Цөмийн энергийн газрынханд итгэхгүй байна

Цөмийн хаягдал булах тухай яриа монголчуудыг цочроож буй. 10-20 мянган жил болж байж аюул хор хөнөөл нь арилдаг хогийг газар нутагтаа авчрах тэнэг үйлдлийг хийх вий гэх эмзэглэл олон хүний нойрыг хулжаах болсон. Хэдийгээр холбогдох албаны хүмүүс эл яриаг эрс үгүйсгэж буй ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай шуугиж эхэлсэн нь уг яриа ямар нэг түвшинд хийгдсэн гэдгийг нотлож буй ч гэж хэлж болно.

Тиймдээ ч монголчууд айлчнаа идээ барин угтдаг уламжлалаа эвдэн АНУ-ын дэд Ерөнхийлөгчийг лоозон барин угтсан хэрэг. Эл яриа түгсээр, энгийн иргэдийг эмзэглүүлсээр багагүй хугацаа өнгөрсөн ч Цөмийн энергийн газрынхан албан ёсны хариу өгөхгүй байсаар өчигдрийг хүргэсэн. Эх сурвалжийн өгүүлснээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ч энэ асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм шиг байна билээ гэх хардлага ч бас бий.

Өөрөөр хэлбэл тус яамны тусгай үүргийн Элчин сайд гэдэг албан тушаалтан У гэгч бүсгүй эл хэргийг анх санаачлан сэдсэн бөгөөд тэрбээр цөмийн энергийн чиглэлээр АНУ-д боловсрол эзэмшсэн гэж дуулдсан. Тэрбээр гэр бүлийн уран олборлох, боловсруулах, тээвэрлэх, цөмийн түлш бэлтгэх хувийн компанитай бөгөед эх нутаг, элгэн саднаа золин байж хөлжихийг санаархсан бололтой юм билээ.

За ямартай ч өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд Цөмийн энергийн газрынхан ажлаа танилцуулах байсан ч газрын дарга С.Энхбатын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан долоо хоногоор хойшлуулсан нь эл асуудал ямар нэг байдлаар яригдсан гэдгийг нотлох шиг боллоо. Эл эрхмийг элдэв муу зуршилгүй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, чухам л төрийн хар хүн гэхийг олонтаа сонссон.

Гэвч эрх мэдэл, эд хөренгийг энэ хорвоогийн хамгийн чухал зүйлд тооцдог төрийн нэрээр халхавчлан суугаа хүйтэн сэтгэлт шуналтнууд түүнийг шантаажилсан байх магадлал өндөр. Тиймдээ ч тэрбээр мэдээлэл өгөхөөсөө өмнө “муурсан” байхыг үгүй гэх газаргүй. Хэдийгээр Засгийн газрын хуралдаанд тус газрын холбогдох албан тушаалтнууд оролцон Засгийн газрын гишүүдийн асуултанд хариулж, цөмийн хаягдлыг булах тухай ямар нэг гэрээ байгуулаагүй хэмээсэн ч итгэх итгэл яагаад ч төрөхгүй байна, яах вэ?

З.Есүгэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих