Хэл, хил, мал гурвынхаа төлөө эцсээ хүртэл тэмцсэн төрийн соёрхолт, СГЗ З.Дорж таалал төгслөө

“Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй” хэмээн тунхаглаж чадсан Монгол улсын төрийн соёрхолт зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Зундуйн Дорж таалал төгслөө.

Зундуйн Дорж 1941 он төмөр могой жилийн могой сарын (11 cар) могой өдөр Булган аймгийн Авзага сумын (өнөөгийн Хишиг-Өндөр) 5-р баг, Хадан хошууны Ар зайдан гэдэг газар мэндэлжээ.  1952 онд буюу 11 настайдаа Авзага сумын бага сургуульд элсэн орж 1961 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж 1962 онд МУИС-ын Хэл утга зохиолын ангид элсэн орж 1968 онд төгсч Монголын үндэстний радиод 1971 оныг хүртэл сэтгүүлчээр ажиллажээ.

1971 -1973 он хүртэл Берлины Брундфункт радиод сэтгүүлч, 1973 оноос эргээд Монголын үндэстний радиод сэтгүүлч, редактораар гавъяаны амралтанд гартлаа ажиллажээ.

1992 оны Хар мичин жилээс Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг байгуулж “Баян Монгол” студийн захирлаар ажилласан юм.

1993 онд “Эрдэнэ засгийн унага” түүхэн романаар Монгол улсын төрийн соёрхол, 1999 онд Сүхбаатарын одон, 2008 онд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

Хэл, хил, мал гурвынхаа төлөө эцсээ хүртэл зүтгэсэн түүнийг Монголын ард түмэн үүрд мөнхөд дурсах болно. Ум сайн амгалан болтугай.

*

Ард түмний төлөө

Амьдралаа зориулсан хүмүүсээ

Анги намаар нь ялгах нь байтгаа

Амьд үхсэнээр нь ялгаварлаж болохгүй

Үндэс язгуурынхаа төлөө

Үзэлцэж явсан хүмүүсийг

Үзэл суртлаар ялгах нь байтгаа

 Үхсэн амьдаар ялгаварлаж болохгүй

***

Хулгайч олны дотор

Хулгайч байхгүй бол ганцаардана

Хуурамч олны дотор

Үнэнч байвал хэцүүднэ

Буруу олны дотор

Зөв байвал баларна

Буг чөтгөрүүдийн дотор

Бурхан байвал бачимдана

АРДЫН ДУУ

Ардын дуу дуулж суугаад

 Аргамж сур нухахад зөөлөрдөг

 Ардын дуу дуулж зогсоод

Айраг бүлэхэд исдэг

            Ардын дуу дуулж дэвээд

            Аманд гарахад давдаг

            Ардын дуу дуулж мордоод

            Амрагтаа зориход хүрдэг

Ардын дуу дуулж байгаад

 Ачаа татахад чангардаг

Ардын дуу дуулж цэнгээд

Амьдарч явахад жаргадаг

            Ардын дууг амандаа аялж

            Амьдралын турш догдолж явна

***

Алтан дэлхийд ганцхан юманд

Алдуурч сулрахгүйгээр би зангидъя

Адуу малтай Монгол улс руу

Аялан жуулчлуулж би зангидъя

            Хойморт гэртээ дэлхий дахиныг

            Хоргодож саатуулж би зангидъя

            Ганцхан Монгол бидэнд хэрэгтэй гэж

            Гадаадынхныг шуугиулж би зангидъя

Жингийн ачаа шиг тоолон зангидъя

Жирэмсэн сүлжээ шиг тооцон зангидъя

Эрдэнэт сайхан мал сүргийнхээ

Идээ цагаагаар дайлан зангидъя

            Эзэн Чингисийнхээ билиг авьяаст

            Эрхэм хүмүүнийг дуудан зангидъя

2012 он.

***

Үнэнч чамдаа хүрэхэд

Үг хүрэмгүй алсад байна

Амраг чамдаа очиход

Аргамаг тууламгүй холд байна

Жинхэнэ чамайгаа бодоход

Жигүүртэн давамгүй өндөрт

Зүрхний чамдаа золгоход

Зүүдэнд оромгүй тэнгэрт байна

***

Тэнэгүүдийг толгойдоо өргөж

Тэмүүжин Чингисийг гомдоосон Монгол

Сүгнүүдийг толгойдоо гаргаж

Сүхбаатар жанжныг гундаасан Монгол

            Навтаргануудыг толгойдоо гаргаж

            Нацагдорж, Дамдинсүрэнг гавтаасан Монгол

            Бугнуудыг толгойдоо гаргаж

            Бурхан багшийг сэвтээсэн Монгол

Коммунистуудыг толгойдоо гаргаж

Коминтерны даалгаврыг биелүүлсэн Монгол

Улаан хувьсгалчдыг толгойдоо гаргаж

Ухаантан бүгдээ хядсан Монгол


URL:

Сэтгэгдэл бичих