“Рапид харш”-д байр авч, гишүүдтэй хөрш болохсон

Сүүлийн үед “Рапид харш” орон сууцны хорооллын сурталчилгаа телевизүүдээр байнга л явах боллоо. Барилгын материал нь Орос, Герман, Солонгосын чанартай эд юм байх. Ганц хадаасанд хүртэл анхаарч, чанартай байхаар барьсан гэнэ. Газар хөдлөлийн долоон баллд тэсвэртэй гэж байгаа бас. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн ард түмэндээ бэлэг барьж хийж байгаа бизнесийн нэг нь тэр хороолол юм билээ. Яг үнэн хэрэг дээрээ “Рапид харш” чанаргүй гэдгээрээ алдартай. Оршин сууж байгаа иргэд нь байнга л гомдол мэдүүлж, хажуу айлын яриа сонсогдож, хоолоо хийж байгаа айлын үнэр хамар цоргиод хэцүү байдаг гэх юм билээ. Тийм байхад эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн чанартайг нь гайхуулаад, сурталчлаад байгаа нь жинхэнэ УИХ-д суусан хүний араншин гэлтэй. Гэхдээ муу зүйлд ч бас сайн тал байдаг гэж байгаа. Бодоод байхад “Рапид харш”-д байр авч, УИХ-ын гишүүдтэй хөрш болчихвол ашигтай. Тэр дундаа мань мэт шиг улс төрийн хов живэнд дурладаг хүмүүст бүр ч сайн байхгүй юу. Санаагаар болдог бол Н.Энхбаяр, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гээд улс төрийн  хор хутгагчидтай хөрш болдог бол сайнсан. Ханын цаанаас хүний яриа сонсогддог юм чинь аяга тавьчихаад ямар хор хутгаж байгааг нь сонсохгүй юу. Зөвхөн хана гэлтгүй тааз, шалан дээрээ ч жижиг аяга тавьчихаад, оройжин сонссон шиг хэвтэнэ биз дээ. Хажуу талд Н.Энхбаярынх, нөгөө талд Ц.Нямдорж сайдынх, доод давхарт У.Хүрэлсүхийнх, дээд давхарт Н.Алтанхуяг сайдынх байна гээд бод доо. Хоёр хажуу талаа сонсч МАН, МАХН-ын хов жив, хэн хэнтэй нэгдэх, хэнийг суудлаас авч хаяхыг, хэдэн тэрбум төгрөгийн хахууль хэнд өгөхийг мэдэхгүй юу. Шалан дээрээ хэвтэж байгаад У.Хүрэлсүхийн хэнтэй уулзаж, юу ярьж байгаа, Ерөнхий сайдыг хэрхэн огцруулах төлөвлөгөө боловсруулж байгаагаас эхлээд бүх хов живийг нь сонсоно биз дээ. Тэр зуур таазнаас АН-ынхан ямар хор найруулж байгаа, хамтарсан Засгаас гарах үгүйг, сонгуулийн үеэр хэнийг тойргоос жийх мэдээлэл ирээд л. Улс төрийг зоргоороо жинхэнэ судална биз дээ. Чанаргүй барилга ийм л ид шидтэй юм уг нь. Нэг ядаргаатай нь шөнө дээрээс, доороос, хажуу талаас орны чихрах чимээ сонсогдоод унтуулахгүй байх даа. Түүнээс биш гишүүд, сайдуудтай хөрш болчихвол ч…

П.Нанзад


URL:

Сэтгэгдэл бичих