Докино: Давтагдашгүй цоо шинэ зургаараа дэлхийд танигдахыг хүсдэг

АНУ-ын Леслигийн их сургуулийн харьяа Бостоны Урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн зураач Долгормаа буюу Докинотой ярилцлаа. Тэрбээр зурагт хуудас, цомог, пянзны зураг, ном болон сэтгүүлийн чимэглэл зургийг мэргэжлийн төвшинд зурдаг бөгөөд хүүхдэд зориулсан номоо хэвлүүлж байжээ.

Докино Америкийн Массачусетс мужийн “Сондра Селли” үйлдвэрт гоёлын хувцасны дизайнер, “Сваровски” болор чимэглэлийн загвар зохиогчоор олон жил ажиллаж эх орныхоо нэрийг гаргаж буй уран бүтээлч бүсгүй юм. Докино уран зургийн олон төрлийн уламжлалт хэлбэрүүдийг ашиглан бүтээлээ туурвидаг.

Сюрреал чиглэлийн содон сэдэв бүхий зургуудыг далай тэнгисийн амьтдыг оролцуулан зурсан бөгөөд маш тод өнгөний хослолоороо бусдаас ялгардаг. Түүний зургууд эмэгтэйлэг шинж чанарыг агуулснаас гадна сэтгэлийн онцгой хөдлөлүүдийг илэрхийлдэг юм.

-Таны мэргэжил их өвөрмөц юм. Иллюстраци, зургийн чиглэлийг сонгосон талаар тань ярилцлагаа эхэлье?

-АНУ-д би 16 настайдаа ирээд дунд болон их сургуулиа дүүргэсэн. Америкийн дунд сургуулийн систем Монголоос их ялгаатай. Тэнд сурагч дын сонирхолд тулгуурлан хичээлийг нь сонгуулж сургадаг юм. Би дунд сургуульд зургийн хичээлд сонирхолтой хүүхэд байсан. Тиймээс сонирхлоо дагаж хэд хэдэн зургийн хичээлийг сонгон судалсан. Ахлах сургуулийн график дизайны багш маань намайг уран зургийн чиглэлээр их сургуульд суралцахыг дэмжиж би энэ чиглэлийг сонгосон.

-Тэгээд л Бостоны Урлагийн дээд сургуульд элссэн үү?

-Дунд сургуулиа төгсөөд Харт-фордын их сургуулийн Уран зургийн сургуульд элссэн юм. Манай сургууль иллюстрацийн чиглэлээр улсдаа нэр хүндтэй бөгөөд миний хүндэлж биширч явдаг олон зураач энэ сургуулийг төгссөн байдаг. Би нэгдүгээр курсээ төгсөөд Бостон хотын Урлагийн дээд сургуульд шилжихээр шийдсэн. Гэр бүлийнхэн маань Бостонд амьдарч байснаас гадна би уран зургаас илүү иллюстрацийн чиглэлээр суралцахыг хүссэн юм. Бостоны Урлагийн дээд сургууль бол дэлхий хэмжээний нэр хүнд бүхий Леслийн их сургуулийн харьяа сургууль. Хамгийн гол нь иллюстраци, фото зураг, хувцасны дизайны чиглэлийн мэргэжлийн сургалтаараа их нэр хүндтэй сургууль. Багш нараасаа их зүйл сурч, эзэмшсэн.

-Уран зургийг иллюстрацийн чиглэлээр сольсон гэхээр хувцас загварт сонирхолтой байжээ дээ?

-Багадаа загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байсан. Уран зургийн чиглэлээс иллюстрацийн мэргэжлийн онцлог тал нь хүссэн хэв маягаар зурах боломжтой, илүү олон сонголттойд оршино. Хэрвээ би уран зургаа дагнасан бол хувцас дизайныг сонгохгүй л байсан болов уу. АНУ-ын их сургуулиуд дунд сургуультайгаа адил оюутнуудынхаа сонирхлыг нэг дүгээрт тавьж хичээлээ заадаг. Тиймээс сонирхолдоо хөтлөгдсөн оюутнууд чадвартай мэргэжилтэн болж төгсдөг.

-Баруунд уран зураг, хувцасны зураачаар төгссөн хүн их цөөхөн байдаг. Энэ чиглэлээр АНУ зэрэг орчин үеийн урлагийн төв болсон орны их дээд сургуульд элсэхэд хэцүү болохоор тэр юм болов уу?

-Миний ажигласнаар гадаадад байгаа монгол оюутнууд эдийн засаг, бизнес, хуулийн чиглэлээр түлхүү сурдаг. Ер нь урлагийн тэр дундаа зургийн чиглэлээр сурдаг хүн өдрийн од шиг. Барууны урлагийн сургуульд элсэхэд монгол хүнд огтхон ч хэцүү биш. Харин Засгийн газраас тусгай хөтөлбөр боловс руулан, урлагт чин сонирхолтой за-луусыг барууны нэр хүндтэй сургуульд зуучлах хэрэгтэй. Харам салтай нь, манай Боловс ролын яам, Засгийн газ раас оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт урлагийн сургууль багтдаггүй. Манай урлагийн салбарын сургалт хоцрогдсон, нөгөө л соц нийгмийнхээ үеийн хөтөлбөрөөр байгаад сэтгэл эмзэглэдэг. Авьяасыг тордохгүй бол зэвэрдэг гэдэгчлэн Монголын авьяастай залуучуудад барууны урлагийн шинэ түүх, сургалт үгүйлэгдэж байгааг мэдсэн. Би 2012 онд эх орондоо очиж “Сити” дээд сургуульд зураг, дизайны чиглэлээр багшилж байсан. Үнэхээр авьяастай хүүхдүүд байна. Харамсалтай нь, нөгөө зогсонги байдалд орсон манай урлагийн салбарын боловсролын хөтөлбөр тэдгээр оюутныг өсч дэвжих боломжоор хангадаггүй. Дэлхийн зургийн түүхэнд монгол гэж бичүүлэх уран бүтээлчийг төрүүлэхийн тулд цоо шинэ хөтөлбөр, сургалт хэрэгтэй.

-Монголд багшилж байхдаа та арт клуб нээж, сонирхолтой лекц, эвент зохион байгуулдаг байсан. Яагаад “Сити” дээд сургуульдаа үргэлжлүүлэн багшлаагүй юм бэ?

-Би эх оронч биш, Монгол Улсдаа хайргүйдээ АНУ-д эргэн очсон юм биш. Монголд багшийн цалингаар амьдраад, орон сууцтай болно гэдэг бүтэшгүй болохыг жил ажиллахдаа ойлгосон. Би амьдралаа авч явах гэж л хүний нутагт ажиллаж байна. Тэглээ гээд би эх орноосоо урвасан хэрэг огт биш. Монголд хүмүүс надаас “Зургаа зураад амьдарч чадаж байна уу” гэж үргэлж асуудаг байсан. Үнэхээр уран бүтээлээ туурвиад сайхан амьдрах орчин Монголд бүрдээгүй байна. Энэ бол түр зуурынх байх. Магадгүй хэдэн жилийн дараа өөр болох биз. Хэрвээ бид боловсролын системээ сайжруулахгүй бол манай урлаг, мэдлэг, нийгэм дээшлэхгүй.

-Монголын зураачид дэлхийн зураачидтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй хоцрогдож буй нь юугаар илэрч байна вэ?

-Монголын үндэсний урлаг бол үнэхээр сайхан. Би үндэсний урлагаа дээдэлдэг. Гэхдээ Улаанбаатарын дэлгүүрээр ороход Монголын тухай, монгол хэв маягтай л зураг л байдаг. Дэлхийн төвшний алдар суу бүхий нэр хүндтэй зураач нар ямар яс үндэс, гарал үүсэлтэй нь хамаагүй маш өргөн сэтгэлгээтэй, олон янзын улс, газар, байгаль, хүмүүс гэх мэт бүх зүйлийг хамааруулан судалгаа хийн суралцаж зурдаг. Хэрвээ урлагийн түүх сөхвөл хамгийн сайн уран бүтээлчид дэлхийгээр хэрэн хэссэн байдаг. Эх орондоо нэр хүндтэй зураач байсан ч дэлхийн төвшинд ямар хүмүүс байна, ямар урлаг байна гэдгийг ойлгож, харьцуулж сурахгүй бол, таны бүтээл нэг хэвэндээ л байх болно гэсэн хэмжигдэхүүн байдаг. Иймээс би ч гэсэн олон улсаас ирсэн янз бүрийн хүмүүстэй танилцаж, тэдний түүх болон юу бодож, юунд сонирхолтой байдаг, амьдралын үнэ цэнийг нь ойлгохыг хичээдэг. Мөн олон улсын янз бүрийн уран бүтээлчдийн бүтээлийг их сонирхдог. Дан зурагт баригдалгүй дуу хөгжим, баримал, хувцас, түүх гээд судлах хэрэгтэй. Аль болох мэдлэгээ дээшлүүлж байж илүү сайн уран бүтээлч болно. Тиймээс би сурах дуртай.

-Эрдэмд оройгүй гэдэг. Дахин ямар чиглэлээр суралцах гэж байна вэ?

-Би их уйдамтгай зантай. Дан зураг зурахаас гадна одоо гоёл чимэглэл хийж байна. Хэдхэн өдрийн өмнө Нью-Йоркод нүүж ирлээ. Нью-Йорк бол Бостоныг бодвол урлагийн хот. Азтай тохиолоор Нью-Йоркод үзэсгэлэнгээ гаргах боломж олдож, энэ хоттой амьдралынхаа нэгэн хэсгийг холбож байна. Брүклин хэдхэн жилийн өмнө ажилчдын дүүрэг байсан бол өнөөдөр урлагийн галерей ихтэй, уран бүтээлчдийн цуглардаг төв болсон. Ирэх бямба гаригт гоёл чимэглэлийн үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байна. Сүүлийн үед би дизайнер, оёдлын мэргэжлээр сурахыг хүсэх болсон.

-Монголын дизайнерууд дэлхийн тавцанд гарч өрсөлдөж байна. Тэдний талаар сонсч, магадгүй заримтай нь уулзаж байв уу?

-Манай Монголын дизайнерууд олон улсын томоохон арга хэмжээнд оролцож байгааг сонссон. Тэднээрээ бахархаж байгаа шүү. Ялангуяа эмэгтэй дизайнеруудаараа бахархдаг. Дэл-хийд алдартай зураач дизайнерууд эрчүүд байдаг учраас монгол эмэгтэй дэлхийн төвшинд уран бүтээл хийж байгаад бахар хах сэтгэл төрдөг.

-Манай улсад урлагийн үнэлэмж буурсан нь үнэн. Баруунд тухайлбал, таны амьдарч буй АНУ-д урлагийг ард түмэндээ сурталчлах, уран бүтээлчдийг дэмжих ямар ажил зохион байгуулдаг вэ?

-АНУ-ын Засгийн газар болон нэр хүндтэй компаниуд урлагийг дэмжих сантай байдаг. Америкийн баячууд урлагийг дэмжих санд мөнгө хандивлахыг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж ойлгодог. Харин Монголд урлагийг дэмжих санд хэчнээн хүн хэдэн төгрөгийн хандив өгч байгаа бол.

-АНУ-д уран бүтээлээ туурвихын сайн болон саар тал нь юу байна вэ?

-Мэдээж хэцүү зүйл бий. Гэхдээ урлаг, уран бүтээлчдийг дэмждэг орчинд бүтээлээ туурвихад арай л тайван юм даа.

-Таны хамгийн том бахархал юу вэ?

-Намайг Бостоны Урлагийн сургуульд сурч байхад оюутан Долгормаа гэхгүй “монгол охин” л гэдэг байсан. Би биш эх орны нэр гарч байгаа учраас “Бусдаас илүү зурах ёстой” гэж өөртөө хэлж, хичээж сурсан. Бас монгол хүний бардам, хөдөлмөрч зан цусанд минь шингээстэй учраас ангийнхнаасаа илүү зурдаг байсан байхаа. Тиймээс сургуулиа төгсөхдөө ангийнхаа номер нэг оюутан нь болсон байсан. Бостонд зургийн үзэсгэлэнгээ гаргахад хүмүүс “Монгол зураачийн үзэсгэлэн” гэхийг сонсоод надаас эх орон минь хэзээ ч салахгүй гэдгийг ойлгосон. Би эх орноороо бахархдаг.

-Ангийнхнаасаа илүү зурдаг байсан гэхээр монгол хүнд байгалиас өгсөн зургийн авьяас байдаг юм болов уу?

-Магадгүй л юм. Ер нь монгол ахуй, байгалийн тэр олон сайхан өнгөн дунд өссөн болохоор будгийн зохицлоо зөв сонгодог байх. Монголчуудыг залхуу гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Бид харин ч хөдөлмөрч зантай. Сурах эрмэлзэлтэй болохоор хурдан ч сурдаг. Шинийг тусгаж авахдаа сайн хүмүүс бол монголчууд.

-Таны бүтээлийг ажиглаж байхад тод өнгө, этник төрх ажиглагддаг. Та зурахдаа ямар үндсэн хэв маягийг баримталж байна?

-Би хоёр янзын хэв маягаар зурдаг. Этник хэв маягийг сюрреал хэл-бэрээр зурдаг. Олон янзын чимэглэл үндэсний хээ угалз оруулан, эмэгтэй хүний дүр төрх, байдлыг байгалийн зүйлстэй хамт зурах дуртай. Мөн загварын чиглэлээр усан будаг гуаш хольж зурдаг. Аль аль стиль нь маш тод өнгөтэй байдаг.

-Монголд хувцасны зураач гэхээр тэр бүр сайн мэдэхгүй. Одоо л гарч ирж байгаа шинэ салбар. Иймээс хувцасны зураач гэж хэн болох талаар бага ч гэсэн тайлбар өгнө үү?

-Хувцасны дизайны зах зээл бол асар хурдтай өөрчлөгдөж байнга шинэчлэгдэж байдаг салбар. Хувцасны зураг нь загвартайгаа шууд холбоотой. Тиймээс загварын хурд, улирлын өөрчлөлтөд дасч, суралцах хэрэгтэй. Өчигдөр зурсан зүйл чинь маргааш моодноос гарч мэднэ.

-Таныг “Говь” компанитай хамтран ажилласан гэж сонссон юм байна?

-“Говь” компанийн ноолууран ороолт дээр бүтээлүүдээ хэв лүүлсэн.

-Уран бүтээлч хүний хувьд эх орондоо бий болгохсон гэж боддог, хүсдэг зүйл байдаг л биз дээ?

-Америкийн Техас мужтай харьцуулахад манай улс хэд дахин том, хүн ам нь их атлаа үндэсний хэмжээнд хэчнээн уран зургийн галерейтэй байна вэ. Ганц хоёр л байна шүү дээ. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей ямар байдалтай байна вэ. Монголын дүрслэх урлагийг дэлхийд сурталчилж, үйлчлүүлэгчдийн нүдийг хужирлах газар шүү дээ. Гэтэл Нью-Йоркийн захын галерейгаар ороход өрөө бүрт хүнтэй, эртний эдлэлээс контемпорари хүртэл өдөржин үзээд дуусашгүй үзмэртэй байна. Миний туйлын хүсэл бол Монголын нэрийг дэлхийд таниулсан зураач болох. Гэхдээ монгол зураг гэхээр гэр, морь, хатан байх шаардлагагүй. Пикассогийн бүтээл дахин давтагдашгүй шиг цоо шинэ зургаараа олон улсад танигдахыг хүсч байна.


URL:

Сэтгэгдэл бичих