“Сандэй плаза”-н түрээслэгчид худалдаагаа хийхийг хүслээ

Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” худалдааны төвд энэ сарын 10-11-нд шилжих шөнийн 01.30 цагийн үед гал гарсан. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 алба хаагч галыг бүрэн унтраасан юм. Одоогийн байдлаар тус төвийн үйл ажиллагааг зогсоож, хаалгыг лацдан, цагдаа болон онцгой байдлынхан байрыг хамгаалтад аваад байгаа юм.

Гал гарсны маргааш худалдааны төвд лангуу түрээсэлдэг иргэд нөхцөл байдалтай нь танилцсан юм. “Гал В1 давхрын баруун хойд жигүүрээс эхэлж нэлээн хэдэн лангуу шатсан байна. Галд өртөөгүй бараа байсан хэдий ч утаа, униар, хөө тортог болсон учир авах нөхцөлгүй болсон. Гал В1 давхарт гарсан боловч долоон давхар хүртлээ битүү хөө, тортог болсон” гэдгийг түрээслэгчид хэлж байлаа.

Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байна. Харин В1 давхарт нийтдээ 108 лангуу байдаг аж. Гэхдээ нэг лангууг хоёр хүн дундаа түрээсэлдэг ч тал бий гэнэ. Тиймээс 100 гаруй хүн хохирогч гэсэн үг.

Тэд өчигдөр өглөө цуглаж тус худалдааны төвийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч зохион байгуулагч, хамгаалалтын албаны даргаас өөр хүн гарч ирээгүйд бухимдаж байв. Тэнд цугласан түрээслэгчид үйл ажиллагаагааг хэвийн явуулах хүсэлт гарган гарын үсэг цуглуулаад байлаа. Учир нь, зоорийн буюу В1 давхраас дээш гал тархаагүй учир бусад давхарт лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Тэд “Эдийн засгийн хямралтай үед цаг хугацаа алдаж, ажилгүй баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хурдан шийдье. Иргэд ч худалдаа хийхээр зорьж ирсээр байна. Тиймээс гал гарсан хэсгийг яаралтай цэвэрлэж, хохирлыг тооцож, бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна” гэж байлаа. Харин В1 давхарт лангуу түрээслэгчид дээрх хүсэлтийг эрс эсэргүүцсэнээр тэдний дунд маргаан үүссэн байдалтай байлаа.

Түрээслэгч С.Өнөрөө“Удирдлагууд нь гарч ирж уулзахгүй, юу болж байгаа, хохирлыг хэрхэн барагдуулах талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байна. Гал гарснаас хойш өдөр болгон цуглалаа. Хэрэв удирдлага нь гарч ирж бидэнтэй уулзахгүй бол автозамыг хааж тэмцэхэд тулаад байна. Лангуу түрээслэгчид бүгд л банкны зээлтэй, өдөр өдрийн өр зээл төлдөг.

Түрээсэлж байсан лангууг нь янзлаад өгчих. Эхний ээлжид нэг эргэлтийн бараа авах мөнгийг нь өгчих гэсэн хүсэлтэй байна. Гэтэл удирдлага нь гарч ирж уулзахгүйд бид бухимдалтай байна” гэв.

“Сандэй плаза” худалдааны төв хэдий хүртэл хаалттай байх нь тодорхойгүй байна. Албаны хүний мэдээлснээр, тус төвд мэргэжлийн байгууллагынхан шалгалт, шинжилгээ хийж байгаа ба шинжээчийн дүгнэлт14 хоногийн дараа гарах аж.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих