ОЮУТОЛГОЙГ ТОЙРСОН ЗӨРҮҮТЭЙ МЭДЭГДЛҮҮД ХӨВӨРЧ, УИХ-Д ШИНЭ “ДУГУЙЛАН” ДУНШСАН НЬ

ОЮУТОЛГОЙГООР АМЬСГАЛСАН ДОЛОО ДАХЬ ЖИЛИЙН ХЯМРАЛ

Ухаад уналаа, уудлах гэлээ хэмээн уухичиж байсан долоон жилийн өмнөхийг бодвол Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, ажил хэрэг нь эхэлсэн бүтээн байгуулалтын нэгэн жил улирч байна. Гэрээгээ л баталчихвал бүх зүйл ОК болохоор төсөөлж байсан Оюутолгойн ордын эргэн тойронд саяхнаас шинэ дуулиан дэгдэв. Энэ нь Оюутолгойд хөрөнгө оруулагч тал санхүүгийн зах зээлд давуу эрхтэй хувьцаа гаргаж, санхүүжилт босгохоор шийдсэнээс улбаалан Монголын Засгийн газрын эзэмшил буюу монголчуудад ногдох хувь хишгийн хэмжээ 34-өөс 6.8 хувьд хүрч буурна гэсэн мэдээлэл тарсантай холбоотой.

“Монголчууд Оюутолгойн хоо хэдэн хувийг эзэмших вэ” гэсэн асуулт саяхныг болтол ганц л хариулттай байсан. Харин одоо “34 хувь маань хэвээрээ юү” гэсэн асуултын ард УИХ-аасаа эхлээд дээр доргүй тээнэгэлзэх боллоо. “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр өөр хариулт олон нийтэд хүрч байгаа нь эргэлзээг лавшруулсаар байгаа юм. Хүмүүс “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны мэдэгдэлд итгэж тайвшрахыг хүсч байгаа боловч УИХ-ын нэр бүхий зарим гишүүн 6.8 хувь болох магадлал яагаад тийм өндөр байгааг үнэмшилтэйгээр тайлбарлаж буй. Хоёр талын хэн аль нь албан ёсны гэрээний зүйл заалтыг дурдан хариуцлагатай мэдэгдлүүд цацаж байна. Зөрүүтэй мэдэгдлүүд.

Монгол Улс стратегийн ач холбогдолтой уул уурхайн төслүүдээ ашиглах анхны супер жишээ-Оюутолгойн ордын бизнесийн үйл ажиллагаа эхэлсэн даруйдаа ийнхүү дуулиан тарилаа. Монголчуудад уул уурхайн туршлага, хөрөнгийн зах зээлийн мэдлэг хараахан бүрэлдээгүй, бид яг л акулуудын дэргэдэх жараахай шиг эмзэг байна. Оюутолгой бол Монгол Улс туршлага хуримтлуулж амжих хүртэлх хэдэн арван жилийн туршид үндэсний хэмжээний сорил, хамгийн эмзэг цэг байсаар байх болно. Энэ төслийн амжилтаас Монголын эдийн засаг, нийгмийн үсрэнг үй хөгжлийн гүүр босох хүлээлттэй, нэхэл хатуу.

“ОЮУТОЛГОЙ” ХХК: 34 ХУВЬ ҮЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ

“Оюутолгой” ХХК олон нийтэд илгээсэн нээлттэй захидалдаа “Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг 6-7 хувь хүртэл буурсан мэт мэдэгдлийг хариуцлагатай албаны зарим хүмүүс гаргасан нь үнэн баримтыг гуйвуулж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д “Төр нь хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө” гэж заасан ба энэ хувь хэмжээ төсөл үргэлжлэх бүхий л хугацаанд үл өөрчлөгдөнө.

Монголын тал эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх эрхтэй” гэжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид уг төсөлд дөрвөн тэрбум ам.долларыг (5,2 их наяд төгрөг) оруулж олборлолт, үйлдвэрлэлийг эхлүүлэхээс гадна нийт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бүрэн хариуцаж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад хэрэв нэмэлт хөрөнгө шаардагдвал түүнийг дангаараа хариуцахаа гадаадын хөрөнгө оруулагчид хэллээ.

“Монгол Улсын Засгийн газрын хувь оролцооны хөрөнгийг “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд санхүүжүүлж байгаа учраас Монголын талаас бэлэн мөнгө гаргах шаардлагагүй. Энэ нь Засгийн газрын эзэмших хувь хэмжээг бууруулахгүй байх баталгаа” гэж “Оюутолгой” ХХК тайлбарлажээ.

Н.БАТБАЯР: ХУВЬЦААНЫ ХАРЬЦАА ӨӨРЧЛӨГДСӨН Л БОЛ 34 ХУВЬ БУУРНА

УИХ-ын гишүүн Н.Батбаяр ийм тооцоо хийгээд байгаа. “Хөрөнгө оруулагч санхүүжилт босгохоор 500 сая ам.долларын давуу эрхтэй хувьцаа гаргахад манай талын 34 хувь буурч 6.8 болно. Энэ тохиолдолд Монгол Улс Оюутолгойн ордоос 2021 он хүртэл ногдол ашиг огт авахгүй. Яагаад гэвэл давуу эрхтэй хувьцаа гаргасан тал хамгийн түрүүнд ногдол ашиг хүртдэг. Монголын талын давуу эрхтэй хувьцаа гаргах эрх Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хаалттай” хэмээн тэрбээр хэллээ.

Н.Батбаяр Оюутолгойн гэрээнд эргэлзэж байгаа гишүүдийг нэгтгэж, УИХ дотор бүлэг байгуулах тухай сураг сонсогдох болов. Хөрөнгө оруулалтын гэрээг батлах эсэхээр санал хураасан УИХын түүхэн хуралдаанд уг гэрээг сайжруулах шаардлагатай хэмээн эсрэг байр суурь илэрхийлсэн долоон гишүүн байсныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэмдэглэж байна. Тэрбээр “Оюутолгойн гэрээний алдааг тэр үед л засах байсан. Одоо ч цаг алдах хэрэггүй” хэмээв.

ДАВУУ ЭРХТЭЙ ХУВЬЦАА ХААНААС ГАРААД ИРЭВ

Оюутолгой төсөл агаараас санхүүжихгүй нь мэдээж. Дэлхийн санхүү, бизнесийнхний анхаарлыг татсан мега төслийн хувьд хөрөнгө мөнгө босгох үндсэн гурван арга зам “Оюутолгой” ХХК-д байгаа юм. Нэгдүгээрт, өөрийн компанийн нэрээр зээл авч болно. Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК зээл авахаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн бай – гууллагуудтай хэлэлцээ хийж байгаа. Эх сурвалжийн өгүүлс – нээр, хэлэлцээнүүд эц сийн шатандаа орсон бөгөөд удахгүй “Оюутолгой” ХХК-д зээл олгох асуудал шийдэгдэх магадлалтай болжээ. Хоёрдугаарт, хувь нийлүүлэгчид өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

“Оюутолгой” ХХК-ийн хувьд Монголын талын гаргах ёстой хөрөнгийг “Айвенхоу Майнз” бүрэн хариуцаж, бид тэдэнд 9.9 хувийн хүү төлөх гэрээтэй. Зээлийн энэ хувилбарыг аль болох хязгаарлахыг Монгол Улсын Засгийн газар хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл, зээл нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн нэр дээр бичигддэг. Энэ нь олон улсын зах зээл дээр IPO хийх “Эрдэнэс Монгол”- ын замд том саад болох нь дамжиггүй. Зээлтэй компанийн хувьцааны гүйлгээ тааруухан байдаг шүү дээ.

Гуравдугаарт, санхүүжих хувьцаа буюу давуу эрхтэй хувьцаа гаргаж болно. Давуу эрхтэй хувьцаа гаргах харилцааг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахгүй. Энэ тухай заалт Хувь нийлүүлэгчдийн гэрээнд бий бөгөөд уг гэрээ нууцын зэрэглэлтэй баримт бичигт тооцогддог юм байна. Эдгээр гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр бол, давуу эрхтэй хувьцааг санхүүжилт босгох зориулалтаар гаргаж болох бөгөөд эзэмшигч нь саналын эрхгүй, энгийн хувьцаанаас ялгаатай нь хувь нийлүүлэгчдийн хуралд ямар ч нөлөөгүй хувьцааны хэлбэр юм байна. Гагцхүү давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгийг эхний ээлжинд төлөх ёстой аж. Оюутолгойн давуу эрхтэй хувьцааны хүү 9.9 хувь байна.

Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” ХХК-иас 9.9 хувийн хүүтэй давуу эрхтэй санхүүжилтийн хувьцаа гаргаж, эдгээр 500 сая ам.долларын хувьцааг “Айвенхоу Майнз” худалдаж авна гэсэн үг юм. Энэ мөнгөөр төслөө санхүүжүүлнэ. “Оюутолгой” ХХК Монголын талд ногдол ашиг төлөхөөсөө өмнө давуу эрхтэй хувьцаагаа “Айвенхоу Майнз”-аас эргүүлэн худалдаж авах ёстой болно.

Монголын талын хувьд Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр, давуу эрхтэй хувьцаа гаргах нөхцөл хараахан бүрдээгүй байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшихийн тулд хөрөнгө оруулагчдаас зээлсэн хөрөнгөө төлж барагдуулсны дараа давуу эрхтэй хувьцаа гаргах боломжтой болох юм.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ БИЙ ЮҮ

Оюутолгойн гэрээг хуудуутай болсон эсэхийг “эчнээ” нягталж буй гишүүдийн нэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд 2009 онд гэрээг батлах үед ямар сэтгэгдэлтэй байснаа хуваалцав. Тэрбээр Засгийн газарт итгээд Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтуудыг нарийн тооцоогүй гэнэ. З.Энхболд саяхан Хувь нийлүүлэгчдийн нууц гэрээний төслийг олж аваад үзтэл хуудуутай, эсвэл мэдэн будилсан баримт бичиг шиг л санагдсан байна. Оюутолгойн гэрээг УИХ баталсан.

“УИХ-ын гишүүд гэрээний төслийг хэлэлцэхдээ илүү сайн ажиллах хэрэгтэй байсан. Гэрээг баталчихаад нэг жил болов уу, үгүй юү цуцлах тухай ярина гэвэл хариуцлагагүй хэрэг” гэж “Оюутолгой” ХХКийн Төлөөлөн удирдах зөвлөл дэх Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч П.Цагаан үзэж байна. Түүний алба нэгт Ч.Ганболд гэрээг сайжруулж, Монголын талд ашигтай болгох боломж олдоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Оюутолгой бол Монголын өмч, манай үндэсний компани шүү дээ” хэмээв.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Оюутолгой” ХХК-ийг Монголын үндэсний компани гэж бүрэн итгэлтэй хэлж чадсангүй. “Оюутолгой” ХХК хувьцаат компани байсан бол зөвхөн Монголд бүртгэлтэй, Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах байж.

“Оюутолгой бол гурван талт, хаалттай компанийн хэлбэр шүү дээ” гэж ярилаа. Оюутолгой ХХК-ийн ТУЗын хурал ирэх сард товлогдоод байгаа бөгөөд Монголын талын гурван гишүүн байр сууриа нэгтгэж эхэлжээ. Тус ТУЗ байгуулагдсанаас хойших гурав дахь хуралдаан нь болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.