Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа нар мөнгөний төлөө орхон голын амийг тасалж байна

Сүүлийн жилүүдэд Орхон түшээ мөрний “амийг” таслах оролдлого удаа дараалан гарах болов. Өнгөрсөн жил алттай шороогоор сар гаруй урссан Орхон гол энэ жил наадмын үеэс эхлээд мөн л улаанаараа эргэсэн. Гол буруутан нь “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компаниуд. Бүр тодруулбал Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа гэгч эх орон, ард иргэдийг хайрлах сэтгэлээ хаа нэгтээ гээсэн улаан “алтчингууд”-ын тарьж буй балаг. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БОАЖЯ-наас хяналт шалгалт хийж, дээр компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл бөх зүрхтэй эрхмүүд өнгөрсөн хавраас дахин үйл ажиллагаа явуулж эхэлснээр Орхон голыг дахиад л бохирдуулав. Бүр санаатайгаар алт угаасан усны далангаа сэтэлж, байгаль орчныг үлэмж хэмжээгээр бохирдуулсныг иргэд ч хэлж байсан. Ашгүй энэ үйлдлийг холбогдох байгууллагууд хараандаа авч, хяналт шалгалт хийжээ. Өчигдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хуулийн 4.1 дэх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон Хил заагийг хэсэгчилэн тогтоох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төв, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгуудад өнгөрөгч сарын 4-нөөс 10-ны хооронд хяналт шалгалт хийснээ танилцуулсан юм.  Мэргэжлийн хяналтын газраас олон байгуул­лагад шалгалт хийсэн ч хамгийн ноцтой зөрчилтэй нь   Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуй нэгж байжээ.  Тэдгээр аж ахуйн нэгжийн  40 обьектод шалгалт хийж, байгаль орчны багц хуулийн холбогдох заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.  Гэтэл эдгээр 40 обьектын ихэнхи улсын байцааг­чийн актыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр лацыг салган авч,  алт олборлох үйл ажил­лагааг үргэлжлүүлэн явуул­­сан байжээ. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтаас гаргасан шийдвэр огт хэрэгжээгүй байс­ны жишээ энэ. Энэ удаад ч гэсэн  Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж  буй “Алтандорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иудын эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд улсын байцаагчийн тогтоосон акт, шаардлагыг эсэргүүцэн, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг тухайн газарт үйл ажиллагаа явуулахыг зогсоохоор болж, шаардлага хүргүүлжээ. Түүнээс гадна  шалгалтын явцад “Алтандорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иуд  нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авч, эфель угааж байсан нь илэрчээ.  Харгуйт, Будант, Өлзийт тээл, Их тээлийн голын усыг их хэмжээгээр бохирдуулсан байна. Эдгээр .голууд бүгд Орхонд цутгадаг. Цутгалууд нь их хэмжээгээр бохирдоно гэдэг Орхон яаж бохирдсон нь тодорхой. Түүнээс гадан дээрх компаниуд бусад жижиг компаниудад нөхөн сэргээлт хийсэн газраа зарж, дахин ашиглуулсан нь урт хууль төдийгүй, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг зөрчсөн явдал аж. Зөрчсөн гэдэг үг ч зөөлөндөнө. Ерөөсөө л эрс эсэргүүцсэн гэсэн үг.  Энэ юу ч биш. Ерөөсөө гол асуудалд Орхон голын бохирдолд байгаа шүү дээ. Гэтэл алт угаасан шороо, хог хаягдалтай далангаа санаатайгаар сэтэлж,  Орхон голыг их хэмжээний хөрсний механик бохирдлоор бохирдуулсан нь Усны тухай хуулийн 34.1 дэх /Усны нөөцийн сан бүхий газарт цацраг идэвхит, халдвар тараах болон химийн хорт бодисын хаягдал хадгалах, устгах, хог хаягдал, бохирдуулах бодис, үйлдвэрлэлийн бохир ус хаяхыг хориглоно/ гэсэн заалтыг зүгээр л нулимж байгаа үйлдэл.

Түүнээс гадна  “Алтан Дорнод Монгол”,  “Монгол газар” ХХК-иуд голын голдиролыг сэргээх төсөлгүй, голдирол сэргээх ажлыг огт хийгээгүй  байгаа юм. Мөн ус ашиглалтын гэрээ байгуулаагүй, Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, төлөвлөгөөгүй,  орд ашиглах техник эдийн засгийн үндэслэл байхгүй , 2011 оны 5,6 дугаар сард аймгаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбогдуулан тогтоосон улсын байцаагчийн актуудыг хэрэгжүүлээгүй, лацыг дур мэдэн хөндсөн зэрэг  10  гаруй  хуулийг зөрчсөн аж.   Хувийн компаниуд, эрх мэдэлт­нүүд ингэж дураар дургиж, Монгол Улсын хамгийн урт голыг бохирдуулж, олон мянган ард иргэдийн ундны эх үүсвэрийг устгаж байхад Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-аас дээрх компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн 11 тоот тогтоолыг энэ  оны тавдугаар  сарын 31-ны өдөр гаргаж,  их хэмжээний хандив авсан байгаа юм.  Үүнээс үзвэл Архангай аймгийн ИТХ, Засаг дарга, Цэнхэр сумын ИТХ, Засаг даргын зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллалгүй, хээл хахуульд идэгдсэн нь илхэн байна.  Түүнээс гадна  МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийнхан Архангай аймагт орших Орхон голын цутгал голуудын уснаас дээж авч шалгажээ.  Шинжилгээгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Харгуйтын голын уснаас Магни их хэмжээгээр илэрсэн байна. Магнийн Стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 30 м/л байдаг бол Харгуйтын голын уснаас авсан шинжилгээний дүнгээр 40.85 мг/л гэж гарсан нь их хэмжээний бохирдолтой байгааг батлав. Мөн Өлзийт тээл, Өлийн, Харгуйт гурван голын уулзвар, Будантын голоос авсан шинжилгээгээр төмрийн стандартын зөвшөөрөгдөх хэм­жээ 1.52-8.2 мг/л-ээр илүү гарсан, аммоний ион 0.5-8 мг/л-ээр илүү гарчээ. Эдгээр бодисууд байгалийн усанд байдаг ч хэмжээнээсээ хэтэрвэл хүний биед хортой байх мэдээж. Эдгээр голуудын ус ингэж бохирдсон нь Орхон голын ус дээрх бүх бодисоор бохирдсон л гэсэн үг.  Одоогоор УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Б.Цогтбаатар “Алтандорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иудад Эрүүгийн хуулийн 208, 214 дүгээр зүйл ангиар 21177242 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэрэг хаашаа эргэхийг харж л байхаас. Уг нь хууль мөнгөнөөс илүү хүчтэй байвал Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа нар том шийтгэл хүлээх нь дамжиггүй.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих