Ядарсан иргэнд мөнгийг нь өгчихөөч дээ


Багануур дүүргийн 5-р хорооны оршин суугч Н.Батсайханы гэр бүл бага насны зургаан хүүхэдтэй, нөхөр нь 100 хувь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ өрхийн найман хүн нөхрийн группын мөнгөнөөс өөр орлогогүй гэнэ. Тэглээ гээд тэд гараа хумхиад зүгээр суудаггүй бөгөөд зундаа хаягдал төмөр худалдан авч, өвөлдөө түлээ нүүрс заран амьдрахын төлөө зүтгэдэг аж. Харин өнгөрсөн жил аав, ээж нь гаднаа төмөр аваад зогсож байтал бага охин нь халуун тогоотой цайнд унан бүхэл биеэрээ түлэгдсэн бөгөөд үүний улмаас баруун гар нь өргөгдөхгүй болжээ.

Тус гэр бүлд Солонгосын “Ханнам” эмнэлгээс гар сунган тусалж хүүхдийг нь хагалгаанд оруулахаар болсон юм байна. Харин өнгөрсөн зургаан сард тус гэр бүлийн хоёр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төмрөө тушаасан бөгөөд тушаасан мөнгөө өнөөг хүртэл авч чадахгүй байгаагийн улмаас эргэлтийн мөнгө ч үгүй болж зургаан хүүхэд нь идэх хоолгүй хонох болжээ. Энэхүү гэр бүлийн хос ойтой хүүхдээ аван Багануураас Дархан төмөрлөгийн үйлдвэр рүү олон удаа очсон ч мөнгийг нь гаргаж өгөхгүй буцаадаг байна.

Гэтэл Солонгосын “Ханнам” эмнэлгийнхэн “Хагалгааны дараа эм тариа болон тосны мөнгө гэж хэрэг болно шүү. Хэрэгцээний мөнгөтэй ирээрэй” гэж хэлсэн ч ирэх даваа гаригт Солонгосыг зорьж хагалгаанд орох гэр бүлийнхэн хаана, хэнд хандахаа мэдэхгүй суугаа аж. Иймд сайхан сэтгэлтэй ард түмэн минь уг гэр бүлийнхэнд тус хүргэн ядаж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудад хэлж өгч, авах ёстой хоёр сая төгрөгийг нь гаргуулан өгөхөд туслана уу хэмээн хандаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих