Нобелийн энх тайвны шагналт К.Аннан ОУОХ-нд зочиллоо

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн энх тайвны шагналт, Гана улсын нэрт дипломатч К.Аннан ОУОХ-ын урилгаар Швейцарийн Лозанна хотод албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах хүлээн авч уулзсан бөгөөд, “Олимпийн Алтан одон” гардуулан өгсөн байна.

К.Аннан 1997-2006 оны хооронд НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Мөн дээрх одонгоор шагнах шийдвэрийг 2007 онд гаргасан ч К.Аннанд цаг зав, ажлын чөлөө гарахгүй байсаар өнөөдөр ийнхүү гардан авчээ.

Нобелийн энх тайвны шагналт К.Аннан шагнал гардан аваад “Олимпийн үзэл санааг би удаан хугацаагаар тээж яваа хүн, спорт бол маш сайхан үзэгдэл юм, Спортын талбайд гараад багийн тоглолтыг хүндэтгэн дүрмийг ягштал биелүүлж багийн төдийгүй хувийн ур чадвараа хөгжүүлэхийн төлөө тоглож байсан минь миний амьдралд түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахад минь их тус болсон” гэж чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн аж.

ОУОХ-ноос Олимпийн хөдөлгөөнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж байхаар “Олимпийн одон”-г 1974 онд бий болгожээ. Анхандаа уг одон гурван зэрэглэлтэй байсан ч 1984 оноос Алтан, Мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй болгосон юм.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих