Тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь

Монголын ард түмэн ний­ тээрээ тусгаар тогтнолоо батал­ гаажуулсны түүхт 70 жилийн ойг ёс төртэй тэмдэглэж байна.ЗХУын Крымын Ялта хотод 1945 оны хоёрдугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд Зөвлөлт, Америк, Англи гурван гүрний төрийн тэргүүн уулзаж, Европт дайн дууссаны дараа Зөвлөлт Холбоот Улсыг Америк, Англи улсуудтай холбоотон болж Японы эсрэг дайнд оролцох хүсэлтийг Ф.Рузвельт, У.Черчилль нар тавьжээ.

И.В.Сталинаас дараах саналыг зөвшөөрч баталгаажуулбал болно гэж хэлээд “Япон улс Гадаад Монголыг ЗСБНХУ-д халдан түрэмгийлэх түшиц болгохыг зорьж байна. Гадаад Монгол тусгаар тогтносон улс болж хэний ч эрхшээлд орохыг хүсэхгүй байна” гээд Гадаад Монгол (БНМАУ) улс, Бүрэн эрхт тусгаар улс гэдгийг танай гүрнүүд хүлээн зөвшөөрсөн нөхцөлд ЗХУ энэ дайнд оролцож болно” гэж хэлжээ.

Энэ асуудлаар И.В.Сталин Чан Кай Шитэй хэд хэдэн удаа яриа хэлэлцээр хийхэд Чан Кай Ши “Гадаад Монголын тусгаар тогтнолыг ард түмнийх нь санал хураалтын дүнгээр шийдвэрлэж болох юм” гэж зөвшөөрчээ. Энэ үед Хятад орон Японы цэргийн түрэмгийлэлд бүрэн эзлэгдсэн төдийгүй, дотооддоо иргэний дайн дэгдэж,эдийн засаг, улс төрийн хувьд сүйрлийн босгонд тулж очсон байжээ.

Ийм үед Дундад иргэн улсын Засгийн газрын төлөөлөгчид 1945 оны долдугаар сарын эхээр Москвад очиж Зөвлөлт Холбоот Улстай найрамдлын гэрээ байгуулж, “БНМАУ-ын тусгаар тогтнолыг тухайн үеийн эзэмшил нутаг дэвсгэрийн хилээр бүх ард түмний санал хураалтын дүнгээр хүлээн зөвшөөрөх”-өө илэрхийлж нот бичгээр баталж байжээ.

ЗХУ-ын Гадаад яамны сайд В.М.Молотов, Дундад иргэн улсын Гадаад явдлын яамны сайд Ван Ши Чи нар 1945 оны наймдугаар сарын 14-нд “БНМАУын тусгаар тогтнолыг Монголын ард түмний санал асуулгын дүнгээр шийдвэрлэхээр эцэслэн тогтжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Х.Чойбалсанг ЗХУ-ын удирдлага Мосвад яаралтай ирэхийг урьснаар 1945 оны долдугаар сарын 5-нд очиход И.В.Сталин хүлээн авч хоёр улсын хооронд явагдаж байгаа хэлэлцээрийн талаар мэдээлж, санал солилцон зөвлөмж өгч байжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэр­гүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-нд “Бүх ард түмний санал хураах тухай” асуудал хэлэлцээд тогтоол гаргаж, мөн оны аравдугаар сарын 10ны өдрөөс мөн сарын 20-ны өдрүүдэд “БНМАУ-ын Тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал авах ажлыг орон даяар явуулах” шийдвэр гаргаж, ард түмний санал хураах ажлыг 1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийн өглөөний 06 цагаас оройн 20 цагт багтаан явуулж, сонгуулийн эрхтэй 18 наснаас дээш насны бүх иргэн саналаа чөлөөтэй илэрхийлж гарын үсгээ бичгээр зурах буюу эрхий хурууны дардсаар баталгаажуулах шийдвэр гаргасан байна.

Тусгаар тогтнолоо дэлхий дахинд баталгаажуулах “Бүх ард түмний санал хураалтыг явуулах тухай” Улсын Бага Хурлын 76 дугаар тогтоолыг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо аравдугаар сарын эхээр хэлэлцэн дэмжиж улс төрийн шийдвэр гаргаж,Бүх ард түмний саналыг аравдугаар сарын 20-нд улс орон даяар явуулахаар шийдвэрлэж, Улсын Төв комиссыг байгуулж Комиссын даргад Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, орлогч даргад Ч.Сүрэнжав-Ерөнхий сайдын орлогч, гишүүдэд С.Янжмаа/Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөл/, Б.Ширэндэв /Намын Төв Хороо/, С.Лувсан /Засгийн газар/, Базарсад /МҮЭ-ийн Төв зөвлөл/, Рагчаасүрэн /МХЗЭ-ийн Төв хороо/, Равдан /Хувьсгалт Улаан цэргийн/, Санжаа /Хязгаарын цэргийн/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, холбогдох дүрэм, журмыг батлан, орон нутгийн удирдлагыг арга зүйгээр хангаж, зохиох арга хэмжээг сар, өдөр, цаг хугацаагаар нарийвчлан тогтоосон төлөвлөгөөтэй ажил­ лаж, орон нутагт ажиллах төлөө­ лөгчдийг томилж, энэ ажлыг орон нутагт зохион байгуулахыг аймаг хотын намын хороодод даалгажээ.

Дээрх шийдвэрийг аймгийн дарга нар аравдугаар сарын 6-нд аймгийн холбоо тогтоол, удирдамжийг бүрэн эхээр нь радиогоор дамжуулсныг бичиж авч, улс төрийн чухал арга хэмжээг нэн хариуцлагатай явуулах даалгавар авчээ. Архангай  аймгийн Намын Хорооны товчоо, Аймгийн Захиргааны тэргүүлэгчид хэрэгжүүлэх ажилд шуурхайлан Аймгийн комиссыг Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Банзрагчаар удирдуулан, гишүүдэд Л.Олдох /Аймгийн дарга/, Ч.Ханд /Эмэгтэйчүүдийн Зөвлөл/, Баянхангай /Үйлдвэрчний Зөвлөл/, Цэмбэлдорж /ажилчин/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн комиссын анхдугаар хурлыг өдөрт нь хийж, комиссын гишүүдэд сумдыг хуваарилан хариуцуулж,аймгийн комиссын гишүүд сумдтай ярилцаж, сумын комиссын дарга, гишүүдээр ажиллах хүмүүсийн нэрийг авч сумын комисс болон суманд ажиллах аймгийн төлөөлөгчдийг комиссын хурлаар баталжээ. Аймаг, сумын комиссын дарга,гишүүдийнсеминарыг аравдугаар сарын 8,9ний өдрүүдэд хийж, энэ ажлын улс төрийн ач холбогдолыг ард түмэнд ухуулж сурталчлах,санал өгөх журам, дүн гаргах аргачлалыг зааж, зурагт хуудас, ном товхимол, заавар мэтийг хуваарилан, санал хураалтын бэлтгэл хангах ажилд шуурхай оржээ. 18 наснаас дээш наснаас дээших хүн бүрийн нэрийн жагсаалт гаргаж, санал хураалтад бүрэн оролцуулах, багаас суманд, сумаас аймагт, аймгаас улсад санал хураалтын дүн мэдээ, санал хураасан хуудсыг хүргэх өртөөчилсөн хүргэгчдийг бэлтгэх зэрэг ажлыг цаг хугацаагаар нарийн зохицуулж байсан байна.

Аймаг, сум, багийн төвд ухуулга сурталчилгааны үзүүлэн, булан байгуулж Ардын хувьсгалын жилүүдэд улс, аймаг, сумынхаа мал аж ахуй, худалдаа үйлдвэр, сургууль соёл,эрүүл мэндийн амжилт, цэрэг батлан хамгаалах болон удаа дараагийн дайн байлдаанд хэрхэн оролцож тусалсан тухай өргөн сурталчилгааг явуулж байжээ. Аймаг сумын төвийн албан газар, гудамж хашаанд төрийн далбаа, дарцаг, “Төрийн тусгаар тогтнолоо хөдөлмөрчин ард түмэн нийтээрээ баталгаажуулъя” үгтэй уриа дууд­ лагуудаар өвч чимэглэжээ. Санал хураалтад орох бүх хүний овог нэрийн жагсаалтыг долоо хоногийн өмнө бичиж санал авах байранд гаргажээ.

Санал хураалтын дүнг багаас суманд, сумаас аймагт яаралтай довтолгон хүргэхээр олон тооны малчид хамгийн сайн хурдан морьдоо сойж хагсраан,арав арван км-ээр өртөөлөн буухиалж хүргэх санал санаачилга гаргаж ажилласан байна. Хүн бүрийг санал хураалтад саадгүй оролцуулахаар унаа морь, эмээл хазаарын хүрэлцээг тооцон хот айлаар нь хэн хэдэн цагт очсон байх ээлж тогтоон ажиллажээ.Амаржсан ба нярайлах дөхсөн эх, өндөр настан, өвчний учир хэвтэрт байгаа хүмүүсийн саналыг зааварт зааснаар өмнөх өдөр нь авч дуусгажээ.

Санал өгөх ажил 1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 06 цагт аймаг даяар баяр хөөртэй, ёслол төгөлдөр нэгэн зэрэг эхэлжээ. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тусгаар тогтнох эрмэлзлэлээ баталж байна уу” гэсэн асуултад саналаа монгол, түвд болон шинэ бичгээр гарын үсгээ зурж, бичиг мэддэггүй нь эрхий хурууныхаа өндгөө бэхэнд дүрж дараад зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

Архангай аймгийн төвд 14 цагт, 23 сум, 225 багт өдрийн 12 цагт багтан санал авах ажил дуусчээ. Баг ба сумын санал хураалтын дүнг хүргэхээр ардын хурлаас сонгогдсон мэдээ хүргэгчид, комиссын гишүүд санал хураалтын дүн мэдээг хүлээн аваад мориндоо мордохдоо “Та нарын хайрт төрдөө талархаж,тусгаар тогтнолыг батлан гаргасан саналыг чинь зохих газар нь энэ өдөр багтаан, саадгүй хүргэж чадна. Баяртай” гэж хэлээд буухиалан довтолгож багаас суманд, сумаас аймагт хүргэж байсан байна.

Тус аймгийн 23 сумын ардын санал хураалтын мэдээ материалыг аравдугаар сарын 21-ний өглөө бүгд багтан хүргэгдэж ирлээ гэж Аймгийн комисс мэдэгджээ. *Архангайн Архив СХ-1,Д-1,ХН-357.

Аймгийн дүнгээр санал хураал­ гавал зохих 18-аас дээш насны 37660 хүнээс саналаа өгсөн 35579 хүн “Төрийнхөө тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байна” гэж 100 хувь саналаа илэрхийлж Монгол Улсыхаа тусгаар тогтнолоо батлагаажуулахад тус аймгийнхан улс төрийн маш өндөр идэвхтэй оролцжээ. Мал тууварт явсан, жин тээсэн, амин хувийн шалтгаанаар 2081 хүн санал хураалтад оролцоогүй хэмээн Аймгийн комиссын илтгэлд бичсэн нь архивын дээрх нэгжид хадгалагдсан байна.

Энэ санал хураалтад оролцсон хүмүүсийн дөнгөж хорь хүрэхгүй хувь нь монгол, түвд, шинэ бичиг мэддэг байсан нь нам төрийн анхаарал татаж хоёр жилийн дараа “Бүх нийтийг бичиг үсэгт сургах” хөдөлгөөн явуулахаар МАХН-ын ХI их хурал шийдвэрлэж улс орон даяар их хөдөлгөөн өрнүүлж байна гэж Цэргийн Улс төрийн ажилтнууд хэлж, биднийг энэ ажилд идэвхтэй оролцохыг шаарддаг байсан юм.

“Улс төрийн тусгаар тогтнолын тухай ардын санал хураалтын дүнгийн тухай” Комиссын дарга Б.Банзрагчийн илтгэлийг аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцжээ. Улс төрийн компанит ажилд аймаг, сум, багийн хариуцлагатан, нам, эвлэлийн идэвхтнүүд улс төрийн өндөр идэвх гаргаж, ард нийтээр нэг ч хүн хоцрохгүй, үнэн сэтгэлээр оролцож өөрийн улсын тусгаар тогтнолыг батлан илэрхийлж чадсан түүхэн үйл явдал боллоо гэж дүгнэж санал хураалтын дүнг баталжээ.

Мөн өдөр аймгийн төвийн хөдөлмөрчдийн өргөн цуглаан болж комиссын дарга Б.Банзрагч илтгэл тавьж, улс төрийн нэн чухал арга хэмжээнд ард нийтээр онц идэвхтэй оролцож,баг сум аймгийн комиссууд үүргээ сайн биелүүлсэн гэж дүгнэжээ.Санал хураах ажлыг хэрхэн зохион байгуулж явуулсан тухай Улсын Төв комиссын дарга Г.Бумцэндэд Аймгийн комисс дэлгэрэнгүй тайлан илтгэл бичиж санал хураалтын түүхэн баримтыг хүлээлгэн өгчээ.

БНМАУ-ын Бүх ард түмний санал хураалтын үйл явцыг Хятадын албан ёсны төлөөлөгчид ирж хот,хөдөөд ажиглан Монголын ард түмэн тусгаар тогтнол,эх орныхоо төлөө эв санал нэгтэй байгааг, санал хураалт чөлөөтэй шулуун шударга явагдсаныг нүдээр үзэж байжээ. Хятадын Засгийн газраас 1946 оны нэгдүгээр сарын сүүлчээр хүлээн зөвшөөрч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохоор нот бичиг солилцсон байна.

Ард түмний санал хураалтыг маш богино хугацаанд,аймгийн нам захиргаа,төрийн байгууллагууд тав ч хүрэхгүй суудлын тэрэгтэй,бүх албан хэргийг морин өртөөгөөр гүйцэтгэж байсан нөхцөлд сонгуулийн насны 35,6 мянган хүний саналыг З6 цагт багтаан авч аймагт төвлөрүүлж албажуулан баталгаажуулж байсан явдал нь, өнөөгийн үсрэнгүй хөгжилтэй үед сонгуулийнхаа дүнг 2-3 хоногт багтааж гаргаж чадахгүй байдагтай жишихэд бидний ахмад үеийнхний хариуцлага,сахилга бат, ажил зохион байгуулах чадвар гайхалтай сайн байсныг өнөөгийн залуус эрэгцүүлэн бодууштай юм.

Одоогийн Цахир сумын хойд Тэрхийн эхний З00 шахам км зайтай багийн санал хураалтын дүнг маргааш өглөөний 10 цагт аймагт хүлээлгэж өгсөн,архивын баримтыг үзээд дээрх сэтгэгдэл төрж байв.Энэ санал хураалт нь Монгол Улсын түүхэнд болсон “Ард нийтийн санал асуулга” байсан юм. Улс төрийн эгзэгтэй энэ үед энэ туршлагаар “Сонгуулийн системийн тухай” санал асуултыг ард түмнээсээ маш богино хугацаанд асууж шийдвэрлэх нь төрийн тогтвортой байдал,ард түмний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Сонирхолтой үнэн баримт.

Намайг Д.Сүхбаатарын нэрэм­ жит Офицерийн сургуульд сурал­ цаж байхад 1948 оны аравдугаар сард двизоны Улс төрийн орлогч хошууч Х.Эрдэнэцогт Бүх ард түмний Тусгаар тогтнолын санал хураалтын ойг тохиолдуулж нэн сонирхолтой үнэн баримтуудыг бидэнд хэлж өгч байсан нь сэтгэлд өнө удаан хадгалагдаж ирсэн юм. Монгол Улс тусгаар тогтнолоо хэрхэн баталгаажуулсан, энэ үйл хэрэгт хэн хэрхэн оролцсон,тэд энэ тухайгаа юу ярьсныг толилуулъя.

АНУ Монгол Улсын Тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй байсан.

Манай улсын тусгаар тогтнолын тухайд АНУ тийм ч шударга, тууштай биш хандаж, янз бүрийн хэлбэрээр турших, ажиглах байдалтай олон жил хойш тавьж явсан байдаг.Үүнтэй холбогдох ганц нэг баримт сөхье.

Нэг дэх нь:

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч В.Уэльсийг 1944 оны долдугаар сарын 14-нд ирэхэд Богд уулын аманд Яармагийн дэнжийн ойролцоо том гэрт байрлуулж Х.Чойбалсан, Г.Бумцэнд нар хүлээн авч уулзахдаа улс орныхоо туулж өнгөрүүлсэн түүхэн замнал,амжилт ололт,ард түмний санаа бодол, хүсэлт, нам төрийн бодлогоо тайлбарласан гэдэг. Гандан хийд, Улсын Түүхийн музейг үзэхэд зохиолч Б.Ринчен гуай дагалдан орчуулга хийж англи, франц, орос зэрэг хэд хэдэн хэл дээр сэлгүүлэн тайлбарлаж явсан гэнэ. В.Уэльс хаана боловсрол зэмшиж олон хэл хэрхэн сурсан тухай Ринчен гуайгаас сонирхоход “Энд тэнд хэсч их, дээд сургуульд явж базаасан юмгүй ээ.

Нутаг орондоо үнсэн самбар дээр өвгөд дээдсээр хэд гурван үсэг, тоо заалгуулж сурснаас цаашгүй. Одоо тив дэлхий хэсч юу сурах нь чадал мэдэх цаг болжээ. Надаас хувь дээгүүр эрдэм чадалтай залуус олон болжээ. Над мэт нь хэл залгуулах мэт ажилтай яваа нь их юм” гэж хариулжээ.

Танай нийслэлд олон давхар барилга харсангүй хэмээн улс орны хөгжлийг ноён В.Уэльс чамлангуй хэлэхээр нь Ринчен гуай “Манай нутаг өргөн уудам, хүн ам цөөн, нэг хүнд 1.5 шоо км газар нутаг оногддог юм шүү дээ. Тэгээд ч Монгол хүн нэгийнхээ толгой дээр морь харахыг (бие засахыг) цээрлэдэг заншилтай, тиймээс олон давхар барилга барих хүсэлгүй” гэж хэлээд Америк ноёны амыг тагласан гэдэг.

Монгол орон, хүн ардын боловсролын төвшин хэр зэрэг болохыг Америк ноёнд, эгзэгтэй үед ингэж ойлгуулсан гэдэг. Ноён Уэльс монголч эрдэмтэн Оуэн Латиморыг дагуулан ирж үзсэн харснаа болон хүмүүсийн санал бодлыг ямар нэг чимэг хачиргүй сонсч явсан гэж учир мэдэх хүмүүс ярьсан гэж Улс төрийн орлогч маань хэлдэг байж билээ.

Ноён Хенри В.Уэльс төр,засгийн удирдлагуудтай уулзаж, улс орны түүх, музей, шашин, сүм хийдийн зэрэг газар, малчин ардынхаар орж, ард түмний аж байдал, нийгэм улс төрийн байдалд ажиглалт хийж, тусгаар улс байж болох эсэхийг тандсан гэдэг. Тэр буцаж очоод Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд “Гадаад Монголд ЗХУ-ын нөлөө их ч улс төр,засаг захиргааны эрх мэдэл, хяналт нь монголчуудын гарт байна.

Монголыг өөртөө нэгтгэх гэсэн Хятадын аливаа бодол биелшгүй юм” гэсэн дүгнэлт хийснээ танилцуулсан гэдэг. Тэгэвч Америк улс Ю.Цэдэнбал тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Сан Франциско хотод НҮБ-д элсэхээр 1946 оны намар очиход Чан Кай Шийн Засгийн газартай хамтарч маш хүчтэй эсэргүүцэж хориг тавьсан нь Олон улсын байгууллагын түүхэнд бичигдэн үлдсэн байна. Энэ дүгнэлтийг АНУ хүлээн зөвшөөрөөгүй олон жил болсны дараа 1990-ээд оноос хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож одоо түншийн харилцаатай болж,зүг чигийг тодорхойлогч, хоёр хөрштэй эн тэнцүү гурав дахь хөрш хэмээх болсон байна.

Хоёр дахь нь:

Бүх ард түмний санал хураалтын дүнг Чан Кай Шийн Засгийн газарт хүлээлгэн өгөх БНМАУын Засгийн газрын төлөөлөгчдийг Ерөнхий сайдын нэгдүгээр ологч дарга Ч.Сүрэнжав тэргүүлэн Чанчун хотод нисэх онгоцоор очжээ. Манай төлөөлөгчдийг тэдний Засгийн төлөөлөгчид нисэх онгоцны буудал дээр хүлээн авахдаа “Ах дүү Монголын төлөөлөгч та нар аян замдаа алжаалгүй, амар явж ирэв үү” гэж угтахад нь Ч.Сүрэнжав дарга “Тусгаар тогтносон, Бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөөлөгч бид аян замдаа алжаалгүй сайн явж ирлээ” хэмээн хэлж, ах дүү гэдэг үгээр Хятадын харьяанд хэвээрээ байгаа гэж ам алдуулах гэсэн Хятадын төлөөлөгчдийн дипломат далд санааг онгоцны буудал дээр няцааж байжээ.

Манай Засгийн газрын төлөөлөгчдийг том зочид буудалд байрлуулан янз бүрийн чихэр жимс, архи дарс, хоол хүнсээр ширээ засч Засгийн газрых нь томчуул хүлээн авчээ. Монголын төлөөлөгчид савхаар хоол идэх дадлага муутайг ажигласан тэд хоолоо юугаар хутгаж идэхийг асуухад Ч.Сүрэнжав дарга “Монгол эр хүн хутгандаа ганц савхтай явж түүгээрээ иддэгээс гадна нас шүд гүйцсэн иргэн хонины зүүн талын дөрвөн өндөр хавирганы нэгдүгээр хавиргаар хутгаж иддэг. Тийм хавирга байна уу аваад өгнө үү” хэмээн хариулж, монгол, хятад хоёр үндэстэн зан заншил өөр гэдгийг хатуухан сануулж хятад ноёдыг тэвтгэсэн гэж хамт явсан төлөөлөгчид хэлж байсан юм.

Монгол хүн өөрийн ард түмний түүх, зан заншил, ёс горимыг сахиж, туурга тусгаар улсын иргэн гэдэг нэр төрийг хаа боловч хамгаалж,үг хэлээ зөв хэлж тусгаар тогтнолоо хамгаалж явах нь дарга, цэрэг, ард бүрийн ариун үүрэг шүү гэж улс төрийн удирдагч хошууч бидэнд ярьж билээ. Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Ч.Сүрэнжав гуайн энэ үгийг хойч үеийнхэнд өртөөлүүлэх нь миний үүрэг байх ёстой.

Ч.Сүрэнжав гуай ямар нэг сургуульд сурч байгаагүй гэдэг бөгөөд хожим ЗХУ-д Коммунист Намын дээд сургууль төгссөн, хөдөөгийн малчны гаралтай, өвгөд хөгшдийнхөө сургаал, үндэснийхээ зан заншил,ёс журмыг сайн мэддэг, түүгээрээ бахархаж, дагаж хэрэгжүүлэхийг хичээдэг хүн байж дээ.

Т.ЯДАМСҮРЭН.

Төрийн хишигтэн.


URL:

Сэтгэгдэл бичих