Хөх савнаас гадна хөнгөн цагаан бидон ундны усанд заналхийлж байна

10-20-6_700x700

 “Зууны мэдээ” сонин хуванцар сав хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байгаа, мөн ус зөөх зориулалтаар ашиглаж буй цэнхэр, ногоон өнгийн хуванцар савууд хилээр химийн хорт бодистой орж ирдгийг олон удаагийн цуврал сурвалжлага, нийтлэлээр  хүргэсэн.

Үнэндээ хөх сав, шар, цагаан канистеруудад агуулагдаж байгаа хар тугалгын хэмжээ хэтэрсэн учраас  хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн хяналтын газраас анхааруулсаар ирсэн. Улиг болтол нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан.  Гэвч иргэд хортой савнаас хоол идээд байна гэж мэргэжлийн байгууллагууд баримттайгаар хэлсээр байтал “үг авахгүй” байгааг хоёр хоногийн өмнө болсон ШӨХТГ-ын шалгалт харуулж байна. Тус газраас  гэр хорооллын айл, худалдааны төвүүд, ус түгээх газруудыг хамруулж хөх савны хэрэглээний талаар иргэд хэр ойлголттой байгааг судалжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдын хэлснээр “Нарантуул” худалдааны төвд хөх сав, канистер худалдаж байгаа хүмүүс 1.5 гэсэн тэмдэглэгээтэй савнаас бусад нь хортой гэдгийг ерөөсөө мэдэхгүй байна. Иргэдэд хорт хавдар үүсгэдэг зүйл худалдаж байна хэмээн шаардлага тавихад иргэд ус, хоолоо хийх албагүй. Тос, шатахуун хийж болно гэсэн тайлбар өгч байна. Энэ нь нэг талдаа тэдний зөв болоод явчихаж байгаа юм. Хуванцар савны хадгалалтын хугацаа ихсэх тусам хортой элементүүд өсч байгаа нь хүнсний зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй гэдгийг харуулж байна” гэлээ.  Мөн хуванцар сав худалдаж байгаа хүмүүс иргэдэд  ийм тэмдэглэгээтэй савыг хэрэглэж болно гэсэн хэмээн худал мэдээлэл өгч байсан тохиолдол ч гарсан байна.

Хөх сав хортой тиймээс хөнгөн цагаан бидоноор усаа зөөж, айраг цагаагаа хадгалвал хоргүй гэдгийг  иргэд зах зухаасаа эхлээд ойлгож эхэлсэн. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар усны хөнгөн цагаан саванд агуулагдах хүнд металлын хэмжээ буюу хар тугалга 122-250 дахин их, кадьми 10-53 дахин  өндөр, төмөр хувинд төмөр 58-90 дахин,цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга 240-360 дахин, кадьми 33-70 дахин их агууламжтай байгааг тогтоосон байна.

Ийнхүү бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ундандаа ашигладаг хуванцар сав, хөнгөн цагаан бидон хортой гэдгийг мэргэжлийн байгууллагууд  хэлж, анхааруулсаар байхад  стандартын шаардлага хангасан ундны савыг хэрэглээнд нэвтрүүлэх ямар гарц байгаа талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тод­руулахад “Тодорхой  хөтөлбөр боловсруулж дээд шатны байгуул­лагуудад өгнө. Хамгийн гол нь иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл өгөх нь чухал болоод байна. Манай байгууллагын үзэж буйгаар хоёр гарц байна. Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас бүрмөсөн хэрэглээг халъя.Тэгэхээр иргэд ус, хүнсээ ямар саванд хийж хадгалах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс зориулалтын саваар хангаж болно. Импортоор оруулж ирэх нь овор хэмжээ ихтэй учраас хамгийн гол гарц нь үйлдвэрлэх. Үйлдвэрлэхийн тулд зүгээр нэг тэмдэглэгээ тавиад орхих биш шинжилгээнд хамруулж, хяналт сайн тавих хэрэгтэй. Ямар ч байсан манай байгууллага ундны усны энэ асуудлыг Засгийн газарт хүртэл нь төсөл хөтөлбөр, санал боловсруулж ажиллана. Ер нь төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй” гэсэн хариултыг өглөө.

Улсын хэмжээнд зургаан сая сав эргэлдэж байгаа бөгөөд хотынхны 80 орчим хувь, хөдөөний хүмүүсийн  50-60 хувь нь хуванцар сав хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл монголчууд бид хөх сав хортой гэдгийг мэдсэн хэрнээ татгалзаж чадахгүй, худалдаж авахдаа тэмдэглэгээг нь хардаггүй хэнэггүй гэдгийг тоо баримт бэлхнээ харуулж байна.

Өнгөрсөн оны байдлаар 149.7 мянган малчин өрхийн 52 сая малаас 450 сая орчим литр сүү, сүүн бүтээгдэхүүний ихэнх хувийг зориулалтын бус химийн саванд авч хадгалж, боловсруулж, худалдаж байна. Мөн хот, хөдөөгийн 197.4 мянган өрх хөх сав ба канистрыг хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа юм. Эндээс харахад Монгол Улсын нийт өрхийн 42.1 хувь нь химийн бодист нэрвэгдэх эрсдлийг дагуулж байгаа юм. Мөн түүнчлэн малчдаас түүхий сүү, айраг зэрэг цагаан идээ худалдан авч хэрэглэдэг суурин газрын иргэд ч химийн хуванцар савнаас шилжсэн хорт бодис агуулсан хүнс хэрэглэж байгаа  аж. Тиймээс хүнсний зориулалтын савны дотоодын үйлдвэр байгуулахад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, хуванцрын үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон ахуйн хэрэглээний аюулгүй сав суулга, бидон, гал тогооны хэрэгслийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих