Б.Болор: Стэндбай хөтөлбөр авна гэж зарлахгүй, гэхдээ…

1432164650555d192a3f9adӨнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган нэлээн хэл амтай болов. Спикер БНХАУ-д болж байгаа “Торгоны зам” сэдэвт олон улсын хуралд оролцож байгаа учраас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг удирдан явуулав. Чуулганы ирц хүрэхгүй байсан учраас бараг цаг хагасын дараа эхэлсэн.

Гэвч улсын төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын гишүүд бүгд оролцох шаардлагатай гэдгийг МАН-ын гишүүд шаардаж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “10.30 цаг болж байна. Гишүүд ялангуяа эрх баригчид яагаад хуралдаа ирдэггүй юм бэ.

Албан тушаал хуваарилах болохоор бөөнөөрөө орж ирдэг. Бүтэн цаг гучин минут хүлээж байна. Та нар Лүндээ мань мэтээс биш гэхэд Д.Дэмбэрэл гишүүнээс ичээч. Нойроо дийлээч” хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Харин хуралдаан даргалагч түүнийг хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэхийг шаардан чанга яригчийг нь унтраасан.

Тэрбээр АН 51,4, МАН 53,8, “Шударга ёс эвсэл” 60, ИЗНН-аас 100 хувийн ирцтэй байна гэв. Бие даагчид 33 хувийн ирцтэй байна гэсэн нь гишүүдийн дунд маргаан үүсгэв.

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Д.Хаянхярваа: -Бид өчигдөр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг хуралдаанд оролцуулж асуултаа асууя гэж тохироод тарсан. Өнөөдөр дахиад л таван сайд л сууж байна. Ер нь сүүлийн үед харахад эрх баригчид халгаж, халшраад байгаа юм уу.Төсөв хэлэлцэх үеэр алга болчих юм.

Эдийн засгийн бодит байдал нь хүний өмнөөс юм ярихад ичмээр болчихсон болохоор зугтаад байна гэж ойлгож байна. Эдийн засаг биднийг харсаар байтал унаж байна. Тиймээс төсвөө дахиад эрүүл болохын тулд ярилцъя.

Уг нь 2015 оны төсвөө эхлээд эрүүл болгочихоод 2016 оны төсвөө хэлэлцэх ёстой. Гэтэл бөөнөөр нь оруулж ирчихээд байна. Тиймээс төсвийн алдагдлыг 2017 онд тэг болгоно гэхийн оронд одоо тодотголоор төсвийн алдагдлаа багасгаад тэр орлогоо ирэх онд хийгээд ирэх оны төсвийг алдагдалгүй батлах боломж байна уу.

Бид хүссэн, эс хүссэн ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр ямар ч гарцгүй боллоо. Бид үүнийг аль эрт хэлж байсан. Тиймээс Б.Болор сайдаас Валютын сангийн хөтөлбөр авах уу гэдгийг асууя. Авахгүй бол улс орон явахаа байлаа шүү.

Б.Болор:-Төсвөө эрүүл болгоё гэдэг таны үгтэй санал нэг байна. Гэхдээ сүүлийн хэдэн жил буруу явж ирснээс өнөөдрийн төсвийн хүндрэл үүсчихээд байна. 2016 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн зүйл байхгүй. 2008 онд хямрал болж байсан, 2009 онд байдал сайжрахгүй гэж байсан. Гэтэл 2009 онд байдал сайжирч байсан.

Гэхдээ ийм байдал үүснэ гэж байгаа юм биш. Гэхдээ үгүйсгэхгүй. 2015 оны хувьд нэгдүгээр сард тодотгол хийсэн. Харамсалтай нь одоо төсвийн алдагдал нэлээд хүнд төвшинд хүрсэн байгаа учраас үлдсэн гурван сард төсвийн алдагдлыг багасгах боломж алга. Гэхдээ аль болох хасч, шахаж алдагдлаа нөхөхийн тулд ажиллаж байна.

2016 оны хувьд ч гэсэн үндсэн төсвийн алдагдал 0.3 хувьтай, гэхдээ эх үүсвэртэй алдагдал байгаа. Тэгэхээр нийт 3.3 хувийн алдагдлыг бондоор санхүүжүүлэхгүй гэж байгаа. Валютын сантай бид бүх төвшинд хамтарч ажиллаж байгаа. Стэндбай хөтөлбөр авна гэж зарлаагүй, зарлахгүй. Гэхдээ валютын сангаас тавьж байгаа саналыг 2016 оны төсөвт нэлээн сайн тусгаж өгсөн.

Ё.Отгонбаяр: -Төсөв мөнгөтэй холбоотой асуудлаа түр хойш нь тавиад Засгийн газрын гишүүдийг бүрдүүлж байж хэлэлцье. Дэгийн тухай хуульд байгаа шүү дээ. Ерөнхий сайд, Шадар сайд салбарын сайд нар алга. Улсын төсвийг хэлэлцэж байхад ийм хариуцлагагүй хандаж болохгүй.

Я.Содбаатар: -Би танд Дэгийн тухай хуулийг уншиж өгөх гэж байна. 25.10 Улсын төсвийн нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын дарга, Үндсэн хуулийн Цэц, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Улсын ерөнхий прокурорыг байлцуулах ба гишүүд асуулт асууж үг хэлсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүлнэ гэж байна.

Өнөөдөр найман сайд, эрх баригч АН-аас энд есөн гишүүн л байна. Булзайруулалгүй та энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Мөн төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед төлөвлөсөн орлого яагаад орж ирэхгүй байгааг асуумаар байна. Орлого оруулах олон төслийг АН зогсоосон, тэгсэн хэрнээ одоо орлого орж ирэхгүй байна гээд сууж байж болохгүй. Төсвийн орлогыг тасалдуулсан нөхөдтэй яаж хариуцлага тооцох вэ.

Миний дараах асуултад тодорхой хариулт өгнө үү. Төсөвт байгууллагууд улсын төсөвт хэдий хэрийн өртэй байна вэ. Үүнийг нэгтгэж гаргасан зүйл байна уу. Өнөөдөр хөдөө орон нутагт Засаг даргын Тамгын газар түлшний мөнгөгүй, эмнэлэг эмгүй, дулаан цахилгааны өртэй байна.

Өвөрхангай аймагт “Үдийн цай” хөтөлбөр үндсэндээ зогсч байна. Мөнгийг нь есдүгээр сарын 1-нээс хойш олгоогүй учраас өрөө нэхээд суулгахгүй байна гэж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ. Энэ жилийн “Үдийн цай” хөтөлбөрт мөнгө дутах ёсгүй биз дээ. Татвар нэмэгдүүлэх замаар 61.8 тэрбум төгрөг төвлөрч байгаа. Үүний 30 тэрбумаар АСЕМ-д зориулж 30 машин авна гэдэг үнэн үү.

Б.Болор: -Төсөвт байгууллагуудаас ямар нэгэн байдлаар өр үүссэн талаарх мэдээлэл Сангийн яаманд ирээгүй. “Үдийн цай” хөтөлбөр тасалдаж мөнгө дутаж байгаа талаар ч салбарын яамнаас мэдээлэл ирээгүй.

Машин авах гэж татвар нэмээгүй. Гадаад хэргийн яамны энэ оны төсөвт суулгасан зардлаас авсан юм байна лээ. 30, 50 автомашин оруулж ирсэн гэж янз бүрийн тоо ярьж байгаа. Энэ нь улсын төсвөөс мөнгө нь гараагүй юм.

Ё.Отгонбаяр: -Р.Гончигдорж дарга аа. Ирц 32 хувь байна. Ирцгүйгээр, сайд наргүйгээр улсын төсөв хэлэлцдэг юм уу. Энэ Засгийн газарт улсын төсөв хэрэггүй юм уу. Танайхан чинь бүгд хуриманд явчихсан юм уу.

Ч.Хүрэлбаатар: -Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж хэлснээс хойш одоо тав дахь удаа татвар нэмж байна. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин унасан. Онцгой албан татварыг 200, дизель түлшинд 300 мянган төгрөгийг нэмж авна гэж Засгийн газраас оруулж иржээ.

Эдийн засаг хямарч ард иргэдийн орлого буурч, аж ахуйн нэгж дампуурч байхад эдийн засгаа тэтгэх нэг арга нь яах аргагүй нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгах байгаа юм.

Яагаад ийм арга хэмжээ авахгүй байна вэ. Р.Жигжид сайд аа таныг сайд болж байхад нефть бүтээгдэхүүний үнэ буулгах уу гэж асуусан. Та нефть импортлогч компаниудтай уулзаж байж хариулъя гэсэн. Таны байр суурь ямар байна вэ.

Р.Жигжид: -Энэ асуудлаар С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын гишүүн сарын өмнө асуулга тавьсан. Бид бичгээр тодорхой хариулт өгсөн. Олон нийтэд ч байр сууриа илэрхийлсэн. Нефть бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотой Засгийн газар татвараар зохицуулж ирсэн.

Энэ оны хувьд 256 тэрбум төгрөгийг татвараар хуримтлуулахаар УИХ-аас шийдвэр гаргасан. Ирэх дөрвөн улирлын байдлаар нефть бүтээгдэхүүний үнэ өсөх олон улсын судалгааны байгууллагын дүгнэлт бий. Манайх гаднаас 100 хувь хараат учраас дэлхийн зах зээлийн савлагааг дагах нь сайнаар нөлөөлөхгүй гэж Засгийн газар үзэж байгаа.

Ч.Сайханбилэг: -Нефтийн үнэ тогтвортой байна, үнэ өсч буурахгүй гэдэг нь зах зээлд хамгийн эерэг дохио гэж бид үзэж байна. Одоо нефтийн үнэ 50 ам.доллар байна. Хоёр сарын өмнө 80 ам.доллар байсан.

Үнийн савлагаа байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ Монголд дэлхийн зах зээлийн үнэтэй ижил хэмжээгээр үнэ буулгахад бараа, бүтээгдэхүүний үнэ дагаж буурдаггүй. Гэтэл 50 төгрөгөөр бензин өслөө гэвэл бүх бараа дагаад нэмэгдчихдэг. Тиймээс бодлого нь тогтвортой байх нь зах зээлд хамгийн бага доргио үүсгэж байна.

С.Бямбацогт: -Хуралдаан даргалагч өглөөний ирцээр хуралдана, одоо хэдэн гишүүн байгаа нь хамаагүй гэж байна. Үндсэн хууль зөрчсөн бол хуралдааны ирцэнд орсон гишүүн картаа сугалаад гарахад түүнийг ирцэнд оруулдаггүй. Энэ дагуу МАН-ын 15 гишүүн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэдгээ тайлбарлая. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн байдаг. 25.1.7 дээр улсын төсөв батлах гэж байгаа. Улсын төсөвт түүнийг дагалдаж орж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэл, дагаж өргөн мэдүүлсэн хуулиудаас бүрддэг.

Бид өчигдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Одоо дагалдах хуулийг ярьж байна. Ийм учраас сайд нар байх ёстой. Эрх барьж байгаа бол ачаагаа үүрсэн шиг үүрээд, хариуцлагаа үүрсэн шиг үүрээд яв. Бид сөрөг хүчин байж та нарын ачааг үүрч, ирц бүрдүүлээд сууж байна шүү.

М.Алтанцэцэг

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.