Миний мэдэх Бал дарга

9 сарын 17-  Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 95 жилийн ойн өдөр

Манай ард түмний хайрт удирдагч Ю.Цэдэнбал асан Монголын түүхэнд хамгийн олон жил буюу 44 жил төр барьсан хүн гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Монголын эзэнт гүрнийг анх эмхлэн байгуулсан их хаан эзэн Чингис 21 жил хаанчилж, дараа нь гуравдахь хүү Өгөөдэй залгамжлан 12 жил, ач хүү Хубилай 34 жил гэх мэтээр түүний дараа дараагийн үр удмын их бага хаадууд үүнээс олон жилээр бидний үеийг хүртэл төрийн тэргүүнд сууж байсангүй. Энэ гашуун үнэн нь атаач жөтөөч олон хүний зүрхэнд одоо хүртэл шар ус хуруулдаг ч байж магадгүй.
Хэдий дэргэд нь хамт ажиллаж амьдарч яваагүй ч өчүүхэн миний судалж ойлгож, мэдэж мэдэрснээр энэ хүн тухайн цаг үед аргагүй өөрийн төрөлхийн авьяас билэг, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээр тасархай байсан учир дээдчүүд болон дэргэдэх нөхдөдөө үнэлэгдэж энэ олон жил алдаа дутагдал гаргахгүйгээр түүхэн хэцүү цаг үеийг туулан улс эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хадгалан авч үлдсэн гэдэгт би эргэлздэггүй.
Тыва улсыг тусгаар тогтносон бүрэн бүтэн улс гэдгээр нь газрын зурагтай нь гаргасан марк тэр үед гаран дараа нь устган үгүй хийснээс одоо энэ марк дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй болохыг та сонссон байх.
Бал даргыг ардчиллын он жилүүдийн эхээр учиргүй буруутган муулж тэртээ тэргүй хүний газар цөлөгдөн хоригдож байсан түүнийг тохуурхан доромжилсоор нүд аньсан хойно нь ч ясыг нь өндөлзүүлж байсанд одоо зарим хүмүүс ичиж нүүрээ хийх газаргүй явдаг болов уу гэж боддог юм. Эхнэр Анастасия Ивановна нь Алтан өлгий дэх түүний шарилын дэргэд хэлсэн эцсийн үгэндээ ”…Миний ханийн хийсэн бүтээснийг монголын ард түмэн үнэлэх цаг нь тун удахгүй ирнэ…” гэж итгэл төгс хэлж байсан дуу нь одоо ч чихэнд сонсогдох шиг.
ЗХУ тэргүүтэй дэлхийн социалист систем хэмээх зуу зуун сая, тэрбум хүнийг нэгтгэсэн  хоорондоо угсраатай хүчирхэг том жижиг дугуйнууд араа шүд нь тачигнан эргэж байлаа. Үүний нэг жижигхэн араа нь монгол улс байсан бөгөөд хуйлран эргэлдэх энэхүү агуу механизмыг ухраах, зогсоох тэр бүү хэл хурдыг сааруулах хүч хаа ч байгаагүй билээ. Түүнийг сөрөх гэсэн өчүүхэн төдий оролдлого ямар эмгэнэлтэйгээр төгсөж байсныг тавын таван төрийн  тэргүүнээ буудуулж сор болсон гурван түмэн иргэдээ булшлуулж байсан бидний үе хэзээ ч мартахгүй ээ. Бал даргын онцгой чанар гэвэл тэр хүн тухайн тэр л цаг үеийн захиалгаар “бий болж” түүндээ хэлбэршгүй тууштай үнэнч байсанд оршино.

Кремлийн эрх баригчид анхнаас нь залуу Цэдэнбалыг “халамжиндаа авч” гарын дороо байлгах бодлого явуулж байсан авч сүүлдээ “социалист интернациональ” гэгч үзэл санааны хүрээнд үзүүлэх тэдний дарамт шахалтын эсрэг тэмцэж эхэлсэн учир арга буюу хүчээр зайлуулан Москвад гэрийн хорионд байлгаж байгаад зүйл дуусгасныг  бид сайн мэдэх билээ. Тэр үед түүнд Москвагаас тулгаж байсан ЗХУ-тай бүх талаар ойртон нягтрах бодлогыг улс төр эдийн засгийн хүрээнд яаж эсэргүүцэж байсныг  ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн дурсамжинд тодорхой өгүүлсэн байдаг. Тэрээр өөрийн зарчимч шударга зан чанартаа эхнээсээ эцсээ хүртэл тууштай байж чадсан хүн юм.

Бал дарга багаасаа ядуу зүдүү амьдрал туулж өнгөрүүлсний хувьд эх орон, элгэн саднаа богино хугацаанд өөд татахын тулд өөрийн хүч авьяас билгээ дайчлан ажилладаг байсныг харуулах олон баримт бий.

Тэрээр өөрийнхөө бага насыг дурсан ярихдаа “Тэр үед манай нэг авга ах Улаангомын хүрээнд шавилан суудаг байсан юм. Би түүнийг дагаад сайн лам болохыг үнэхээр хүсэж байсан боловч манайх чинь ам бүл олуулаа, амьдрал ядуу хувцас хунар муутай байлаа шүү дээ. Надад лам дээл байгаагүй учир хүсэл маань хойшлогдож танхимд \сургуульд\ орчихсон. Би танхимд орохдоо тун дургүй байлаа. Гурван ч удаа оргож баригдаж билээ. Сүүлийн удаад баригдахдаа багшаасаа тун айж байлаа. Гэтэл багш маань зодсонгүй, харин нэг домбон ёотон өгөөд толгойг минь илж дахиад ингэж битгий оргож босож байл даа гэж билээ. Би ч үнэхээр баярлаж дахиж оргоогүй шүү” гэж ярьж байжээ.

Энэ хүнийг хар багаасаа хайрлан хүндэтгэж явдгийн хувьд түүнтэй хамран зүтгэж улс эх орноо гэсэн нэгэн сэтгэл зүрхээр ажиллаж амьдарч явсан хүмүүсийн дурсамжтай танилцаж заримтай нь уулзаж учирч ярилцаж явахад түүний тухай ам нэгтэй өгүүлэх хэд хэдэн чухал чанарууд байдаг юм билээ.

Цэдэнбал гуайд одоогийн төрийн зүтгэлтнүүд шиг албан тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдөх тухай санаа  бодол толгойд нь нэг хором ч төрж байгаагүйг түүх баталдаг. Түүнд хувийн өмч гэж юу ч байсангүй, тэрээр ухамсартай бүхий л амьдралаа эх орныхоо буюу бидний төлөө зориулжээ.  1988 онд буцаж ирээд хувийн эд хогшлоо аваад буцахад нь түүнийг ихээхэн зүйл эх орноосоо авч явах гэж байна гэж хардан ачааг дээрээс зориуд дээрээс зохион байгуулан гаалийн үзлэгээр оруулахаар болжээ.

Дарга тэр үед өөрт нь бэлгэнд өгсөн байсан бүх буу сэлэм, мөнгөн аяга зэрэг үнэт эдлэлүүдийг улсын эрдэнэсийн сан, НАХЯаманд тушааж үлдсэн зүйлүүдээ нэгэнт боож баглачихсан байж.   Гэрийнхээ хуучин тавилгыг тэр үеийн ханшаар сангийн яамаар үнэлүүлэн 13 мянган төгрөг тушааж таван тоннын чингэлэгт ачуулахаар бэлдүүлэн жагсаалтыг нь гаргасан байж. Өвгөн үүнд нь өчүүхэн ч уурлаж уцаарласангүй харин энэ үзлэгт ихэд талархаж бүх зүйлээ дахин задлан үзүүлтэл тэдний сэжиглэж байсан бараанд юу байсан гээч. Хорин цаасан  хайрцагт нь дан ном, үлдсэн дөрвөн хайрцагт хуучин хувцас ор дэрний цагаан хэрэглэл байжээ. Итгэмээргүй байгаа биз?
Түүнд тэр үеийн зүүн Европын зарим удирдагчид тухайлбал Румыны Чаушеску шиг Швейцарын банкинд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж байршуулсан нэг ч доллар байсангүй. Ямар сайндаа тэр үед Филатова гуайг хүүхдүүдтэйгээ даргыг оршуулах гэж ирээд гурав хоноод буцахад нь  манайхан буудал, байр хоолны мөнгө гэж 30 мянган төгрөг нэхэж шогтож байхав.  Түүнийг нь төлөх мөнгөгүй хөгшин, монгол дахь ЭСЯ-наасаа зээлж дараа нь увуу цувуу тэтгэврээсээ төлж барагдуулсан юм билээ. Даанч ичмээр шүү.

Өөрийгөө улс орноо хөгжүүлэх үйлст бүрэн золиосолж чадсан ганцхан хүн. Түүнд хувийн гэх амьдрал бараг байсангүй. Бусадтай адил зугаа цэнгэл хөөх мөч заяа түүнд оногдсонгүй. Эргэн тойрон харуул хамгаалалт, идэх хоол, ярих уулзах хүнийг нь дэргэд нь үргэлж цагдах хатуу орос эхнэр ийм л “халамж” нүдэнд бууна. Тэрээр ан гөрөө хийх ч юм уу тоглож наадаж хайран цагаа өнгөрөөнө гэхээс ёстой толгойтой үс нь арзайдаг байж. Дарга мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж чөлөөт цагаараа ном л уншиж л тархиа “амраадаг” байж. Түүний үлгэр жишээгээр ажиллахаар олон хүн хичээж байсан авч хоногт дөрөвхөн цаг унтаад “амарсан болчихдог” чанарыг нь тухайн үеийн хэнбугай ч дагаж дууриаж чаддаггүй байсан гэх. Тэдний хувийн номын санд арав гаруй мянган ном байсан талаар комиссаруудын дурдатгалд байдаг юм билээ. Түүний аминаасаа илүү нандигнан хадгалж орсон гарсан хүн болгонд үзүүлэх дуртай үндсэн хөрөнгө нь ердөө л энэ номнууд байжээ.

Бал дарга Эрхүүд сургууль төгсөж ирснийхээ дараахнаас 23 насандаа ядуу улсынхаа сангийн яамыг удирдан ажиллаж 1939 оны Халх голын дайнд монголын зэвсэгт хүчний арын албыг удирдан зохион байгуулах амаргүй ажилд томилогдон үүргээ гарамгай амжилттай гүйцэтгэжээ. 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлаас тэрээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож улмаар армийн комиссар цолтойгоор улс төрийн газрын даргаар хавсран томилогдож байжээ.

Дарга бол хүн чанар ноён нуруугаа хэзээ ч алдаж үзээгүй хүн байсны нэг баримт бий.  Өөрт нь эцэг шиг нь ханддаг байсан маршал Чойбалсангийн гаргасан нугалаа, тахин шүтэж байсан асуудлыг Хрущевын шүүмжлэлийн адилаар сөхөн тавихыг  дээрээс нь Кремль, дэргэдээс нь хамтран зүтгэгч нар нь гарган дахин дахин  шахалт үзүүлэхэд тэрбээр “Тэр хүний алдаа оноо, алдар гавьяаг алсдаа түүхэн цаг хугацаа харуулна” хэмээн гүрийсээр байгаад асуудлыг дорвитой авч хэлэлцэлгүй бүр хөшөө дурсгалыг нь хүртэл хөндөлгүй байлгасаар бидний үед шилжүүлэн өгч чадаж байжээ.

“Бидний дунд Цэдэнбал шиг мэдлэг боловсролтой хүн байгаагүй” гэж улс төрийн товчооны гишүүнээр олон жил хамт ажилласан Майдар гуай дурссан байдаг. Бал даргад эх орон ард түмэндээ мартагдахааргүй байгуулсан гавьяат үйлс олон буй. Үүний дотроос онцгой нэг зүйл бол бүх нийтийн боловсрол. Энэ хүний  ач гавьяагаар бичиг үсэггүй таг сохор мэт ард түмэн богино хугацааны дотор нийтээрээ бичиг үсэгт тайлагджээ. Дөчөөд оныг хүртэл цаасан дээр бичсэн захидал бичгийг уншдаг хүн хөдөөд ховор байсан учир айл саахалт руугаа тавь жаран км газар давхилддаг байсан гэдэг. Бүх нийтээр бичиг үсгийн боловсролтой болгосон оронд олгодог ЮНЕСКО-гийн тусгай шагналыг 1970 онд манай улсад олгож байжээ. Энэ бол том үзүүлэлт. Тэрээр дайны хүнд бэрх жилүүдэд буюу 1942 онд ЗХУ-ын тусламжаар МУИС-ыг байгуулж монголын үрс эх орондоо дээд мэргэжил эзэмших үүд хаалгыг анх нээж байсан юм. Түүний эхнэр Анастасия Ивановнагийн хичээл зүтгэлийн үр дүнд хөдөөгийн сум бүрт цэцэрлэг ясли бариулж байгуулж байсантай маргах хүн байхгүй болов уу.

Бусад социалист оронтой харьцуулахын аргагүй хөрөнгө оруулалтыг ЗХУ-аас салгаж авч дөнгөнө. Жил бүр улс ардын аж ахуйд шаардагдах хөрөнгөний 30 гаруй хувийг тэндээс шууд авч Ингэж байж л Эрдэнэт, Багануур, Дархан хот, Улаанбаатар хотын орон сууцны барилгууд босож газартариалан биеэ даасан салбар болж тариа ногоогоо өөрсдөө тарьж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон юм. Эрчимжсэн мал аж ахуйн эхлэл тавигдаж мах сүүгээр төвлөрсөн газруудыг хангаж эхэлжээ. Түүний үед л хөдөөгийнхөн мотоциклтой, айл бүр хөргөгч, зурагт, угаалгын машинтай болсонтой хэн ч одоо маргахгүй дээ..

Ингээд үзэхээр тухайн үеийн нийгмийн тогтолцоо ямар байснаас үл харгалзан Цэдэнбал дарга бол хорьдугаар зуунд өөрийн улс орноо зөв мэргэн жолоодож явж ирсэн агуу удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй билээ.

Ш.Пүрэвсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих