Сонгууль айсуй

Сайхан инээж хаалга тогшино
Саарал утаанаас салгаж өгнө
Сэтгэлийн угаас жаргал ярих
Сонгуулын синдром ирж айсуй

Авилгал үгүй болж
Ард жаргаж амьдрах
Адгын төр цэвэрших
Ай сайхан үлгэрийн цаг аа

Бэлэн цэцэн үгтэй нэр дэвшигчийн авъяас
Болор цомоос ч гараагүй яруу найргын хөгтэй
Бүхнийг чадаж ярьдаг тэдний дэргэд
Бурхан хүртэл бөхийхөөс аргагүй

Гэрэлт ирээдүй таны гарт
Гэгээн хүсэл миний зорилго
Гэх мэтээр бурж байгаад
Гарсан хойно санах ч үгүй

Ээ хөөрхий сонгууль айсуй
Элбэрэлт төр сэрж айсуй
Эгэл түмэнд жаргал айсуй
Элийрэх тэнэгийн тоглолтын цаг аа

Гоё шүү та нар үнэхээр гоё
Ганган үгсийг гамгүй урсгана
Гэмгүй ардыг сэвгүй хуурна
Гэсэн бодол толгойд эргэлднэ

Ээлжит нэгэн сонгууль айсуй
Эвий хөөрхий үлгэрийн цаг
Эгэл ардын мунхарах цаг
Эрх барих луйврын цаг

Э. Саруулзам


URL:

Сэтгэгдэл бичих