Английн Дээд шүүхийн Ерөнхийлөгч Монголд иржээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч Лорд Филипс энэ сарын 17-ны өдөр Монголд иржээ.

Эл өдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2010 оны 9 дүгээр сарын 17-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Английн хууль сахиулах албаныхан “Хитроу” нисэх онгоцны буудлаас баривчилсан байдаг.

Ийнхүү Английн Дээд шүүхийн ерөнхийлөгч яг энэ өдөртэй давхцан Монгол Улсад ирсэн нь олны сонирхлыг ихэд татаж байгаа юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр ноён Лорд Филипс энэ удаад Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх “Өмгөөлөгчдийн удирдах зөвлөл”-ийн урилгаар хүрэлцэн ирсэн аж. Тэрбээр өчигдөр 16.00 цагаас “Монгол шилтгээн” цогцолборт манай шүүгч, прокурор, өмгөөлөгч нартай уулзаж, лекц уншсан байна.

Монгол Улсын Дээд шүүхээс өмнө нь Герман болон Английн дээд шүүхийн ерөнхийлөгч нарыг албан ёсоор урьж байсан ч Английн шүүхийн ерөнхийлөгч ирж байгаагүй аж. Ямартаа ч Английн дээд шүүхийн ерөнхийлөгч ноён Лорд Филипс энэ удаад Б.Хурцтай холбоотойгоор бус албаны урилгаар манай улсад ирсэн байна.

Дашрамд дурдахад, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал энэ сарын 24-нд Берлины шүүхэд болох тов гарчээ. Бүтэн нэг жилийг үдсэн Б.Хурцын асуудал өдгөө араасаа олон асуудал дагуулсаар үргэлжилж байгаа юм.

Одоо Английн тал түүнтэй халдашгүй дархан эрх ямба эдлэх Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтных нь хувиар ярихгүй. Харин 2003 онд Д.Энхбат агсныг хулгайлж авчирсан үйлдэлтэй нь хариуцлага тооцохоор эрүү үүсгэсэн юм.

Энэ сарын 24-нд Берлинд Б.Хурцын шүүх хурал нь нээлттэй болох гэнэ. Шүүх хуралд Д.Энхбат агсны дүү Д.Баяр болон хүүхдүүд нь Б.Хурцын эсрэг мэдүүлэг өгөх аж. Тэр өдөр Б.Хурцтай тухайн үед хууль зөрчсөн гэмт үйлдлийг нь ярих уу, эсвэл 2003 оны ажиллагааг гүйцэтгэх даалгавар өгсөн эрх мэдэлтнүүдийг нэхэх үү гэдэг асуултын хариу тодорхой болох юм. Б.Хурцын асуудал тодорхой болоход тавхан хоног үлдээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих