Цагдаагийн амь нас, генералын мөрдөсөөс 2 дахин хямд

“Шилэн данс”-ны хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Төрийн захиргааны шат шатны байгууллагууд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсөвт өртөгийг хянах зорилготой уг хууль өнөөдөр үр ашгаа өгч байна. Тодруулбал, төрийн байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчдыг төсвийн мөнгөө хэрхэн захиран зарцуулж байгаа нь “Шилэн данс”-ны хуулиар ил тод болж байгаа юм. Тэгвэл өнөөдөр “Шилэн данс”-ны үйл ажиллагааг хянадаг Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан туйлын харамсалтай, эмгэнэлтэй нэгэн мэдээллийг цацлаа.

Тодруулбал, ЦЕГ-ын шилэн дансыг шалгах явцад Их тэнгэрт болсон Генерал цол бий болсоны 71 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд 13 сая 54 мянган төгрөг зарцуулсанаа тайлагнажээ. Гэтэл албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан М.Мөнхбаатарын ар гэрт нэг удаагийн тэтгэмж гэж ердөө 6 сая 39 мянган төгрөг өгсөн байна. Энэ талаар Б.Цогтгэрэл “Ийм мэдээ оруулж байгаадаа ахин уучлалт хүсье. Цагдаагийн Ерөнхий Газрын Шилэн дансыг үзэж байгаад өөрийн эрхгүй сэтгэл өвтөгсөн нэгэн зардлыг олж харлаа. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн 1 удаагийн тэтгэмж Генерал цолны найрны үнээс даруй 2 дахин бага байгааг хараад үнэхээр тэссэнгүй. Цагдаа хүний амь, алтан саатай мөрдөснөөс 2 дахин хямд зардалтай байгааг хараад нулимс өөрийн эрхгүй гарч байна” гэж бичжээ.

Үнэхээр сэтгэл шимширмээр бус гэж үү. Цолны хүндэтгэлийн найранд зориулж арав гаруй сая төгрөг салхин хийсгэчихээд төр түмнийхээ төлөө зүтгэж явсан төрийн албан хаагчийн амь насыг ердөө 6-хан сая төгрөгөөр “үнэлжээ”. Эндээс генерал цол болон цагдаагийн албан хаагчдын амь хоёрыг төр нь хэрхэн үнэлж байгаа нь бэлхэн харагдаж байна.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих