Самрын наймаачдад анхаарлаа хандуулах цаг нь болжээ

Нийслэл хотын өнгө төрхөд сөргөөр нөлөөлж буй зүйл бол самар болоод байна.

Хаа сайгүй самар цөмсөн иргэд. Хогоо энд тэндгүй хаяж улмаар бохир орчинг бий болгож байгаа.

Гудамж талбайгаас авахуулаад, автобус унаанд, ажлын байр гээд самрын яс хаяаагүй орчин гэж үгүй болжээ. Гэхдээ самар цөмөх нь тухайн хүний дурын асуудал. Харин хогоо хаана хаях нь түүний ухамсар болох биз.

Өнгөрөгч сарын 20-23-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын Нүхт, Жаргалант, Арцатын амуудад ойн хортонтой тэмцэх ажил хийгдэж улмаар хор цацсан. Энэ үеэр иргэдийг тухайн газруудаас ахуйн хэрэглээний жимс, самар түүхгүй байхыг анхааруулсан юм.

Гэтэл иргэд хулгайгаар самар түүх нь их байгаа аж. Энэ байдлыг таслан зогсоохын тулд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн иргэд ойд явахдаа ил задгай гал түлэх, тамхины ишийг хамаагүй хаяснаас болж түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Самар зарж буй иргэдийн дийлэнх хувийг амьдралын бололцоо муу иргэд эзэлдэг нь бодит үнэн.

Учир нь самар зарж байгаа хүмүүстэй уулзахад “Амьдрахын эрхэнд самар зарахаас өөр аргагүй. Бид хор цацсан газраас самар түүгээгүй ээ” хэмээн ярьж байв.

Худалдан авагч нарын хувьд хаанаас түүж ирсэн самар вэ гэдгийг нь мэдэх аргагүй. Хаа дайралдсан газраас худалдан авдаг. Нэг үгээр хэлбэл, бид самар цөмснөөрөө халдварт өвчин тусах магадлал өндөр юм. Иргэд самарт л нян, вирус байгаа мэтээр ойлгодог. Үнэндээ самар цөмсөн гарын ариун цэврийг ойшоодоггүй байна.

Жилийн жилд л түүхий самарнаас болж халдварт шар өвчний тархалт дэгдлээ гэдэг. Гэтэл шар өвчин бохир заваан байдлаас үүсдэг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Гудамж талбайд явж байхдаа бохир гараараа жимс, жимсгэнэ, самар авч хэрэглэснээс болж ямар ч төрлийн халдварт өвчин тусах өндөр магадлалтай юм.

Манай улсад сүүлийн жилүүдэд дунджаар 8000 гаруй хүн гепатитаар өвчилсөн тоо баримт байна. Эдгээрийн 87.7 хувийг нь А, 9.9 хувийг нь В, 1.7 хувийг С вирүс эзэлжээ. Өвчлөгсдийн дийлэнхийг А төрлийн вирүс эзэлж байгаатай холбогдуулан 89 мянган тун вакциныг тарихаар бэлтгэсэн аж.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлж буйгаар халдварт өвчний вирүс буурахгүй байгаа нь хүн амын нягтаршил, цэвэр усны хүрэлцээ хангалтгүй, хөрсний бохирдолтой холбоотой. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангаагүйгээс болж халдварлаж байгааг хэллээ.

Хүнсний аюулгүй байдалд өнөөх самар, жимс, гар дээрээс худалдаж буй жимсгэнэ зэрэг орно. Эдгээр хүчин зүйлээс хамаарч хүн амын дунд халдварт өвчний тархалт буурахгүй байгаа юм. Үүнд мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулах учиртай. Монголын хууль гурав хоног гэлцдэг. Үнэндээ ч самар, жимс зарж эхэлсэн цагаас л хяналт, шалгалт хийнэ, хариуцлага тооцно хэмээн албаныхан цээжээ дэлдсэн.

Гэтэл өнөөдөр байдал хэвэндээ өнөөх самар, жимс нь гудамжаар нэг хөглөрөөстэй. Албан эх сурвалжийн өгч буй мэдээллээр А вирусээр өвчлөгчдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Тодруулбал, 2-4 насны хүүхдийн дунд өвчлөл 70 хувьтай байгааг дурьдаж байлаа.

Хичээлийн шинэ жил эхлээд нэг хонож байна. Хүүхэд багачууд эцэг, эхийнхээ хараа хяналтаас гарч хичээл, сургуульдаа явах үедээ өнөөх “аюулын харанга дэлдсэн” самар, жимсийг хэрэглэнэ. Тэгэхээр өвчин тусахгүй гэсэн баталгаа үгүй юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд хараа хяналтаа сайжруулж, үүрэгт ажлаа хийх цаг нь болжээ.

А.Лхагважав http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих