С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр шиг өглөө болгон шинэчлэгддэг хүн их аюултай юм билээ

Таны хувьд МАХН буурийг сахиж үлдэнэ хэмээн өнгөр­сөн хавар улс төрийн үйл ажиллагаанд нэлээд оролцож бай­сан. Харин сүүлийн үед нам гүм байна. Ном бичиж бай­гаа сураг дуулдсан.  Би­чиж байгаа номны тань талаар яриагаа эхэлье?

-Намайг МАХН-ын тодотголтой ямар ч зүйлд гар хүрч болох­гүй гэсэн шүүхийн тогтоол  үн­дэсний баяр наадмын өмнө гар­сан. Шүүх хурал хагас сайн өдөр хуралдсан. Амралтын өдөр хуралдсан тус шүүх хур­лаар  намайг шууд улс төрөөс түл­хэж гаргасан шүү дээ. Тиймээс  чөлөө завтай байгаа дээрээ хоёр дахь номоо бичье гэж бодсон. Эхний номны цуврал гэж хэлж  болно.  Орчин үеийн зүйл ер нь байхгүй болчихсон. Бид үргэлж л хуучин уламжлал, “Чингис”  хаан  зан заншил ярих биш техникийн дэвшлийг ярих ёстой. Гэтэл орчин үеэс тат­галзаад байгааг номдоо шүүм­жилж бичсэн. Мөн ямар мон­голыг хүсээд байгаа гэдгээ оно­лын төвшинд, мэдлэг боловсрол дээр тулгуурлаад бичиж байна. Ар Монголд зориулсан төр ямар байх ёстой юм. Бу­риад, Өвөрмонгол  хоёртой хэр­хэн уялдаатай байх юм зэрэг олон чухал асуудал миний номонд бичигдэж байна.

-Та эхний бичсэн номондоо одоогийн мөрдөгдөж бай­гаа Үндсэн хуулийг нэлээд шүүм­жил­сэн байсан санагдаж бай­на?

-Үндсэн хуулийг шинэчлэх  цаг нь ирсэн. Монгол хүн, эх нут­гаа хамгаалж чаддаггүй, юу ч чаддаггүй болхи үндсэн хуультай байсаар байна. Уг нь бид хаа ч гэсэн Үндсэн хуулиа барьж  аваад асуудлыг зохицуулдаг байх ёстой.  Гэтэл өнөөдөр манай Үндсэн хууль сул байгаа учраас Монгол­чууд бид хохироод үлд¬дэг. Монголын газар нутаг дээр амь­дарч байгаа 2.8 сая хүнийг баталгаажуулж сайн сайхан амьдруулах зүйл нь Үндсэн хууль гэдэг  үүднээс бичсэн. Сүүлийн үед  улс төр рүү орж  УИХ-ын гишүүдтэй ярилцлаа. Түүгээр ч барахгүй монголын хамгийн том, айхтар нөхөр болох Н.Энхбаяртай ойртлоо. МАН гэсэн том хүчинтэй шөргөөлцлөө. Одоо бүгдийг нь цаасан дээр буулгах л надад үлдсэн. Тиймээс  онол практик хоёрыг хослуулсан ном бичиж байна.

-МАХН-ын гэсэн тодотголтой зүйлсийг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэж та хэллээ. Танд давж заалдах эрх байгаагүй  юм уу?

-Надад давж заалдах ч эрх олгоогүй. Миний явуулсан өмгөөлөгчтэй тэд тэгж тохирсон байсан. Хэрэв давж заалдана гэх юм бол цаашид улам бүр миний муу муухайг үзэж тоглох гээд байгаа байхгүй юу.

-Таны муу муухайг үзнэ гэхээр яана гэсэн үг вэ. Давж заалдахаар танд дэлгэгдээд байх тийм зүйл байсан хэрэг үү?

-МАН-ынхан олон сарын турш надаар тоглолоо шүү дээ. Есдүгээр сар хүртэл хуралдахаа больчихлоо гэсэн байсан ч шууд наадмын өмнө хагас сайнд хурлын тов  гаргасан байсан. Би маш их гайхсан. МАХН-ын бэлэг тэмдгийг хэрэглэсэн гэдгээр шүүхэд дуудагдаж байхад намын даргын зүгээс “юу болж байна туслах уу” гэсэн нэг ч үг гаргаагүй. Тэр бүү хэл намын онц их хурал хуралдахад би очоогүй. Гэтэл намайг асуусан хүмүүст “тэр хүн үзэл бодлын зөрчлөөсөө болоод яваад өгсөн” гэж  МАХН-ын удирдлагуудаас хариулсан байгаа юм.

-Таны ярьж байгаа зүйлээс харахад танай нам байгуулагдаад удаагүй байсан ч дотоод зөрчил их байсныг харуулаад байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр М.Энхсайхан гэх зэрэг өнөөх “бөгс долоодог” нөхдүүдтэй  буцаж нийлээд наймааныхаа улс төр рүү орсноос бүх зүйл болсон гэж боддог. Уг нь бид шинэ зүйлийг хийнэ хэмээн анх нэгдсэн. Н.Энхбаяр  ч гэсэн тухайн үед “Би өглөө бүхэн шинэчлэгддэг хүн” гэж хэлж байсан. Тэгэхээр  нь үнэхээр шинэчлэгдсэн байна гэж бодож байсан. Гэтэл тэгж хэлснийхээ маргааш өглөө нь дахиад шинэчлэгдчихдэг байгаа. Өглөө болгон шинэчлэгддэг хүн их аюултай юм билээ. Маргааш өглөө яаж шинэчлэгдэхийг хэн ч мэдэхгүй.

-Онц их хурлыг даргалж байгаад хурлыг орхиж гарсан н.Алтаншагайг таны явуулгын хүн гэсэн мэдээллийг МАХН-ын зарим гишүүд тухайн үед хэлж байсан. Энэ хэр зэрэг бодит мэдээлэл вэ?

-Тухайн үед иргэд үнэхээр шинэ хүнийг хүсч, хуучдуулаас залхсан байсан. Гэтэл  хуучин хүмүүс нь өөрийгөө хоцрогдсон гэдгийг хүлээн  зөвшөөрөөгүй учраас нам дотор зөрчил явагдсан. Тухайн үед н.Алтаншагай “та л дарга болно шүү” гэж надад ганцаарчлан хэлж байсныг нуух хэрэггүй байх. Би ч гэсэн хүмүүс дэмжвэл дарга болсон ч яахав гэж бодож байсан шүү.

-Тэгэхээр та МАХН-ын дарга  болох сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан гэсэн үг үү?

-Тиймээ. Намайг олон хүмүүс  дэмжиж байсан. Тиймээс би өөрийгөө ядаж ерөнхий нарийн бичгийн дарга болно байх гэж найдаж байсан юм. Гэтэл өнөөх л хөшигний арын  сандал ширээний наймаа явагдсан. Тэндээс л Н.Энбаяр бид хоёрын зөрчил эхэлсэн. Н.Энхбаяр гэдэг хүн үнэхээр шинэ зүйлийн төлөө биш гэдгийг ойлгоод хурал зөвлөгөөнд нь очих дургүй болж эхэлсэн.

-Онц их хурлын үеэр Н.Энхбаяр нарын хүмүүс  байн  байн тайзны араар орж хуралдаад байх шиг санагдсан л даа?

-Тиймээ. Тэр байдал нь шинийг эрэлхийлж байсан зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн юм билээ.

-Н.Энхбаяр М.Энхсайхантай илүү их харьцах болсон учраас та бүхнийг намаа орхисон хэмээн яригддаг?

-Н.Энхбаяр М.Энхсайхантайгаа нийлээд үндэстэн шатны тухай их ярьдаг. Монгол орныг бүхэлд нь шарын шашны орон болгоно. Ерөөсөө л Монгол орныг шашнаар л барих тухай аймар зүйл ярьсан. Түүнээс болж нам дотор их сонин уур амьсгал орж ирсэн юм. Тэгэхээр Н.Энхбаяр М.Энхсайхантайгаа яваг гэж бодсон. Би тэдний төрлийн хүн биш гэдгээ ч хэлсэн.

-МАХН-ын өмчид хал­даж болохгүй хэмээн таныг шүүхдсэн. Өнөөдөр МАХН-ын нэрийг авчихаад байгаа хүмүүст ямар нэгэн хариуцлага ирэхгүй байгааг та хэрхэн ойлгож байна?

-Намын нэрийг Ц.Элбэгдорж­той тохиролцоод л авчих хэмжээнд байсан. Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц бол юу ч биш байсан. Өнөөдөр тэр хүн авъя гэснээ авсан. Хамгийн гол нь тэр хүн намын нэрийг авсныхаа төлөө яах ч үгүй явж байна шүү дээ. Гэтэл би  МАХН-ын гол гол онолуудыг бүгдийг нь гаргаж байсан. Түүнийхээ төлөө өнөөдөр иймэрхүү байдалд орсон юм шиг байна. Гэхдээ Н.Энхбаяртай намайг нийлэхэд хүмүүс их харамсч байсан юм билээ. Та хоёр яаж таарч тохирох юм бэ ч гэж асууж байсан. Тэгэхээр нь “Би бол мэдлэг боловсролтой. Н.Энхбаяр бол туршлагатай” гээд хариулсан чинь “Яагаад намайг мэдлэггүй гэж хэлж байгаа юм” гээд л Н.Энхбаяр олон юм ярьсан. Ер нь миний мэдлэгийн хажууд тэр хүний мэдлэг юу ч биш. Би бол өчнөөн сургууль төгссөн учраас Н.Энхбаярын хувьд надтай мэдлэгээр өрсөлдөх ямар ч боломжгүй хүн шүү дээ.

-Төрийн гурван өндөрлөг­ийн алба хашч байсан хүн учраас  мэдлэггүй гэж хэлүүлэхээсээ татгалзсан ч байж болох шүү дээ?

-Төрийн  алба хашч байсан гээд мэдлэгтэй болохгүй шүү дээ.

-Та МАХН-аас гарсандаа харамсч байна уу?

-Үгүй ээ. Үргэлж ямар нэгэн асуултад хариулж байх хэцүү юм билээ. Угийн муу нэр, луу данстай хүнтэй хамт ажиллахаар худлаа ярих асуудал их гардаг байсан. Яагаад Н.Энхбаяртай нэгдчихэв гэхээр нь “Цаадах чинь гайгүй шүү дээ. Засарчихсан, өглөө бүхэн шинэчиглэгдэнэ шүү дээ” гээд суугаад байлтай биш. Тэр хүн хэцүү шүү дээ гээд хэлчихдэг. Тэгэхээр тойрон хүрээлэгч нар нь “Та яагаад даргыгаа  муу гэж хэлээд байгаа юм” гээд л асуудал үүсгэдэг.  Н.Энхбаяр чинь тойрон хүрээлэгчид ихтэй, өөрийг нь шүтдэг, хадаг яндар  барьдаг  хүмүүстэй лам шиг нөхөр шүү дээ. Тиймээс заримдаа өнөөх авилгын загалмайлсан эцгийгээ улаан цайм магтах гэж хэлээ хугалчих шахдаг байлаа.

-МАХН-ыг дахин байгуулахад санхүүгийн асуудал хэр хүнд байсан юм бол. Ямарваа зүйлийг эхлэхэд санхүү их чухал байдаг?

-Мөнгө бол асуудалгүй л дээ. Мэдээж монголын ард түмний хөрөнгийг өчнөөн олон жил удирдаж, залж байсан хүн болохоор санхүүгээр суулгаж байгаагүй ээ.

-Монгол оронд шударга ёсыг тогтооно. Авлигыг үгүй хийнэ хэмээн та бүхэн анх гарч ирсэн. Төрөөс төрсөн олигархиудыг ч нэрлэж байсан удаатай байх аа?

-М.Энхсайхантай хамтарч хийсэн хурал дээрээ тэд хоёулаа зэрэгцэж сууж байгаад тийм зүйл ярьсан. Гэтэл тэр хурлаар Монголын 14 олигархийн нэрийг жагсааж бичсэн байдаг. М.Энхсайхан нь олигархи биш юм гэнэ ээ. Үнэндээ ард түмэн нэрлэж байна хэмээн гэмгүй тэднээр нүүр барьчихаад хоёр цэвэрхэн хүн гараа зөрүүлээд, хөлөө ачаад  сууж байхаасаа ичэхгүй байсанд нь их гайхсан. Би тэр хуралд нь  оролцоогүй ээ.

-Хэдийгээр МАХН-аас гарсан ч гэсэн та ирэх сонгуульд нэр дэвшинэ биз дээ?

-Би бие дааж нэр дэвшиж болно. Ирэх сонгуульд нэр дэвших бодол байгаа. Гэхдээ хамтарч улс төрийн нам байгуулъя гэсэн санал их ирж байна. Одоохондоо ажиглаад л байж байна. Хамгийн гол нь миний сэтгэлд сонгуульд нэр дэвшинэ шүү гэсэн оч үсрэх ёстой. Одоохондоо үсрээгүй байна. Аливаа зүйлийг хийхэд дотроосоо шулуудвал их гоё байдаг.

-Нам байгуулах санал гэснээс таныг Ц.Шинэбаяр гишүүнтэй хамтарч Хөдөл­мөр­ийн намыг байгуулж байгаа гэж сонссон юм байна?
-Тиймээ бид хамтарч байгаа. Хэрхэн яаж зохион байгуулалтад оруулах вэ гэдгээс авахуулаад нарийн зүйл их байна. Түүнээс сэтгэлийн хөдөлгөөнөөр хан­даж болохгүй. Бодож байгаа зүйл их байна. Юу ч гэсэн номоо бичиж дуусгах нь нэн түрүүний ажил болоод байна.

-Гэтэл түүний байгуулсан намыг МАН-тай холбож тайлбарлах хүн олон байна. Энэ хэр зэрэг үнэнд ойрхон яриа вэ?

-МАН намайг шүүхэд өгчихөөд байхад МАХН-аас У.Хүрэлсүхэд худалдагдчихаж. Албан тушаал амласан гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Тэгэхээр мэдээж Ц.Шинэбаяр руу ч гэсэн иймэрхүү дайралт их ирж байгаа юм билээ. Гэхдээ Ц.Шинэбаяр тийм богинохон настай улс төр хийхгүй байх.

-Тэр хүн Н.Энхбаяр гэдэг хүнээс яагаад тусгаарласан юм бол?

-Ойлгомжтой харагдаж байна шүү дээ. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нараа дуудаад хуралдана. Ц.Шинэбаярыг хэрэгтэй зүйл дээрээ ашигласан. Одоо бол оо. Явбал явна биз. Байвал байна биз гээд золиосолж байна гэсэн үг.

-Тусгаар тогтнолын орд­ноос авахуулаад тэдэнд булаацалдах зүйл чамгүй юм шиг байна. Нэгэнт хоёр хэсэг салчихаад эд зүйлсээ булаацалдаж хэрүүл зарга их хийх бололтой?

-Манайд улс төрийн намуудын зиндаа маш доогуур байна. Нэрээ өөрчлөхөөр далимдуулж, үзэл бодлоо өөрчилнө ч гэх шиг. Өөр тэдэнд хийгээд  байх ажил байхгүй. Эхлээд байшингаа, дараа нь гишүүдээ булаацалдаж л таарна. МАХН гэдгээр Н.Энхбаяртай гарч ирэхдээ МАХН-ыг үлгэр жишээ нам болгох ёстой гэж бодож байсан. Н.Энхбаярыг өөрөө ингэж их урагшаа гарч ирнэ ч гэж бодож байгаагүй. Бидний ард зөвлөгч маягаар улс төрийн туршлагаасаа хуваалцаж явна гэж  ойлгож байлаа. Гэсэн тэр хүн намын дарга болоод гэнэн хонгор зүйл яриад эхэлсэн. Тэр үед түүнийг танихаа байж, өнөөх улс төрийн цэцэн мэргэн хүн хаана байна  гэж бодогдсон. Ёстой нөгөө улс төрийн загалмайлсан  эцэг байх ёстой хүн маань  наймаа тохиролцоогоор төрийг ойлгодог байсан юм билээ.

-Тань шиг бодолтой олон хүнээр тоглож дээ?
-Тэгж таарч байгаа юм. н.Өрнөхбаяр, Ю.Атар, Ц.Шинэбаяр гэх хүмүүс золиослогдсон. Бүгдийг нь ардын намын туршуул болгож хувиргасан. Тэр хүний сэтгэж байгаа  худалдаж, худалдагддаг үе өнөөдөр өнгөрсөн. Яг нөхдүүдийг Ерөнхий сайд хийж байх үед тийм зүйл  их байсан шүү дээ. Жинхэнэ наймаа үсэргэдэг. УИХ-д  оронгуутаа өөр намд орчихно. Хэн нь хэний намд яваад байгаа нь мэдэгдэхээ байна. Улаан цайм бүдүүлэгтдэг байсан үе халагдсан.


URL:

Сэтгэгдэл бичих