Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай танилцлаа

85d72ce9082b87bd9b942791a4e20553Яармагийн товчооноос Түргэний голын гүүр хүртлэх 8.6 км автозамын шинэчлэлийн ажил дуусч өнөөдрөөс /2015.09.30/ хөдөлгөөн нээжээ. Автозамын энэ ажлыг “Ялгуусан” компани нэг сарын хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Өндөрдов жуулчны баазаас Хөшигийн хөндий хүртлэх 9,1 км автозамын ажил ирэх хавар эхэлнэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг автозамын шинэчлэл болоод Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий  туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын 40, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай 2100 гаруй ажилчид, инженерүүд оролцож, өдөрт 220 гаруй машин техник ажиллаж байна. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд ч төсөлд оролцож байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат танилцууллаа. Төслийн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байна, ажил төлөвлөгөөт хугацаанаас өмнө яваа, нийт ажилчдын 85 хувь нь монголчууд байгааг тэрээр хэллээ.

Төслийн үндсэн барилга байгууламжийн хийц, бүтээцийн бетон, төмөр бетон хийц цутгах, метал хийц угсрах ажлууд үндсэндээ дуусч онгоц хөөрч, буух зурвас, явгалах замын төмөр бетон хучилтын ажлын гүйцэтгэлтэй Ерөнхий сайд танилцлаа.

Бүтээн байгуулалтын эдгээр ажлууд төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө явж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд төслийн удирдагчид болоод  нийт ажилтан, албан хаагчдад илэрхийллээ.

Төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газрын зүгээс гүйцэтгэх ажил, хүлээсэн үүрэг бий. Шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх даваа гаригийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод энэ үеэр даалгалаа.

Дэд бүтэц, замын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж, богино хугацаанд ямар ажил бүтээж болдгийг энэ салбарынхан 2012 оноос хойш харуулж чадаж байна.

Энэ хугацаанд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холболоо. Энэ жил Дорнод аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна. Баруун таван аймгийн автозамын ажил бүгд эзэнтэй болсон. 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох энэ бүтээн байгуулалтыг амжилттай хийж дуусгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллана. Зам, тээврийн салбарын энэ шинэчлэл улс орны эдийн засагт төдийгүй айл өрхийн ахуй амьдралд ашиг тусаа өгч байгаа гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.