Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ

 

Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.

Одоогийн үйлчилж буй “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 удаа шинэчлэн найруулжээ. Одоогийн хуульд мал эмнэлгийн болон малын үржлийн гэсэн хоёр өөр чиг үүрэг бүхий ажлууд холилдсон тул салбарын байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхдээ зарчмын өөр өөр байр суурьтай байдгаас зарим ажил үйлчилгээг огт гүйцэтгэдэггүй, санхүү, хөрөнгө оруулалт нь ялгавартайгаас хөгжлийн түвшин, чадавхи нь ялгаатай, олон улсын түвшинд тавигдаж буй шаардлагыг хангахад одоогийн эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх шаардлагатай зэрэг асуудлууд байгаа ажээ.

Цаашид уг хуулиар зохицуулж буй харилцааг салган Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр хуультай болох ажээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд одоогийн мөрдөгдөж буй хуульд малыг удам зүй, генийн хувьд хамгаалах чиглэлээр тусгасан харилцааг хэвээр үлдээж, хамрах цар хүрээг нь тэлж, хуулийн давхардал, хийдлийг арилгаж бүтцийг өөрчилсөн байна.Уг хуулийн төслийн үзэл баримтлал нь малыг биологийн нөөц, баялаг гэдэг талаас нь харж, түүнийг тогтвортой ашиглах, үр шим, ашгийг хүртэх, хамгаалах, судлан сайжруулах үйл ажиллагааг олон улсын конвенци, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэхэд чиглэгджээ. Мөн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүрэг, өмчийн эздийн эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчилан тогтоохыг зорьсон байна.

Энэ хуулийн хэрэглэгч нь зөвхөн малчид байхгүй бөгөөд уг хууль нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй бүх иргэд, хуулийн этгээд, малчин өрх, мал үржүүлэгийн чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлдэг мал зүйчид, зохиомол хээлтүүлгийн техникч нар, мэргэжлийн судлаачид, энэ чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоодод үйлчлэхээр томъёологдсон байна

Хууль батлагдсанаар малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээд төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөл үрийг импортлон хяналтгүй ашиглах, хянан баталгаажаагүй, удам зүйн үнэлгээ хийгдээгүй эцэг малыг дур мэдэн хээлтүүлэгчээр тавих нийтлэг дутагдлаас улбаалан монгол малын үүлдэрлэг байдал алдагдах, эрлийзжих, тэсвэр хатуужил нь буурч давжаарах, ашиг шим буурах, сүргийн бүтэц алдагдах зэргээр үүсээд буй эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээ нь тодорхой байх нөхцөл бүрдэх ажээ.

Энэхүү хууль гарснаар Монголчууд олон зуун жилийн турш мал, байгаль хоёрын харилцан шүтэлцээг хангаж мал аж ахуй эрхэлсээр ирсэн уламжлалт мэдлэг, соёлоо хүлээн зөвшөөрсөн, түүний үр шимийг тогтвортой хүртэж одоо болон ирээдүйд эдийн засгийн баялаг бүтээх эрх зүйтэй болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих