Сонгууль АСЕМ-аас болж хойшлох уу

Ирэх 2016 он бол монголчуудын хувьд хэд хэдэн чухал үйл явдал давхцсан, өгөөжтэй жил болох дүр зураг буй. Шинэ удирдагчдаа сонгох сонгуулиа өгөхөөс гадна Монголыг дэлхийд үнэлэх томоохон арга хэмжээ АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Товлосон ёсоор бол ирэх жилийн сонгууль 2016 оны зургаадугаар сард болох учиртай.

Иймээс УИХ-д суудалтай намуудаас эхлээд жижиг намууд хүртэл сонгуулийн сурталчилгаа бэлтгэл ажилдаа идэвхийлэн орчихоод байна гэхэд буруудахгүй. Үүний сацуу намууд өнгөрөгч 2012 оны сонгуулиас хойш хийсэн ажлаа тайлагнах их аяныг нам тус бүрдээ зохион байгуулаад эхэлсэн байна. МАН-ынхан “Бид хамтдаа”, АН “Монгол хүн 2020” хөтөлбөрийн биелэлт, МАХН намын анхан шатны байгууллагуудын бүсийн зөвлөгөөн зэргийг зохион байгуулж, сонгууль угтсан уулзалт, хурал цуглаануудаа хийж эхлээд байна. Мөн УИХ-д суудалгүй намууд ч хөдөлгөөнд оров. ХҮН-ынхан гэхэд л намынхаа салбар зөвлөлүүдийг орон нутгуудад байгуулсаар байна. Мөн нэр дэвшихээр төлөвлөсөн зарим нэг эрхмүүд ч өөрсдийн пиарын ажлыг эль хэдийн эхлүүлчихжээ. Энэ бүхнээс үзэхэд улс төрийн сонгуулийн уур амьсгал аль хэдийн бүрэлдчихээд байна. Мөн сонгуулийн өмнө сүүлчийн намрын чуулган хэмээн цоллоод буй энэ удаагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэд хэдэн чухал хууль хэлэлцэхээр төлөвлөсөн нь бүгд сонгууль дөхсөнтэй холбоотой.

Тухайлбал, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, намуудын тухай хуулийг шинэчлэх, үн дсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд ирэх жилийн сонгуулийн угтсан цөөнгүй ажлуудыг УИХ энэ намрын чуулганаар багтаан хийхээр төлөвлөөд буй. Хэдийгээр энэ чуулганыг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Жил жилийн сонгуулийн бэлтгэл хаврын чуулгантай давхцдаг. Иймээс энэ намрын чуулган бол хамгийн чухал үе гэдгийг хэлсэн. Тэгвэл ирэх хавар хаврын чуулганаар ганц сонгууль ч бус бас нэг чухал үйл явдал давхцах төлөв ажиглагдаад байна. Энэ юу вэ гэхээр УИХ-ын сонгууль ирэх жилийн зургаадугаар сарын сүүлээр болох бол АСЕМ хэмээн олон улсын дээд байгууллагуудын уулзалт долдугаар сарын 14, 15-нд Монгол улсад зохион байгуулагдах юм. Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль, АСЕМ-ын уулзалт дарааллан болох тул бэлтгэл ажлууд бүгд давхцалд орж байгаа юм. Учир нь манай улс АСЕМ-д маш их ач холбогдол өгч байгаа. Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж, олон олон хөрөнгө оруулалтыг татах маш том хөшүүрэг хэмээн харж буй.

Иймээс гадна дотны төлөөлөгчдийг хүлээн авах, улс орноо таниулан сурталчлах ажлууд, үүнийг дагасан жуулчлал бараг зургаадугаар сараас эхэлчихнэ. Тэгэхээр энэ хоёр чухал үйл явдал давхцаж байгаа тул ирэх жилийн сонгууль зургаа бус ирэх намраас нь зохион байгуулагдаж магадгүй гэх таамаг улс төрийн хүрээнийхэнд өрнөөд байна. Гэтэл энэ таамгийг батлах гэсэн шиг МАХН-ынхан Их Хуралд сонгуулийн хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа ажээ.

Тодруулбал, сонгууль дөрвөн жил тутамд зургадугаар сард болдог байсныг өөрчилж, 10 дугаар сарын 20-нд зохион байгуулж байхаар уг хуулийн төсөлд тусгажээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг асуудал МАХН-ын түвшинд ерөнхийдөө шийдэгдсэн, одоо зөвхөн өргөн барих ажил л үлдсэн гэнэ. Харин хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ ирэх жил сонгуультай залгаад АСЕМ-ын дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо болно.

Үүнтэй холбогдуулан сонгууль болох өдрийн товыг өөрчлөхөөр болж, дээрх хуулийн төслийг УИХ дэмжвэл ирэх жилийн сонгууль намар болж магадгүй юм. Тэгвэл манай улс урьд нь сонгуулийн хугацааг хойшлуулж байсан уу гэвэл ийм тохиолдол урьд өмнө байгаагүй ажээ. Гэхдээ 70 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо зарлаж анхны сонгуулиа өгч байсан юм байна.

Г.Уянга

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих