Оны эхнээс 9 яамтай болох хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг үргэлжүүлэн хэлэлцээд хоёр дахь шатны хэлэлцүүлэгт шилжив.

Үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан. Иймд үдээс хойшхи хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, асуудлыг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин АСЕМ-ын уулзалтад хөрөнгө төсөвлөж байгааг дэмжээд гэхдээ энэхүү уулзалтыг далимдуулж илүү мөнгө төгрөг гаргах гэсэн оролдлого байж болохгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Есөн яамтай болно гэж байгаа бол нэгдүгээр сарын нэгнээс хийчих хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Царцаагдсан обьектуудыг цаашид барьж дуусгаад заримыг нь хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй. Засаг захиргааны олон барилгыг сургууль цэцэрлэг болгох нь зөв” гэсэн саналтай байгаагаа хэллээ.

Цалинтай холбоотой асуудлыг хэд хэдэн гишүүн тодруулж Сангийн сайдаас лавлахад Б.Болор сайд, “Ирэх онд улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувь бууруулах ажил хэвээр үргэлжилнэ. Төсөв сайжирсан үед цалин нэмэх асуудлыг хөндөнө. Төрийн албан хаагчдаа цомхотгохоосоо илүү хувийн хэвшил рүү шилжүүлэх бодлого барьж байна. Үүний зэрэгцээ ажлын байрны давхардал маш их байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг үүн дээр ажиллаж, сул орон тоон дээр хүн нэмж ажиллуулахгүй байх чиглэл өгч байгаа. 15 хувийн хэмнэлтийн тухай асуудал дээр эрүүл мэнд, боловсролын салбарыг бага хамруулж, бусад салбарт таналтыг нэлээд хийсэн” гэв.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын хуулинд өөрчлөлт оруулах замаар ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүх орлогч нарыг танах хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Загастай давааны 67 км замыг засварлана гээд хоёр жил боллоо. Загастайн даваа маш өндөр даваа. Санхүүжилтэд онцгой анхаарч өгөөч” гэсэн хүсэлт илэрхийлсэн. Мөн тэрбээр Байгаль хамгаалах санг татан буулгахыг эсэргүүцэж буйгаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Хэдэн агентлагийг нааш цааш болгоод өөрчлөлт болж чадахгүй. Шилэн дансны биелэлтийг харахад АНУ явж туршлага судална гээд зарим нэг албан хаагч 2-3 хүний жилийн цалингаар тансаглаж байна. Энэ мэт асуудлаа олж харах байтал цалингийн асуудлыг хамгийн түрүүнд ярьж байна” гэв.

Гишүүдийн дийлэнх нь ирэх оны төсвийг Сангийн яам өөдрөгөөр төсөөлсөн байна. Гэтэл ирэх жил бонд болоод бусад өр зээлийн төлөлт орж ирнэ. Үүнийгээ тооцолгүй УИХ-д оруулж ирлээ. 2016 он санхүүгийн хувьд хүнд он болно. Тиймээс хуулийн төслөө эргэн харж, танаж болохуйц зардлаа сайтар танаж, орлого тал дээр бодитой төлөвлөх хэрэгтэй байна гэсэн байр суурь илэрхийлж байв. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуралдааныг даргалагч уг хуулийн төслийг удаах шатны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.