхан болсон байх аа. Ганцаараа удаан явлаа?

-Тийм ээ. Бурхан болсноос нь хойш хүнтэй нэг их ойр байя гэж бодоогүй юм.

 

-Өөртөө хэтэрхий хатуурхаад байгаа юм биш үү?

-Ханиа өнгөрөхөд би хөөрхөн хүүтэй болж хоцорсон. Хүүгээ өөр эрэгтэй хүнтэй хамт өсгөнө гэж бодохоор миний санаанд багтаагүй юм. Надад үнэхээр хайртай хүн тохиолдсон ч хүүг минь ад үзчих вий, миний хүүд буруу хүмүүжил олгож, муухай хүн болгочих вий гэсэндээ би хүүгээ 18 нас хүртэл нь хүнтэй суухгүй гэж тангараг өргөсөн. Үнэхээр 18 нас хүртэл нь хүнтэй суугаагүй, үерхээ ч үгүй. Харин дараа нь эргээд хартал хөөрхий Болороо хөгширчихсөн байсан.

 

-Яалаа гэж дээ, та хөгширөх нь битгий хэл 30 настайгаараа үлдчихсэн юм шиг харагдаж байна. Нас бол ердөө тоо шүү дээ?

-Уг нь тийм. Хөгширлөө гэж зүгээр хэлж л байгаа болохоос дотоод сэтгэл маань хүүхдээрээ шахуу. Би их өөдрөг болохоор хөгширлөө гэж ярих, бодох дургүй. Хамгийн гол нь олны танил байна гэдэг хоёр талтай. Нэг бодлын хүн бүхэн хэзээний танидаг мэт Сайн уу Болороо гээд л сайхан, нөгөө талаар намайг энд тэндэхийн хүмүүстэй холбож бичсээр байгаад нөхөргүй болгочихсон.

 

-Та ч шударга хүн шүү. Нэр нэгтийн чих нэг гэгчээр нөгөө бичдэгүүдийн чинь нэг нь би болохоор ийм үг өөдөөс тань харж суугаад сонсох халуухан л байна?

- Үнэн шүү. Одоо намайг тоодог эр хүн байна уу, бараг байхгүй дээ.

 

-Аая, та худлаа яриад л. Таныг эрчүүд тоохгүй байна гэж юу байх вэ?

-Аргагүй шүү дээ, олон хүнтэй явдаг энэ тэр гэхээр чинь хэн надтай сууя гэж бодох билээ. Нөгөөтэйгүүр эр хүн байгалиасаа омог, бардам, хүчтэй болохоор өөрөөсөө боловсрол, зиндаа дээгүүр эмэгтэй хүнтэй суухыг хүсдэггүй юм байна. Яагаад гэвэл алдартай хүнтэй суучихвал нөгөө эмэгтэйгээрээ овоглуулчих гээд байдаг. Тэгээд  ч олны танилын нөхөр байна гэдэг хэцүү. Нэг өдөр эхнэр нь бас бичүүлчихээр үнэн үү, худлаа юу гэж  эргэлзэнэ. Гэхдээ манай үеийн моделиуд бүгдээрээ л нөхөргүй байна доо.

 

-Тийм л байх. Ингэхэд нөгөө Баярсайхан юу болсон бэ?

-Тэр чинь аль арав гаруй жилийн өмнөх зүйл шүү дээ. Түүнийг л одоо болтол хэвлэлийнхэн холбож бичих юм. Баясаа ханьтай, үр хүүхэдтэй, тогтсон амьдралтай болсон байлгүй дээ. Бид ямар ч холбоогүй болсон.

 

-Магадгүй та хоёр тухайн үед болж бүтсэн бол одоо хамт амьдарч л байх байсан даа?

-Би бүр сууна гэж боддог байсан юм чинь. Суугаагүй шалтгаан нь бас л шар хэвлэл. Бид хоёр нэг нэгэндээ үнэхээр сайн байсан. Гэтэл шар хэвлэл намайг элдэв зүйлээр булсан, тэгээд л хоёр тийшээ болсон. Гэхдээ бид хоёр суусан бол ингэж амьдрах байсан гэж боддоггүй. Угаасаа л суух ёсгүй байсан болоод л хэрчүүлсэн байхгүй юу.

 

-Сүүлд Николь гээд гадаад хүнтэй нэр холбогдоод байсан?

-Тэр бол ёстой худлаа шүү. Би тийм хүнийг огт танихгүй. Ёстой гайхаж, шоконд орсон.

 

-Таныг хэвлэлээр янз бүрийн залуучуудтай холбож л байдаг. Гэхдээ айлын гэр бүл үймүүллээ л гэж би лав сонсож байгаагүй юм байна?

-Би амьдралдаа хоёр юмыг мөрддөг. Нэгт найзынхаа найзалсан залуутай хэзээ ч айлгүйтэж чадахгүй. Хоёрт хүний босгосон амьдрал руу өнгийхгүй.

Би мэдээж ганц бие. Хааяа бизнесийн хоёр, гурван хүнтэй хамт хоолонд ороход л намайг холбочихдог. Тэр нь маш хэцүү. Түүнээс хойш би ресторанд орохоо байсан. Бас хүлээн авалтанд ч явахаа больсон. Хүлээн авалтанд гоёод очихоор намайг шиншиланы алуурчин гэж бичдэг. Гоё үнэтэй зүйлээ бариад явсан ч яалаа, байсан ч яалаа гэж боддог болсон. Ажил дээрээ, эсвэл гэртээ юм уу ээж дээрээ очих нь миний хувьд вант улс шүү дээ. Ээжийнхээ хоолыг идэх нь дээд зэргийн ресторан, гэртээ очих нь таван одтой зочид буудал л гэсэн үг. Тэр таван одтой буудалд миний хайртай ач хүлээж байдаг юм.

 

-Таван одтой буудал гэснээс та хэзээ хамгийн сүүлд дээд зэргийн ресторан, бас зочид буудалд оров?

-Ресторанд ороогүй удаж байна. Буудлын хувьд гадаад руу явахдаа л таван одтой зочид буудалд буудаг юм.

 

-Тэгвэл болзоонд яваагүй удаж байна уу?

-Болзоонд яваагүй удаж байна оо. Угаасаа ч эршүүд хүн. Одоо бүр ч эршүүд болчихож. Эрэгтэй хүн миний биенд хүрэхээр бараг л цохиод авдаг. Айлгүйтэж чаддаггүй. Хөх, гуяа гаргасан секси зүйлд аймаар дургүй. Найз нөхдөө тийм хувцас өмсвөл наадахаа битүүл гээд хэлчихдэг.

 

-Яагаад. Та уг нь гоё, сайхан биетэй. Байгаа юмаараа яагаад гайхуулж болохгүй гэж?

-Эмэгтэй хүн хоёр янз. Нэг нь секси, эмэгтэйлэг. Нөгөө нь хүчирхэг. Би бол хүчирхэг эмэгтэй нь. Надад эмэгтэй зан байгаа мөртлөө найланхай, эмэгтэйлэг араншин байхгүй. Эр хүн рүү хандарч чаддаггүй, тийм л хүн дээ.

 

-Тэгэхэд Э.Одгэрэл эгч танаас тав эгч хэрнээ одоо улам л секси болоод байна?

-Манай Одгэрэл угийн эмэгтэйлэг, сайхан бүсгүй. Би хэзээ ч Одгэрэл шиг найланхай байж чадахгүй. Одгэрэл бид хоёрыг хөгширчихлөө, тайзнаасаа буу гээд л сайтуудын сэтгэгдлийн доор хүмүүс муухайгаар бичсэн байдаг. Би бол Оогийгоо муулуулах дургүй. Эмэгтэй хүний бахархал, гоо сайхны дээд болсон тийм гоё бүсгүйг бахархаж, хүндлэхийн оронд элдвээр хэлэх гээд байдаг. Харин ч Оогийг маань муулвал гэдэн хөдөлнө шүү.

 

-Аргагүй л сайн анд нь бололтой?

-Би ер нь эмэгтэйчүүдээ их өмөөрдөг.

 

-Тэгвэл хүчирхэг, ганц бие эмэгтэйн сексийн амьдралыг сонирхоё?

-Надад секс сонин биш. Би түүнийг чухалчилж боддоггүй. Бүх юмны хойно тавьдаг. Надад эр хүний сайхан тэврэлт, босгож өгдөг үг нь л таалагддаг.

Хамгийн сайхан зүйл бол цэв цэвэрхэн гэртээ ном уншаад юм уу дарс уугаад амрах. Бас хүү, ээж хоёрын маань духан үнсэх үнсэлт хамгийн сайхан.

 

-Та бараг л “онгон” болж байгаа юм биш үү?

-Секс гэдгийг мартаж. Эмэгтэй хүн ээж болох ёстой. Тэр үүргээ л ямар ч байсан гүйцэтгэсэн. Сексийн тэр нь гоё, энэ нь сайхан гэдэг талаар ч би ярих дургүй.

 

-Залуу нас, гоо үзэсгэлэнгээ тэгвэл та юунаас авч байна аа?

-Элдэв юм хэрэглэхдээ биш бие физиологоо зөв авч явах л чухал. Маш сайн унтаж, амрах хэрэгтэй. Унтахдаа дээшээ харж, зөв унтах ёстой. Мөн зөв хүндээ стрессээ маш сайн тайлах хэрэгтэй. Хэзээ ч буглаж болохгүй. Стрессээ тайлахгүй буглаад байвал зүрх өвдөөд өөхөлж эхэлнэ. Стресс хэт таргалуулна, эсвэл хэт тураадаг. Хүн стрессдэхгүй л байх хэрэгтэй.

Түүнээс биш хүмүүс залуу хүнтэй унтвал залуужна, хөгшин хүнтэй унтвал хөгширдөг гэж худлаа ярьдаг. Тэр бол шал худлаа.

 

-Яг энэ талаар яаж асуухаа мэдэхгүй байсан юм. Үнэнийг хэлэхэд Болормаа жаахан хүүхдүүдтэй явалддаг гээд л ярих юм билээ?

-Яалаа гэж дээ. Би багш хүн. Энэ олон шавь нарынхаа хэн нэгэнтэй нь явах зүрх надад байхгүй. Би эднийхээ багш нь, ээж нь, эгч нь шүү дээ. Зарим хүмүүсийн бодлоор би аймаар мундаг явдалтай хүн шиг байгаа юм. Эмэгтэй хүн их өрөвдөлтэй. Бүх ялыг нь үүрдэг. Явсан ч янхан, яваагүй ч янхан гэдэг нэр зүүдэг.

Харин би хүүхдүүд гэдэг гэрэл гэгээтэй, маш хүчтэй энергитэй орчинд ажилладаг. Тэд маань хов жив  биш дандаа мөрөөдөл ярина. Тийм болохоор л би залуу харагддаг байх.

 

-Танд дурласан агентлагийн тань нэг залуу гарын шуу дээрээ “Болормаа” гэж шивүүлсэн тохиолдол бий гэж сонссон?

-Тийм тохиолдол байсан. Ер нь хүүхдүүд маань үргэлж хамт байсаар байгаад дасах тохиолдол байна. Ний нуугүй хэлэхэд “Багш аа би танд хайртай” гэж хэлдэг хүүхдүүд маш олон бий. Харин би тэр болгонд эр эмийн хайр гэж хүлээж авдаггүй. Багш, шавийн хайр гэж хүлээж авдаг. Тийм ээ, багш нь ч та нарт хайртай л гэж хэлдэг.

Уг чанартаа манай хүүхдүүд багш шавь биш, эмэгтэй хүн талаас нь надад хайртай гэж хэлдэг нь үнэн. Нүднийх нь өнгөнөөс харахад үнэхээр надад хайртай болсон байдаг. Гэхдээаливаа зүйлд хил хязгаар байх ёстой. Надад хайртай гэсэн ч би багшийн хайраар хүлээж аваад, хил хязгаар тогтоосон байхад тэр ханыг давж чадахгүй шүү дээ.

 

-Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй гэгч нь л болдог юм биз дээ?

- Би бол дур булаам, хөөрхөн хүүхэн биш. Би сайхан хүүхэн. Сайхан сэтгэлтэй, бас эцэг, эхээс дэндүү гоё бие галбир заяалаа. Түүнийгээ хөгжүүлж чадсан болохоор би сайхан хүүхэн.

Ер нь эрэгтэй хүнээр дутагддаггүй ээ. Бардам байдаг. Үнэндээ миний араас гүйдэг маш олон хүн бий. Найман жил гүйж байгаа хүн байна. Доод тал нь хоёр жил гүйж байгаа ч хүн бий.

 

-Нас бол хязгааргүй юу?

-Үгүй. Би юу гэж өөрөөсөө хамаагүй доор хүнтэй уулзах юм. Надаас доод тал нь арав дүү, үеийн, бас ах хүмүүс ч байна. Ер нь би эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, сайхан найзууд болж чаддаг. Яг бизнес хийгээд сайхан явж байтал өнөөх эрчүүд нь надад дурлачихдаг. Тэгэхээр нь би тэр хүнээс холддог. Эрэгтэй хүн бизнес нь сайхан бүтээд ирэхээр “Yes” гээд л сайхан огшдог шүү дээ. Би яг л түүн шиг. Ажил маань сайхан бүтэж байтал өнөөх эр хүн дин дон гээд л тогтож хараад л, ханд өгөөд ирэхээр миний дургүй хүрчихдэг. Тэгээд л би нэг бол сайхан ажил хэргийн хамтрагч, найзууд байя, эсвэл хамтын ажлаа больё гээд яваад өгдөг. Мэдээж би яваандаа хүнтэй суух л байлгүй.

 

-Амьдралын утга учир бол хайр. Харин та хайрын романсаас зугтаж явдаг бололтой?

-Би хайр дурлалыг гэр бүлээ л гэж боддог. Миний гэр бүл сайхан байвал боллоо. Ер нь хүн бүр л хайраар дүүрэн байх хэрэгтэй. Заавал эр, эмийн хайр биш. Монгол хүн бүхэн нэгнээ хайрлаж, хүндэлж байвал сайхан. Хүн нэг л амьдарна. Маргааш бидний хэн нь үхэхийг мэдэхгүй. Амьддаа бие биенээ хайрла гэж сайхан үг байна шүү дээ. Маргааш үхэх юмшиг нэгнээ хайрлаж, хайраа түгээж амьдрах сайхан. Хүнийг олон найзтайгаар нь биш, оршуулган дээр нь хичнээн хүн ирж байгаагаар хэн байсныг нь дүгнэж болно. Бурхан болоод хадан гэртээ очиход ганцхан ээж минь торойж байвал хэцүү. Тиймээс маш их буян үйлдэж, маш олон буян түгээх хэрэгтэй. Би маш олон хүнд тусалдаг. Өнөөдөр би дэндүү сайхан амьдарч байна. Хэн нэгнээс эдийн засгийн хараат биш, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн явна. Энэ л сайхан.

 

-Санал нэг байна. Загварын ертөнцөд Болормаа гэдэг нэр одоо ч дархлагдсан хэвээр байна. Та ийм өрсөлдөөнтэй талбарт яаж удаан оршин тогтнож чадаж байна аа?

-Би энэ мэргэжилдээ дэндүү хайртай. Дэндүү хайртай болохоор одоо ч би загварын ертөнцөд оршин байна. Дээрээс нь би дэндүү шударга, бас их хөдөлмөрч. Өөрийн гараар баялаг бүтээж, үр шимийг нь хүртэх дуртай. Тийм ч болохоор миний хүүхдүүд яг миний школоор хүмүүжсэн. Чи сайн л ажилла, сайн модель болж чадвал сайхан амьдарч чадна. Өөрийн хөдөлмөрийн хөлсөөр олсон мөнгө хамгийн амттай гэж хүүхдүүддээ хэлдэг.

Дээр үед манай ахмадууд яг өөрсдийнхөө хөдөлмөрийн хүчээр баатар цол авдаг байж. Одоо бол Соёлын тэргүүний ажилтан гэх мэт цол ямар ч үнэ цэнгүй болсон байна. Би бол нэлээн зовж байж л СТА авч байсан юмдаг. Гэтэл одооны гарч ирсэн дуучин, жүжигчин болгон СТА болчихож. Юмыг туйлшруулж болохгүй. Хэдэн жил зүтгэж байж, ямар шалгуураар цол тэмдэгээр шагнах вэ гэсэн цензуртай болмоор санагддаг. Ер нь бол хамгийн том шагнал бол ард түмний шагнал юм даа.

 

-Та Алтангадас одонтой ганц модель байх аа. Загварынхнаас та ганцаараа алтан гадас одон хүртсэн санагдах юм?

-Тийм ээ. Би загварынханаас ганцаараа Алтангадас одон хүртсэн. Дизайнерууд, моделиудаас хэн нь ч Алтангадас одон авч байгаагүй л дээ.

Манай аав хоёр Алтангадас одонтой байсан юм. Би багадаа аавынхаа тэр Алтангадасыг энгэртээ зүүж үзээд л “Том болоод би яг энэ одон авна даа” гэж боддог байсан. Тэгтэл хүсэл минь биелсэн. Энэ бүхэн бас л миний хүүхдүүдийн гавьяа.

 

- Дараагийн удаа гавьяат уу?

-Үгүй, үгүй. Төр засгийн шагнал ингээд л боллоо. Надад Алтангадасаас илүү том шагнал хэрэггүй.

 

-Сониноос,  та Азийн топ модель гэдэг эрхэм алдрыг 1997 онд хүртэж байсан. Монголынхоо нэрийг Азид дуурсгасан анхны модель бол та. Харин одоо олон Азийн модельтой болсон шиг байна лээ?

-Би лав 56 орноос шигшигдэж байж Азийн топ модель авч байсан. Сүүлийн үед зөндөө л олон Азийн топ модельтой болсон байна лээ. Ямар ч байсан миний авсан Азийн топ модель их үнэ цэнтэй байсан. 15 жил авч чадаагүй шагналыг би эх орондоо авч ирж байлаа.

 

-Одоо бодоход таны үед л загварын ертөнц оргилж байжээ. Тэр үеэ бодоход сайхан байдаг уу?

-Яг үнэн. Одгэрэл, Туяацэцэг, Цолмон, Байгаль, Ариунаа гээд л. Үнэхээр гоё. Одоо бодоход огшдог юм.

 

-Гэтэл тэдгээрээс одоо ч үнэ цэнтэй байгаа нь Одгэрэл та хоёр юм болов уу гэж бодох юм?

-Түүгээр бахархдаг. Манай Одгэрэл эмэгтэй хүн яаж гоо сайхныг удирдаж чадах вэ гэдгийг харуулж чадаж байна. Одгэрэлээрээ бахархдаг, харахаар л хайр хүрээд байдаг.  Харин миний хувьд эмэгтэй хүн өөрийнхөө мэргэжил, ур чадварыг шавьдаа хэрхэн өвлүүлж чадах бэ гэдгийг харуулж чадсан.

 

-Тийм ээ, та мундаг шавь нар төрүүлсээр байна. Насаараа уралдсан морь уралдаан болох дөхөхөөр өөрийгөө сойдог гэдэг шиг та загварын тайзнаа алхах шавь нараа хараад огшино биз?

-Ээ бурхан минь, тэр огшилт хамгийн гоё. Би яг тэр морьд шиг чинь өөрийгөө сойдог болчихсон. Олон улсын тэмцээнүүдэд манай хүүхдүүд явахад анх эхний тавд орчихоосой гэж боддог байсан. Одоо бол эхний 1, 2, 3-ыг л авдаг болсон.

 

-Танай агентлагийнхан яагаад “Гоёл”-д оролцдоггүй юм бэ. Монгол жижигдээд байна уу?

-Хүүхдүүдээ ор гэдэг ч зохион байгуулалт маш муу. Дээр нь долоон хоног үргэлжилдэг болохоор хичээлээ таслах, тэр тоолонгоор кредит оноогоо нөхөх болдог. Цалин мөнгө ч байдаггүй. Тийм л шалтгаанаар ордоггүй.

 

-“Гоёл” наадмыг хэр шударга явагддаг гэж боддог вэ?

-Би 2007 оноос хойш “Гоёл” наадмыг үзээгүй, оролцоо ч үгүй болохоор мэдэхгүй байна.

 

-Мянганбаярын бүсгүйчүүд дандаа топ болдог юм биш үү?

-Энэ жилийн хувьд Бадамгэрэлийг топ авсанд би баяртай байгаа. Морьны шинжээч шиг шинжихэд Бадамгэрэл яах аргагүй авахаар байсан. Бадамгэрэл маш их хөдөлмөрч, шазруун охин.

 

 -Та ер нь хэр шуналтай хүн бэ. Загварынханыг их л шуналтай байх гэж боддог шүү?

-Надад бол эдийн шунал байхгүй. Хүн гоё юм өмсөж, зүүсэн байвал “Сайхан зохиж байна” л гэж хэлнэ үү гэхээс “Хөөх, би яг ийм даймонд авна даа” гэж шунадаггүй. Харин эрч хүч, хөдөлмөрийн шунал бол бий.

 

-Таныг цүнхний хоббитой гэж мэднэ?

-Цүнхний хоббитой. Би загварын хүн учраас чамин, тансаг юманд дуртай. Том аксисуоруудаас эхлээд янз бүрийн л юм цуглуулдаг.

 

-Хамгийн үнэтэй цүнхээ нэрлээч?

-Зөндөө. Дэлхийд ганцхан Болормаа барьдаг таван цүнх надад бий. LV энэ тэр биш шүү.  LV-гээс давсан, тусгай хүнд зориулж хийдэг гар хийцийн цүнх. Англи, Японы хатан хаан захиалгаар хийлгэдэг компаниар урлуулсан юм.

 

-За, тэгвэл үнийн тухайд сонсоод ч хэрэггүй биз дээ?

-Үнэ сонсоод хэрэггүй ээ/инээв/.

 

-Даймонд, янз бүрийн аксисуорууд зөндөө юу?

-Цагаан алт, шар алтан, даймондтой цаг ч байна. Даймондтой бөгж, сувдан ээмэг, зүүлт, сваровски гээд бүгд л бий.

 

-Шиншила өмссөнөөс болж та байгальд ээлгүй хүнээр тодрох шахаа биз дээ?

-Намайг алуурчин энэ тэр гээд бөөн юм болсон. Одоогоос зургаан жилийн өмнө манайхан Шиншила гэдэг амьтан мэддэггүй байхад надад уртаасаа богино хүртэл 10 шуба байлаа. Одоо ч байна. Өмсөхөөр хүмүүс туулайных юм уу гэж асуудаг байсан.

 

-Та уралдааны улаан машинаа одоо сольсон уу?

-Монголд байхгүй ганц уралдааны улаан машин унадаг байлаа /инээв/. Одоо зөндөө машин байна оо.

 

-Голцуу аль машинаа унаж байна?

-Ээлжлээд унана. Нэрлээд яах юм бэ.

 

-Хоёрыг нь л нэрлэчихээч дээ?

-Мерседес бенз, Рэнж Ровер гээд байна аа байна. Би машины улаан хоббитой л доо. Яг өөрийнхөө уная гэсэн машинаа аваад уначихдаг.

 

-Та түрүүн морь сонирхдог гээд байсан. Арай Болормаагийн морь гээд нэг өдөр дуулдах юм биш биз?

-Морь бий. Тэр талаар яваандаа сонсох биз дээ. Моринд дуртай болохоор ямар ч байсан нэг морь бий. Одоохондоо уралдаагүй. Мэдээж ёс жудагаа бодоод эрчүүдтэй зэрэгцэж өөрийнхөө нэр дээр уралдуулна гэж юу байх вэ.

 

-Тэгээд хауст амьдараад л байна уу?

-Хауст амьдардаггүй ээ. Townhouse-д амьдардаг. Мөрөөдлийнхөө байшиндаа амьдардаг даа.

 

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: People of Mongolia сэтгүүл


URL:

Нэр: зочин Огноо: 23 February 2016

энэ ч ёстой солиотой авгай байна.Байнаа байна кккмуухай баярхаж байх шив.Эргүй ганцаар чи тэр баялагын дунд эвхрэлдээд хэвтэж байдаг уу.Дургүй хүргэчихлэн байна.Байнаа байна болимоор юм.Чамааас чинээлэг нь олон байнаа байн

Нэр: Anonymous Огноо: 24 February 2016

Дотроо бодолтой л хариулж байгаа байх. Өөрийн бодол өөртөө зөв. Дийлэнх нь үнэн байх шиг байна. Байгаа юмаа хэлээ л биз. Байхгүй гэж худал хэлэхиймуу. Нэр цэвэр л эмэгтэй ш дээ. Хүний амьдралд бас юм байлгүй яадгийн. Ганц нэг залуутай яваа л биз. Одгэрэл шиг айлгүтэж байгаа биш. Харин Одгэрэл нь Болороогийн хажууд хийсэн юм байнуу зайлуул.

Сэтгэгдэл бичих