Олон удаагийн үйлдэлтэй, ял эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг саатууллаа

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүллээ. Тэднийг энэ сарын 9-10-нд шилжих шөнө буюу өнгөрсөн баасан гаригт илрүүлэн саатуулсан байна.

Уг бүлэглэлийн толгойлогч Г гэгч нь олон жил хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хууль бусаар оруулж ирдэг байжээ. Улмаар түүний зохион байгуулалт дор Г, М, С, А, Н нарын 5 хүн хууль бусаар хар тамхи худалдан борлуулж байсан аж. Тэд олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-36 насны залуучууд гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Уг бүлэг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тус зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан , уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Мөн уг бүлэг этгээдүүдээс гадна “Шавар” гэж бодисыг хууль бусаар оруулж ирэн худалдаалдаг байсан гурван этгээдийг саатуулсан байна. М, Н, Г нар нь 18-22 хүртэлх насны залуучууд аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Хэргийг ЭЦГ-т шалгаж байна.
Б.Чимэг

URL:

Сэтгэгдэл бичих