12 жилийн дараа Япон сүмоч түрүү хүртлээ

Өчигдөр Япон улсын Токио хотноо 74 дэх удаагийн Бүх Японы сүмогийн АШТ зохиогдлоо. Уг тэмцээнд Ёкозүна Какүрюү тэргүүтэй бөхчүүд оролцон барилдсан ба хасагдах журмаар зохион байгуулагдсан юм. Тэмцээний түрүүг Озэки Гоэйдо хүртэж, маэгашира Ичиножёо А.Ичинноров үзүүрлэлээ.

Ингэснээр уг тэмцээний түрүү 2003 оноос хойш Япончуудад очоогүй байсаныг Гоэйдо нутагтаа авч ирж чадлаа. 2003 онд Озэки Чиётайкай түрүүлсэнээс хойш огт Япон бөх түрүүлээгүй байсан юм. Харин хоёр дахь дивизон буюу хэсэгт Жюүрёо зиндааны бөхчүүд оролцон барилдсанаас Тоёохибики түрүү хүртжээ.

Уг тэмцээний талаар сонирхуулахад 1925 оноос эхлэн Мэйжи хааны хүндэтгэлд зориулан Мэйжигийн хүндэтгэлийн сүмд зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.

Сүүлд Кокүгикан ордон нээгдсэнээс хойш сүмогийн барилдаан тухайн ордонд зохиогддог болжээ. Өглөө нь сүмд бөхчүүд очиж хүндэтгэл үзүүлж ёслол үйлдээд өдөр нь ордонд тэмцээнээ зохион байгуулдаг юм.

Нэмж сонирхуулахад: Уг тэмцээнд хамгийн олон түрүүлсэн бөх бол одоогийн Ёкозүна Харүмафүжи нийт 5 удаа түрүүлсэн бол хамгийн олон дараалж түрүүлсэн бөх бол Ёкозуна Акебоно 3 дараалан түрүүлсэн байдаг. Манай аваргуудын хувьд Аса аварга 2 удаа, Хакүхо аварга 1 удаа, Какүрюү аварга өнгөрсөн жил тус тус түрүүлж байсан юм.

Уг тэмцээнд хамгийн доод чансаанаас түрүүлсэн бөх 35 дахь удаагийн тэмцээн буюу 1975 онд Маэгаширагийн 13-аас Оонишики гэж бөх түрүүлж байжээ.

Китанорюү Ц.Мөнхсайхан


URL:

Сэтгэгдэл бичих