Малын эмч нараа !!! “Биокомбинат”-аа алдах уу, аврах уу

«Биокомбинат»-ын ерөнхий эмч Ц.Өлзийтогтохтой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үд танайхыг тойрсон маргаан дэгдээд байгаа талаар ярина уу?
-»Биокомбинат» ТӨҮГ-ыг байгуулсан тэр л үеэс эхлэн 2010 оны 11 сарын 11-нийг хүртэл ХАА-н салбартаа танигдсан нэр хүндтэй, мэдлэг чадвартай, мэргэжлийн боловсон хүчин удирдаж байлаа.

Гэвч ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарын хэсэг бүлэг нөхдийн шунал, эрх ашиг, эзэрхийлэн түрэмгийллээр түүний төрсөн дүү «Цагаан залаа агвет» ХХК-ийн захирал Б.Баттогтох гэгч хүний эмч мэргэжилтэй нэгнийг «Биокомбинат»-ын захирлаар томилсон нь биотехнологийн үндэсний ганц үйлдвэрийг хүнд байдалд хүргэлээ.

ТӨХ 2010 оны 11-р сарын 11-ний өдөр 433 -р тогтоол гаргаж Б.Баттогтохыг «Биокомбинат»-ын захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр, хууль бусаар, хуйвалдаанаар томилсон тул нийт ажиллагсдын эсэргүүцэлтэй тулгарч буцсан.

Энэ шийдвэрээ ТӨХ эргэж харан сонгон шалгаруулалт зарлан шударгаар дүгнэж, мэргэжлийн хүнийг томилж өгөхөө амласан билээ. ТӨХ дээрх тогтоолоо хүчингүй болгосны дараа асуудлыг намжаах, хуулийн дагуу шийдсэн мэт харагдуулах зорилгоор сонгон шалгаруулалтыг зарлаж, өнөөх л ашиг сонирхлын зөрчилтэй урьд нь томилж байсан Б.Баттогтохоо сонгоход уг комисст салбарын яамны төлөөллөөр орсон 3 гишүүн зөвшөөрөөгүй байдаг.

Сонгон шалгаруулалтын комисст ТӨХ-ноос 4, салбарын яам (ХХААХҮЯ) -наас 3 хүн байдаг. Комиссын 3 гишүүн буюу салбарын яамны ажилтнууд Б.Баттогтохыг дэмжээгүй бол, харин ТӨХ-ны 4 дуу нэгтэйгээр Б.Баттогтоход илт өндөр оноо тавьж тэнцүүлсэн.

Эцэст нь «Биокомбинат» ТӨҮГ -ын захирлыг сонгон шалгаруулах ТӨХ, ХХААХҮЯ-ны хамтарсан комисс захирлын сонгон шалгаруулалтыг шударгаар явуулахгүйгээр 2010 оны 1 дүгээр сараас хойш 6 сарын турш гацаасны эцэст, нэр бүхий эрх мэдэлтнүүдийн захиалгаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ТӨХ-ны 303 тоот тогтоолоор хууль бусаар хуйвалдаанаар магадгүй онц их хэмжээний авлигын нөлөөллөөр нэр дэвшигчдэд тавьсан шаардлагад огт нийцэхгүй Б. Баттогтохыг гуравдахь удаагаа томиллоо.

-Шинэ захирал яагаад албандаа тэнцэхгүй байна гэж та бүхэн үзэж байна?
-»Биокомбинат»-ыг ХХААХҮЯ-наас зарласан тендерт оролцож болохгүй гэдэг маргааныг гаргаж 2008 оны IV-XI сарын хооронд 7 сарын турш «Биокомбинат»-тай шүүхдэлцэж Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шат хүртэл явж заргалдан ялагдаж байсан.

Хоёрдугаарт, мөн тэр үеэс эхлэн зарим ажилтныг тухайлбал, Б.Дуламсүрэнг худалдан авч түүгээр дамжуулан вакцин үйлдвэрлэлийн технологийн know-how-г тусгасан баримт бичгийг хулгайлуулж байсан нь 2009 оны 7 дугаар сард илчлэгдсэн. Мөн хэд хэдэн вакцины стандартыг хулгайлуулан хуулбарлаж өнөөдрийн байдлаар СХЗҮТ-өөр 4 вакцины үндэсний стандарт батлуулаад байна.

Гуравдугаарт, «Биокомбинат»-ын шинэчлэлд зориулсан Унгар улсын 25 сая долларын хүүгүй зээлийг эрс эсэргүүцэн өөрийн «Цагаан залаа агвет» ХХК-д 3-4 сая долларыг өгөх ёстой хэмээн хэлж ярьж Ерөнхий сайдад бичиг хүргүүлэхдээ «Биокомбинат»-ын хамт олныг «хоцрогдсон, мэдлэг чадваргүй» хэмээн дорд үзэж, гутаан доромжилж байснаа одоо удирдахаар улайран зүтгэж байгаа нь үйлдвэрийн шинэчлэлийг сааруулах, улмаар хөнгөлөлттэй зээлээс хулгайлж хумслах, цаашдаа хувьчилж авах санаархал бүхий бүлэг хүмүүсийн увайгүй үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой.

Захирал болсныхоо дараа Б.Баттогтох нь Хөдөлмөрийн хууль болон бусад хууль, журмыг илт ноцтойгоор зөрчин үзэл бодол нийлээгүй ажилтнуудыг ажлаас нь халах, «ажлаа өг, тушаал бууруулна» гэх мэтээр дарамт шахалтанд оруулах, технологийн ямар ч туршлагагүй хүнийг үйлдвэрлэлийн чухал албан тушаалд танил тал, жалга довны үзлээр томилж мэргэжлийн удирдлагагүй болгох, хууль бусаар халсан ажилтнаа үйлдвэрийн хаалгаар нэвтрүүлэхгүй байх зэргээр бусармаг үйл ажиллагаа явуулсаар л байна.

Үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал худалдан авах үедээ хууль бусаар 280.0 сая төгрөгний үнэ бүхий барааг тендер зарлахгүйгээр шууд худалдан авах гэрээ байгуулаад явж байх жишээтэй .

«Биокомбинат»-ын эрх ашиг, ирээдүйн сайн сайхны төлөө эрх ашгаараа эвлэлдэн нэгдэж өөрийг нь эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн ажилтнуудыг 8, 9-өөр нь зэрэг хоморголон халж байна.

Иймд малын эмч нар аа!!! Та бидний төдийгүй Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, мал сүргийн эрүүл мэндийн манаанд олон арван жилийн турш бат найдвартай зогссоор ирсэн мал эмнэлэг-биотехнологийн ууган бөгөөд одоогоор цорын ганц үйлдвэр болох «Биокомбинат»-аа мэргэжлийн бус, ашиг сонирхлын зөрчилтэй бүлэг этгээдүүдэд хууль бусаар алдах уу, эсвэл тэднээс аврах уу?

Д.СУГАР, Б.БЯМБАА, Б.БАТТОГТОХ НАР НЭГ НУТАГ УСНЫХАН ГЭДЭГ НЬ ҮНЭН

ТӨХ-ны хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгээс «Биокомбинат» тойрсон асуудлын талаар асууж тодруулахад
«Биокомбинат» ТӨҮГ-ын захирал Д.Насанжаргалын ТӨХ-той байгуулсан гэрээний хугацаа 2010 оны 3 дугаар сард дууссан бөгөөд Д.Насанжаргал «нас сүүдэр 60 хүрлээ» гэдэг асуудал тавьснаар өргөдлөө өгсөн.

Үүнтэй холбогдуулан «Биокомбинат»-ыг удирдлагатай болгох асуудлыг ТӨХ 2010 оны 11 дүгээр сарын хурлаараа оруулж түүнийг чөлөөлж, Б.Баттогтохыг захирлаар томилсон.

2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинэ захирал томилогдсонтой холбогдуулаад хоёр захирлын ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг ТӨХ-ны даргын тушаалаар байгуулж, ажил хүлээлцэхээр уг үйлдвэрийн газарт очиход үйлдвэрийн хамт олон болох хэсэг бүлэг ажилчид «шинэ захирлыг хүлээж авахгүй» гэдгээ илэрхийлж, оруулаагүй юм шиг байгаа юм.

ТӨХ үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгах, нөгөө талаас үйлдвэрлэлийн удирдлагатай болгох үүднээс ТӨХ-ны төлөөлөл хариуцсан ахлах мэргэжилтнийг «Биокомбинат»-ын захирлаар түр томилсон байгаа.

Дээрх асуудлыг ТӨХ-ны 2010 оны 11 дүгээр сарын 25-ны хурлаараа дахин авч хэлэлцээд Б.Баттогтохыг томилсон тогтоолоо хүчингүй болгон захирлыг сонгон шалгаруулах комиссыг ХХААХҮЯ болон ТӨХ-ны төлөөллийг оролцуулан томилоод «сонгон шалгаруулалтыг зарлая» гэсэн шийдвэрийн гаргасан.

Комисст ХХААХҮЯ-наас 3, ТӨХ-ноос 4 хүн оролцсон бөгөөд сонингоор нийтэд зарласан байгаа. Нийтдээ 5 оролцогч материалаа ирүүлснээс нэг нь 60-аас дээш настай байсан тул шууд хасагдаж, өөр нэг хүн нь зар дээр тавигдсан шаардлагуудын дагуух мэргэжлийн хүн биш байсан тул «мэргэжлийн бус» гэсэн шалтгаанаар хасагдсан.

Ингээд Баттогтох, Өлзийтогтох, Төмөрхадуур гэсэн гурван оролцогч үлдсэн.  Эцэст нь онооны жагсаалтаар хамгийн дээд байр эзэлсэн хоёр хүнтэй ярилцлага хийснээр Б.Баттогтох нь үнэлгээний дүнгээрээ нэгдүгээрт гарч, 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ТӨХ-ны хурлаар Б.Баттогтохыг «Биокомбинат» ТӨҮГ-ын захирлаар томилсон байгаа.

Гэтэл үүний маргаашнаас эхлээд л тус үйлдвэрийн ажилчид, «ажилчдын төлөөлөл» гэх хэсэг бүлэг хүмүүс ТӨХ-нд «Бид энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй, энэ бол ашиг сонирхлын болоод хувийн зөрчилтэй хүн» гэсэн утгатай шаардах хуудсыг ирүүлсэн.

Үүний зэрэгцээ ажилчдын төлөөлөл болох сонгон шалгаруулалтанд оролцсон хоёр хүн болох Өлзийтогтох, Төмөрхадуур нар нь шүүхэд ТӨХ-ны шийдвэрийн хүчингүй болгохоор нэхэмжлэлээ гаргасан байв.

Энэ хурал 8 дугаар сарын 11-ний өдөр хуралдахад шүүгчээс захирамж гаргасан. Энэ бол шүүхийн эцсийн шийдвэр биш. «ТӨХ-ны тогтоолыг түдгэлзүүлэх» гэсэн утгаараа болсон байдаг.

Гэвч мэдээж хэрвээ үйлдвэр удирдлагагүй болох аваас «эмх замбараагүй байдал үүсч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдана» гэсэн утгаар бид шүүхэд гомдол гаргасан бөгөөд үүний дагуу шүүх хурал 8 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.

Гэтэл нэхэмжлэгч тал болох Өлзийтогтох нар «шүүхэд өгөх нэхэмжлэлийнхээ тоог нэмэгдүүлэе» гэсэн хүсэлт гаргаснаар шүүх хурал 2011 оны 10 дугаар сарын 26 хүртэл хойшлогдоод байгаа.

Түүнчлэн ТӨХ-ны гаргасан гомдлыг хэлэлцээд үйлдвэр удирдлагагүй болж, эмх замбараагүй байдал үүсч мэдэх юм гэж үзээд ТӨХ-ны тогтоолыг түдгэлзүүлсэн байсан шүүгчийн захирамжаа хүчингүй болгосон.

Гэтэл үүний маргаашнаас ажилчдын төлөөлөл нь дахиад ТӨХ-ны гадаа ирж суулт хийн эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Энэ удаад ТӨХ-ны удирдлага ажилчдын төлөөлөлтэй хоёр дахиа уулзсан. Гэтэл тэд «Бид өнөөдрөөс эхлэн ажлаа хаяж байна. Танай гадаа суултаа эхэлсэн байгаа» гэсэн байдлаар уулзалт өндөрлөсөн.

Ингээд 9 дүгээр сарын 8-ны өдөр ТӨХ-ны хуралдаан хуралдаж, «Биокомбинат» ТӨҮГ-т үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Б.Баттогтох болон суулт зарлаад байгаа хүмүүсээс 4 хүнийг оролцуулсан. Гэвч тэд нэг нэгнийгээ гүтгэх байдал давамгай байсан тул ТӨХ-ны зүгээс үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй.

Улмаар 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд үүнд ХХААХҮЯ-наас хоёр хүн, ТӨХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга, МХЕГ, Мал эмнэлгийн үржлийн газар, НМХГ, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн эмнэл, сорил баталгаажуулалтын улсын лаборатори, Улсын мэл эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг олон газрын төлөөлөл оролцож байгаа.

Шалгалтыг ажлыг энэ сарын 12-16-ныг дуустал 5 хоногт багтаан хийж байна.

Шалгалтынхаа дүнг 9 дүгээр сарын 19-нд /өнөөдөр/ ТӨХ-ны удирдлагад танилцуулах юм. Энэхүү шалгалтын дүнтэй танилцсанаараа ТӨХ-ны удирдлага «Биокомбинат» ТӨҮГ-т 20-ноос хойш очиж асуудлыг шийдвэрлэх юм.
-Шинэ удирдлагатай ажиллахгүй гээд байгаа хүмүүс олонх нь мөн үү?
-«Биокомбинат» ТӨҮГ нь 280 ажиллагчтай гэдэг. Гэтэл бидэнд ирүүлсэн шаардлагад 44 хүн гарын үсгээ зурсан нь хамт олных нь 15,7 хувь нь л болдог.

-Ажил хаялт зарласан байхад үйлдвэрлэл бүрэн зогссон байсан уу?
-Манай гадаа суулт зарлаад байсан хүмүүс «Ажил зогссон байгаа» гэж хэлж байсан бол үйлдвэрлэлийн удирдлагууд «ажил хэвийн үргэлжилж байгаа» гэсэн хариулт өгч байсан.

-ТӨХ-ны дарга Д.Сугар, ХААИС-ийн захирал Б.Бямбаа, шинээр томилогдсон захирал Б.Баттогтох нар нэг нутаг усныхан гэдэг үнэн үү?
-Үнэн. Энэ асуудал мөн ТӨХ-ны хурал дээр хөндөгдсөн. Д.Сугар дарга өөрөө Б.Баттогтохоос «Чи Өвөрхангайн Хужиртын 10 жилийг хэдэн онд төгссөн бэ» гэж асуугаад «1987 онд» гэж хариулахад нь «Би тус сургуулийг 1974 онд төгсөөд л сургууль соёлын мөр хөөгөөд явсан хүн. Би бол чамайг танихгүй юм байна.

Чи намайг таних уу» гэхэд «Би бас таныг танихгүй ээ» гэсэн зүйл хэлж байна лээ. Тэгэхээр энэ бол жирийн нэг тохиолдол таарчихлаа гэж үзэж байна.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих