Их тэнгэрийнхэн мэдээгүй нь газар хөдлөлтийн буруу

Гэрт хэвтэж байтал гэнэт зүрх чичрэв. Гэрийн хаалгыг хэн нэгэн хүчтэй нүдэх шиг болов. Хэн билээ гэж бодонгоо зүрхээ дараад үүд рүү алхав. Толгой эргээд бие дайвах шиг. Нээрээ манайд хэн ч ирэхгүй гэж бодоод буцаж хэвтэв. Гар утсаа аваад нийгмийн сүлжээнд холбогдлоо. Тэгтэл олон хүн “Сая газар хөдөлсөн үү?” гэж нэг, нэгэндээ асуулт тавьж, бусад нь “тийм” гэж бичжээ.

Аймаар юм. Хотод байгалийн гамшиг тохиожээ. Тэгээд санаа зовлоо, Их тэнгэрийнхэн минь гайгүй өнгөрсөн байгаа даа гэж. Сүүлд сонсоход тэд дажгүй өнгөрүүлжээ. Юу болсныг огт мэдээгүй хүн ч тэнд байв. Тэнд гэдэг нь Их тэнгэрт гэсэн үг. Амралтын өдөр буюу бямба гариг учраас тэд гэртээ байцгаасан, тэгээд хотод болсон онц­гой үйл явдлаас хоцорчээ.

Маргааш нь Их тэнгэрийн зарим хүн мэдэж, УИХ-ын дарга фэйсбүүк хуудастаа цахим сүлжээнээс газар хөдлөлтийн тухай мэдээ шэйрлэжээ. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон хотын дарга юу ч дуулаагүй байв.

Ноцтой зүйл болсноос хойш тав хоногийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дарга  Ерөнхий сайдын өрөөнд очиж “Газар хөдлөлт болсон тухай төрийн гурван өндөрлөгт хүргэж чадаагүй” гэж хэлжээ.

Дараа нь Ерөнхийлөгч чуулганд мэдээлэл хийхээр болж пүрэв гаригийн орой холбогдох бүх хүнийг дуудав. Төрийн тэргүүн “Энэ асуудлыг ҮАБЗ-ийн төвшинд, ажил хариуцсан цөөн хүн яриад суух нь хангалттай биш. Улс орны нийгэм, эдийн засаг, эрх зүйн бодлогын голыг тодорхойлдог УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргэе” гэж хэлэв. УИХ-д суудаг 76 ч юм дуулаагүй аж. Санаа зовсон янзгүй хүмүүс чуулганы танхимд сууна.

Гэтэл нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн гамшиг өнгөрсөн хэдэн өдөр хотынхонд юм, юм л бодогдууллаа. “Чи хаашаа зугтах байсан бэ” гэж асуух хүнтэй ч таарсан. Гэтэл гишүүд юу гэсэн гээч. “Төрийн ордонд газар хөдөлбөл яах вэ, хэдэн жилийн өмнөх дэлхий сөнөнө гэсэнтэй юугаараа ялгаатай юм бэ” гэж албаны хүнээс асууж байна. Ийм мэдрэмжгүй асуултад хэн хариулах билээ. Газар хөдөлнө гэж зарласан бол хотоос гарч гэр бариад суучих байж. Сонор соргог байх ёстой төр ийм л сохор байна. Ер нь Их тэнгэрийнхэн, 76 мэдлээ гээд ч газар хөдлөхөө больчих биш.

Төрийн тэргүүн цааш нь ингэж ярилаа. “УИХ-ын гишүүд хаана цугларах юм, цугларах газар нь асуудал үүссэн бол хэрхэх вэ. Улс орныг удирдаж буй хүмүүст асуудал гарч, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон бол хэрхэх вэ” гэж. Газар хөдлөөд Төрийн ордон нурлаа гэхэд гишүүд нэг газар цуглах нь. Цуглах газар нь бас нурчихвал хаачих вэ гэж санаа зовсон бололтой.

Үнэндээ дарга нар газар хөдөлсөн тухай яагаад мэдээгүй юм бэ гэсэн асуултыг тойрч л хэдэн цаг ярьцгаасан. Нээрээ яагаад газар хөдлөлтийг гурван өндөрлөгт мэдрүүлээгүй юм бэ. Үүнд хэн буруутай вэ. ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлэхдээ “Манай систем 4.5 баллаас ажиллаж эхэлдэг. Систэм ажиллаагүй учраас ард иргэдэд мэдээлэх шаардлагагүй юм байна гэж үзэж цааш нь мэдээлээгүй” гэв. Ер нь тэр системийг ажиллатал, Их тэнгэрт амьдардаг дарга нарт мэдрүүлж чадаагүй нь газар хөдлөлтийн буруу.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих