Дэд сайдууд нэгтгэж, нийлүүлэх агентлагуудыг удирдана гэнэ үү

16f7ad4607a6eddebig

Монгол Улс төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн гэдгээ 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, яам агентлагийн тоог цөөрүүлж, 3000 төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 2900 даргын цалинг 30 хувиар бууруулах, дэд сайд нарын орон тоог 2016 оны нэгдүгээр сараас байхгүй болгож төсөвт хэмнэл хийхээ мэдэгдсэн.

Б.Болор сайдын энэхүү хэмнэлтийн үр дүнд зарим нэг яам агентлагийг татан буулгаж ижил төстэй байдлаар нь нэгтгэн үйл ажиллагаа явуулах юм. Тухайлбал, гааль татвар хоёрыг нэгтгэж Орлого бүрдүүлэлтийн агентлаг, Ашигт малтмал, Газрын тосны газрыг нэтгэж Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг Статистикийн Ерөнхий газартай нэгтгэхээр болоод байгаа. Албан тушаалын энэхүү цомхотголд хэн хэзээ орох нь тодорхой бус байгаа ч 3000 залуугийн амьдрал өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэхэд хэтийдэхгүй.

Төрийн албанаас чөлөөлөгдөх эдгээр залуучуудын цаана байрны зээл, эхнэр хүүхэд, ар гэр нь бий. Тиймээс төр зүгээр л гудамжинд хөөж гаргах бус тэдний амьдралд дэмжлэг болж хувийн хэвшлийн салбарт ажиллах боломжийг хангахаа мэдэгдсэн билээ. Түүнээс гадна албан тушаалын бялуу хуваарилалтаар гурван жил тансагласан дэд сайд нарыг хаашаа шингээх вэ гэдэг юу юунаас илүүтэй намуудын толгойн өвчин болоод байгаа.

100 хүртэл саяар үнэлж дэд сайдад суулгачихаад сонгууль болохын өмнөхөн тэднийг зүгээр хөөгөөд явуулж болохгүй учраас улс төрийн намууд тэр дундаа эрх баригч намынхан энэ асуудлаар дотооддоо нэлээд зөрчилдсөн сурагтай. Эрх баригчид шагналын мөнгөө өгчихсөн хүмүүсээ хаашаа шингээх талаар удтал ярилцаад бүтцийн өөрчлөлт хийж нэгтгэж нийлүүлж буй агентлагуудад ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Орлого бүрдүүлэлтийн агентлагийн даргаар Сангийн дэд сайдыг томилох тохироо ил далд хийгдэж эхэлсэн байна. Цаашлаад Ашигт малтмал, газрын тосны газар гэх мэтээр үйл ажиллагааг нь илүү томруулж буй агентлагуудын дарга нараар халагдсан дэд сайд нар очих нь тодорхой болоод байна. Төрийн албаны бэлгэдлийн дэд сайдаас илүүтэй том агентлаг удирдах нь илүү их эрх мэдэл авч ирэх нь дамжиггүй билээ. Энэ тохиололд дэд сайдын орон тооны цомхотгол үр дүнгээ өгөхгүй гэдэг нь ч тодорхой байгаа юм.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих