“Усны засаглал” сэдэвт лекц сонсгож усны үнэ цэнийн талаар хэлэлцэв

123e24324gfdgfd

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны засаглал” лекц, нэгдсэн илтгэлүүдийг сонсгов. Уг арга хэмжээнд БОНХАЖЯ, түүний харьяа газрууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд, эко сургуулийн сурагчдын төлөөлөл оролцлоо.

Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтсан бөгөөд судалгаанд хамрагдсан дэлхийн 173 орноос 104-т оржээ. Дэлхий дээр нэг минут тутамд долоон хүн усны бохирдол, гачигдлаас шалтгаалан нас бардаг байна. Дэлхийн хүн амын 60 хувь нь аж төрдөг Ази тивд усны хэрэглээний 36 хувь ногддог бол хүн амын 6 хувь нь амьдардаг Өмнөд Америкт 26 хувь, найман хувь нь амьдардаг Хойд Америкт 15 хувийн хэрэглээ ногддог ажээ.

Африк тивд дэлхийн хүн амын 13 хувь амьдарч усны 11 хувийг, Европт хүн амын мөн 13 хувь амьдарч усны 8 хувийг, арлуудад хүн амын нэг хувь амьдарч усны 5 хувийг тус тус хэрэглэдэг байна. Дэлхийн усны нөөцийн ердөө 2,5 хувь нь цэвэр ус байдаг гэсэн судалгаа гарчээ. Үүний дөнгөж 0.0007 хувийг л гол мөрний урсгал ус эзэлдэг аж. Өнгөрсөн 50 жилд улс гүрнүүдийн хооронд уснаас үүдэн 1831 удаагийн маргаан дэгдсэний 21-ийг нь цэргийн хүчээр шийдсэн байна. Ийнхүү хүн төрөлхтөн ундны цэвэр усны гачаалд орохын ирмэгт тулах цаг ойртож буйг оролцогчид лекц, хэлсэн үг, илтгэлдээ дурдлаа.

“Усны засаглал” сэдэвт лекцийг нээж Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ ““Усны засаглал” гэсэн энэ чухал лекцэд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн форум буюу Давосын чуулга уулзалтад оролцохдоо усны тухай салбар хуралдаанд байнга оролцдог. Дэлхий нийтийн өмнө энэ зуунд болоод ирэх зуунд хамгийн тулгамдаж байгаа гурван асуудал бол ус, эрчим хүч, хүнсний асуудал юм. Дэлхий нийтийн чиг хандлагыг харгалзан, Монгол Улсынхаа онцлог нөхцөлтэй уялдуулж байгаль дэлхийг хамгаалах, түүний дотор усыг хамгаалах талаар олон санал санаачилга гаргасныг та бүхэн мэдэж байгаа.

Албан ёсны статистикаас үзвэл хүний тархины 75 хувь нь уснаас тогтдог. Биеийн жингийн 83 хувь, ясны 22 хувь нь уснаас бүтдэг. Усгүй бол дэлхийн 7 тэрбум хүн амьдрах аргагүй болно. Энэ мэтээр усны ач холбогдлыг тоочоод барахгүй.

Монгол бол цэнгэг устай, унаган байгальтай орон байсан. Харин социализмын үед ой модыг хайр гамгүй тайрсан. Зөвхөн Хэнтийн нуруунд гэхэд 3000 хоригдлоор олон жилийн турш асар их модыг тайруулсан байдаг. Энэ нь Туул голын ундарга багасахад шууд нөлөөлсөн. Ой модтой газар бүхэнд зэрлэг балмадаар хандсан. Усны хомсдол ардчиллын жилүүдэд үүссэн гэж ихэнх хүн ойлгододог. Гэвч бүр 1980-аад оны дунд үед усны мэргэжилтнүүд ус хомсдож байгаа тухай сэдэвт тухайн үеийн төр, засгийн анхаарлыг хандуулж байсан юм.

Усны асуудал үнэхээр тулгамдаж байгаа гэдэг нь олон зүйлээр нотлогдож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас МҮОНРТ-тэй хамтран “Сурагч соилцооны хөтөлбөр “ хэрэгжүүлдэг. Түүнд хамрагдсан хүүхдүүд дараа нь зохион бичлэг бичдэг. Би энд нэг хүүхдийн зохион бичлэгийг авч ирлээ. Хоёр, гурван жилийн өмнө Булган аймгийн Сайхан сумын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Золзаяа гэдэг хүүхдийн бичсэн зохион бичлэг байгаа юм. Одоо энэ хүүхэд оюутан болсон байх. Золзаяа Улаанбаатарт сурагч солилцоогоор ирснийхээ дараа бичихдээ “Би тэнгэр газар хоорондоо ямар зайтайг мэддэггүй байсан шигээ хот, хөдөөгийн хөгжил ямар хол байгааг үнэхээр үгээр илэрхийлж чадахгүй юм. Би ангийнхантайгаа Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх байгууламж, цэвэр усны нөөцийн газар, Туул голын ай сав гээд ус, байгаль орчинтой холбоотой хэд хэдэн газраар аялсан. Ус цэвэршүүлэх байгууламж надад асар их устай байгалийн үзэсгэлэнт газар байдаг шиг санагддаг байсан. Энэ газар очиж үзнэ гэж сонсоод усанд нь усны шувууд хөвж яваагаар төсөөлж ч үзлээ. Гэтэл миний огт бодож байгаагүй эхүүн муухай үнэртэй орчин угтлаа. Хөдөөний хаа нэгтээ муудаж ялзарсан сэг зэм салхин дороос ингэж үнэртдэгсэн. Ийм газар ямар хүмүүс ажилладаг нь сонирхолтой санагдлаа. Өрөвдөлтэй ч юм шиг. Харин тун удалгүй бид өөрсдөө ямар өрөвдөлтэй юм бэ гэж санагдсан шүү.

Усны үнэ цэнийг бид огтхон ч мэдэрдэггүй, бас хайрлаж хамгаалж чаддаггүй, харин ус цэвэршүүлэх байгууламжид ажилладаг хүмүүс ямар их ус цэвэршүүлж хот газрынхны өдөр тутмын амьдралыг тэтгэдгийг нүдээрээ үзэж бахархсан” гэж бичсэн байгаа юм.

Энэ хөтөлбөрт хамрагдсан хотын нэг сурагч охин хөдөө явж байгаад бичсэн зохион бичлэгийг би уншиж байсан. Тэр охин Сэлэнгэ рүү явж байх замдаа ойн захад зогсож амарчээ. Тэр үедээ тайрсан моддыг хараад бичихдээ “Бид хотод мод тариад байдаг. Гэтэл энд мод тайраад байдаг. Энэ тайрсан моддыг харахад дайнд эрсэдсэн цэрэг эрс шиг, түүнээс долоон дор санагдлаа” гэсэн байгаа юм. Хүүхэд ингэж мэдэрч чаддаг. Хүүхдэд байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл цаанаасаа генд нь байдаг. Байгаль дэлхийгээ бохирдуулж, усыг үрэлгэн зарж байгаа нь насанд хүрсэн хүмүүс байгаа юм.

Иймээс өрх гэр, аж ахуйн нэгж, байгууллага бүгд усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Нөгөө талаасаа төр, засгийн байгууллага нь иргэдийн оролцоонд суурилсан хамгаалалтыг дэмжих ёстой.

Энд хоёр зүйлийг тэмдэглэж хэлэх гэсэн юм. Нэгд, эрт дээр үеэс монголчууд усыг амьдралын үндэс хэмээн эрхэмлэж ус бохирдуулахыг цээрлэдэг байсан ард түмэн. Өвөг дээдсийнхээ энэ сайн уламжлалыг сэргээж, хүүхэд багачуудыг боловсролоор нь дамжуулан багаас нь усны үнэ цэнийг мэдрүүлж, хайрлаж хамгаалдаг болгон  хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүнд боловсрол, төр, засгийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй юм.

Хоёрт, усны засаглал, менежментийн талаар бид хүнд суртын маш их цаас үйлдвэрлэсэн. Бүр интернэттэй болохоос  өмнөх үеийн хууль, дүрэм, журам мөрдөгдөж байна. Бид өнөөдөр усны засаглалыг  сайжруулж, байгаль орчныг хамгаалъя гэвэл орчин үеийн мэдээллийн технологийн эринд нийцсэн, үр ашигтай усны засаглал, тогтолцоог тогтоох ёстой. Цөөн хүн амтай, уудам нутагтай оронд олон захиргаа, олон байгаль хамгаалагч нэмснээр энэ асуудлыг шийдэж чадахгүй.

Тиймээс мэдээллийн технологийн эрин үед интернэт, гар утас, сошиал медиа ашиглаж, иргэдийн оролцоон дээр суурилуулан иргэн бүхэн байгаль хамгаалагч шиг асуудалд ханддаг, байгаль, усыг бохирдуулж байгаа талаар мэдээлдэг мэдээллийн сантай болох хэрэгтэй. Сошиал медиа ашиглаад манай 3 сая иргэн 3 сая сэтгүүлч шиг ажиллаж чадна. Түүн дээр тулгуурлаж арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог зарчимтай болъё. Үүнд хүүхэд, залуус, цэрэг, цагдаа бүгд оролцох хэрэгтэй. Зөрчил гарсан тохиолдолд зөвхөн байгаль хамгаалагч хариуцлага тооцох гэж дангаараа хөөцөлдөх ёсгүй.

Монголд байгаа хуулиудад аудит хийж, төрийн бүтцийг цомхон болгох хэрэгтэй. Хүн болгон байгаль хамгаалагч байх хэрэгтэй. Орчин үеийн хуулийн засаглалыг ингэж бий болгож чадвал Монгол Улс байгаль орчноо ч хамгаална. Хүн ардаа цэвэр усаар ч хангана. Хөгжил дэвшилд хүрэх өргөн боломж ч байна.

Монголд 1996 оноос л анх орон сууцанд усны тоолуур тавьж эхэлсэн. Одоо цэвэр усаараа 00 цэвэрлэдэг газар Монголоос өөр их цөөхөн үлдсэн. Насанд хүрсэн хүн бүр үүнд анхаарч өөрчлөлт оруулах ёстой.

Монгол Улсад мод тарих үндэсний өдөртэй болж 8 сая гаруй мод тарьж, түүний 75 хувь нь ургасан байна. Мод тарих хөдөлгөөнд монголчууд хамрагдаж байгаа нь их хэрэгтэй. Энэ нь эргээд устай холбоотой.

Даяаршиж байгаа дэлхий ертөнц, уур амьсгалын өөрчлөлтийн үед түргэн шуурхай ажиллах цаг тулж ирээд байна. Тийм учраас өнөөдөр усны засаглалын тулгамдсан асуудлаар лекц  уншуулах арга хэмжээ зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн төсөл”, холбогдох бүх байгууллагад талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Усаа хайрлацгаая. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Усны засаглал лекцэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, Швейцарийн хөгжлийн Агентлагийн хөтөлбөрийн зохицуулагч Даниел Валенги, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, 58 дугаар сургуулийн сурагч М.Мөнхсайхан нарын хүмүүс усаа хайрлахын утга учир, усны үнэ цэнийн талаар сонирхолтой илтгэл тавьж сонсголоо.


URL:

Сэтгэгдэл бичих